» МҮНС-гийн танилцуулга

МҮНС-гийн танилцуулга

Монгол Улсын Үндэсний Номын Сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй Монгол улсын хамгийн том номын сан бөгөөд одоогоор 5 хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Номын сангийн одоогийн бүтэц


 

Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс

Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс нь дараах гол үүргүүдийг гүйцэтгэж байна:

  1. Улсын хэмжээний бүх номын санг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах
  2. Улсын хэмжээнд мөрдөгдөх номын сангийн дүрэм журмыг боловсруулах
  3. Номын санчдыг давтан сургах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах
  4. Номын санчдад зориулсан мэргэжлийн сэтгүүл, зөвлөгөө, гарын авлагыг гаргах, хэвлүүлэх
  5. Монголчуудын бичгийн өв дурсгалыг судлах

Мэргэжлийн онол аргазүйн "Номын Санч” сэтгүүлийг жил бүр тогтмол бэлтгэн гаргаж, нэгдсэн захиалгаар орон даяар номын сангуудад хүргэдэг. Мөн түүнчлэн жилдээ 40-50 номын санд арга зүйн зөвлөгөө өгөх, аймаг нийслэлийн номын сангуудын ажлын тайлан мэдээнд судалгаа хийж товхимол гаргах, ерөнхий болон салбар номзүйн бүртгэл хийх, уншигчдын бие даан боловсроход нь туслах чиглэлээр тусгай сэдвээр санамж номзүй хийж сурталчлах, шинэ номын мэдээ сар бүр гаргах, номын сангийн програм хангамжийг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.



Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэс

Тус номын сан нь Үндэсний номын сангийн хувьд сан хөмрөгийн бүрдүүлэлтийн асуудалд онцгой анхаарч, зөвхөн ном хэвлэлээс гадна газрын зураг, үнэт ховор ном, гар бичмэл судар, угийн бичиг, хуулимал ном, микрофильм, микрофиш зэрэг хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулан бүрдүүлж сан хөмрөгөө баяжуулж байна. Мөн Монгол улсад эрт өдгөөд хэвлэгдсэн бүх төрлийн ном сонин сэтгүүлийн зайлшгүй хадгалах хувийг бүрдүүлэн архивын фондонд төвлөрүүлж байна. Жилдээ 7000 гаруй шинэ ном, хэвлэл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд, монгол судлалын номын худалдаа, ном солилцоо, нөхөн бүрдүүлэлт, бэлгийн журмаар хүлээн авч байна. 50 орны 100 гаруй номын сантай ном хэвлэл солилцох ялангуяа гадаадад хэвлэгдсэн монголын тухай ном хэвлэлийг түлхүү бүрдүүлж, эрдэмтэн судлаач, уншигчдын хүртээл болгож байна. Эдгээр ном хэвлэлээ номын сангийн дүрэм журмын дагуу ангилж данслан ажиллаж, төрөл болон үсэг дарааллын каталоги, электрон каталогийн тусламжтайгаар уншигч, хэрэглэгчдэд үйлчилж байна.

Фонд Хадгаламжийн Хэлтэс

Эдүгээ Үндэсний Номын Сангийн 3 сая гаруй хэвлэмэл болон гар бичмэл номын бүтэц бүрэлдэхүүний байдлыг харгалзан 6 хөмрөгт ангилан хувааж, уншигч, судлаачдад үйлчилж байна.

  1. Монгол судлал, гар бичмэл номын фонд: Гар бичмэл болон монголын холбогдолтой ном хэвлэлүүд, монголын хаад ноёдын угийн бичиг, монгол лам нарын сүм бум, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд болон тэдгээрийн хураангуй зэрэг монголын ард түмний оюуны сор болсон бүтээлүүд хадгалагдаж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын хүртээл болж байна.
  2. Монгол номын фонд: 160.000 орчим монгол болон кирилл бичгийн ном тус фондод хадгалагдаж, өдөр тутам уншигч, судлаачдын хүртээл болж байна. Тус фонд нь электрон каталогийн үйлчилгээнд шилжсэн.
  3. Дорно дахины ном хэвлэлийн фонд: 100.000 гаруй Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Манж хэл дээр бичигдсэн ном хэвлэлтэй.
  4. Тогтмол хэвлэлийн фонд: 200.000 орчим монгол болон гадаад орнуудын нэгж тогтмол хэвлэлтэй. Эдгээрийн дотор 1912-1915 онуудад болон хувьсгалын эхэн үед хэвлэгдсэн монголын анхны сонин сэтгүүлүүд бүрэн эхээрээ хадгалагдаж байна.
  5. Өрнө дахины фонд: 600.000 орчим орос, англи, герман, испани, болгар зэрэг олон хэлний бүх салбар шинжлэх ухааны ном хадгалагдаж өдөр тутам уншигч хэрэглэгчдийн хүртээл болж байна.
  6. Төвд номын фонд: 1 сая гаруй төвд ном судар хадгалагдаж байгаа бөгөөд монгол шунхан барын Ганжуур, Данжуур, алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн судрууд, модон болон зэс барууд байдаг. Азийн сонгодог зохиолуудыг ном сударт оруулах ACIP төслийн хүрээнд төвд ном судрын каталогийг хийж, комьютерт оруулах ажил хийгдэж байна.

Уншлага үйлчилгээний хэлтэс

Судар бичгийн хүрээлэнгийн номын сан нь нэгэнт цуглуулсан номоо нийтийн хүртээл болгохын тулд "Ховор ном судар ба бичиг дэвтэр”-ийн зүйлийг хэрэв хүн уншихыг хүсвээс тус хүрээлэнгийн газраа арван цагаас дөрвөн /арван зургаа/ цаг хүртэл сууж нэрээ тэмдэглүүлэн уншуулахаар хэлэлцэн тогтов. Судар бичгийн хүрээлэнгийн 1923 оны 11-р сарын 24-ний өдрийн 10-р хурлын дөрөвдүгээр зүйлд заасан нь уншуулах танхимыг Монгол Улсын хэмжээнд анх удаа нээсэн хэрэг байлаа.

Уншлага үйлчилгээний хэлтсийн гол зорилго нь уншигч хэрэглэгчдэд номын сангийн ном хэвлэлийг сурталчлах, хөнгөн шуурхай соёлч боловсон үйлчлэх үндсэн зорилготой. Тус хэлтэс нь 13 ажилтан, нийтийн болон төрөлжсөн 300 гаруй суудалтай 7 уншлагын танхим, хувилан олшруулах үйлчилгээ, ойрын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Уншигчдыг бүртгэж электрон үнэмлэх олгодог. Жилдээ 60-аад мянган уншигчдад 180.0 гаруй ном хэвлэл, номзүйн мэдээллээр үйлчилж байна.

Номын сан хоорондын ном солилцоог албан байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний номын сангуудтай тогтмол хийдэг.

Улсын хэмжээний ном хэвлэл сурталчлах, "Үндэсний бичиг үсгийн баяр”, "Номын яармаг” зэрэг ном, бичиг үсгийн баяр, мөн онол-практикийн бага хурал, зохиолч-уншигчдын уулзалт, лекц семинар, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг соёл олон нийтийн олон хэлбэрийн ажлыг тогтмол зохион байгуулж ном хэвлэлийг сурталчилж байна.

Уншлага үйлчилгээний хэлтэс нь дараах бүтэцтэйгээр ажиллаж байна:

  • Нийтийн уншлагын танхим нь 1923 оны 11-р сарын 24-ний өдрийн аравдугаар хурлаар уншуулах танхим нэртэйгээр үүд хаалгаа нээсэн. Жилдээ 40-өөд мянган уншигчдад 120.0 гаруй номоор үйлчилдэг. 200 хүний суудалтай, 2 ээлжээр 4 номын санч үйлчилгээг зохион байгуулан ажилладаг.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь анх 1963 онд нээгдсэн. Уг танхим нь 26 хүний суудалтай, жилдээ 5000-аад уншигчдад 20 мянга гаруй ном хэвлэл олгодог. Танхим нь эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, магиструудад диссертаци, гар бичмэл, барын ном болон монгол судлалын холбогдолтой ном зохиолоор үйлчилгээ үзүүлж байна.
  • Тогтмол хэвлэлийн уншлагын танхим нь тогтмол хэвлэлийн фондыг түшиглэн 2002 оны 3-р сард нээгдсэн бөгөөд жилдээ 2000-аад уншигчдад 10.0 гаруй сонин, сэтгүүлээр үйлчлэн, тогтмол хэвлэлээр үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгодог.Ажлын 5 өдөрт үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Интернет болон төлбөрт үйлчилгээний танхим нь жилдээ 500 гаруй уншигчдад төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг.
  • Турк номын уншлагын танхим нь Турк Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн дэмжлэгтэйгээр 2005 онд байгуулагдсан. Жилдээ 600 гаруй уншигчдад интернет, CD, ном, тогтмол хэвлэлээр үйлчилдэг. 1600-аад номын фондтой.
  • Солонгос мэдээллийн төв нь Солонгос Улсын Үндэсний номын сан, Солонгосын Олон Улсын сайн дурын байгуулллага KOIKA-гийн хөрөнгө оруулалтаар 2009 оны 11-р сарын 12-ноос нээгдэн ажиллаж нийт 3600 гаруй номтойгоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Солонгос мэдээллийн төв нь Солонгос судлалын холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалаар үйлчилж, гэрээр ном олгодог.
  • НҮБ,ЮНЕСКО-гийн уншлагын танхим : Улсын нийтийн номын санг /тэр үеийн нэрээр/ 1968 онд НҮБ-ын хадгалагч номын сан болгохоор шийдвэрлэсэн юм. Тэр цагаас эхлэн НҮБ-ын хэвлэлийн зөвлөлөөс ирүүлсэн баримт бичиг, ном хэвлэлийг номын сангийн дүрэм ёсоор цэгцэлж нийтийн уншлага, эрдэм шинжилгээний хэрэгцээнд оруулсан билээ. Түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг ЮНЕСКО-гийн чуулгануудын баримт бичиг, соёл, боловсрол бусад салбарын ном зохиолуудыг бүрдүүлэн ажиллаж байна.
  • Ойрын фонд нь уншлага үйлчилгээг хөнгөн шуурхай уншигч хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Нийтийн уншлагын танхимыг түшиглэн 2003 онд байгуулагдсан. Уг фонд нь жилдээ 40-өөд мянган ном захиалгаар уншлаганд гаргахын зэрэгцээ тавиурын номонд байрын шалгалт хийж, гэмтэлтэй номыг сэлбэн засуулж ажилладаг. Одоогийн байдлаар тус фонд нь 5000 гаруй номтой, 2 ээлжээр үйлчилж байна.
  • Номын сангийн электрон үнэмлэх нээлт "Уншигчаар бүртгүүлэх" хэсгээс уншина уу.

Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Which site visit in regular basis?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 86025675, 99116611

nadmaa@gmail.com

www.nationallibrary.mn

Copyright © 2015 The National Library of Mongolia. All right reserved.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola