Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 109 жилийн ойн баярын өдөр Монгол улсын Үндэсний номын сан МУИС-ийн багш судлаачидтай хамтран Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан өөрийн хөмрөгт буй Цэнд гүний хөрвүүлсэн нууц товчооны нэгэн хувилбарыг толилуулж байна.
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Засгийн газарт Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэх Яамны дэд сайдаар ажиллаж байсан Бодлогот гүн Цэнд 1917 онд Монголын нууц товчоог монгол бичгээр сийрүүлсэн ба мөн монгол хэлээр бүрэн орчуулжээ. Түүний энэхүү бүтээлийн хуулбар болон сийрүүлэг, орчуулга хоёрыг нь салган бичсэн хувилбар Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Буриад дахь Оросын ШУА-ийн Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, мөн Үндэсний номын сангийн сан хөмрөгт тус тус хадгалагдаж буй билээ.
Энэхүү бүтээлд уг орчуулга, сийрүүлгүүдийн хувь заяа, учир холбогдол, үнэ цэнгийн талаар тодорхой дурдсанаас гадна Монголын нууц товчооны хятад утгачилсан орчуулгыг Цэнд гүн хэрхэн монгол хэлээр буулгасныг харуулах үүднээс эхийн гэрэл зураг, түүний кирилл хөрвүүлгийг оруулсан болно.
Крилл бичигт МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч профессор Б.Түвшинтөгс хөрвүүлэн уншигч олноо хүргэж байна.