НОМЫН САНГИЙН ФОНДЫН ҮҮРЭГ, ШИНЖ ТӨЛӨВ, ТӨРӨЛЖИЛТ

Фондын гарал үүсэл

Фонд гэдэг үг нь германы "Derfond” гэдэг үгнээс гаралтай – ямарваа нэг юмны үндэс суурь гэсэн утгатай үг юм. Энэ үг нь герман хэлэнд франц хэлнээс, франц хэлэнд латин хэлнээс уламжилжээ. Латинаар "fundus” буюу суурь газар гэсэн утга илэрхийлдэг. Энэхүү фонд гэдэг үг нь бусад шинжлэх ухаанд эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн бол, харин номын сангийн салбарт 1920 иод оноос эхэлж хэрэглэгдэж иржээ.

Номын сангийн фонд бол номын сангийн суурь юм. Номын санд хуримтлагдсан ном хэвлэл нь үндэсний баялаг бөгөөд оюуны болон материаллаг үнэт зүйлс юм. Үүгээрээ хүн амын соёлын түвшингийн үзүүлэлт болдог.

Фондын үүрэг

Номын сангийн фондын гол үүрэг бол мэдээллийн үүрэг юм. Фондонд байгаа баримтуудаас шинжлэх ухаан, техник, хөдөө аж ахуй, соёлын урьд өмнөх ба орчин үеийн ололт амжилтуудын тухай мэдээллүүдийг олж, тэдгээрийг шинжлэх ухааны үйл ажиллагаа, практикт ашигтайгаар шуурхай ашиглахад эш татах боломжоор хангах явдал юм.

 

Фондын сурган хүмүүжүүлэх үүрэг

Хувь хүний дотоод үзэл бодол түүний биеэ авч явах, амьдралын зорилго-тэмүүлэл, сонирхол, ажил хөдөлмөр болон хүмүүсийн ахуйн хэм хэмжээнд шууд нөлөөлдөг. Мөн ерөнхий ба мэргэжлийн боловсролыг ямар ч түвшинд олж авах, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Уншигчдын амралт, чөлөөт цагийг үр ашигтай зохион байгуулах

Номын санд уншигч гоо зүйн таашаал хүртэхээс гадна шинэ мэдлэг олох, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөдөг. Хобби, сонирхолын дагуу мэдлэгээ өргөжүүлэхэд нь туслах.

Фондын шинж төлөв

Номын сангийн фондыг нэг систем гэж үзэж түүний шинж тэмдэгтүүдийг тогтоох нь номын сангийн фондыг зөв бүрдүүлж зохион байгуулах удирдах нөхцөлийг бүрдүүлдэг.

1. Бие даасан байдал

Номын сангийн фондыг нэг талаас нь авч үзвэл өөрийн гэсэн нүүр царайтай бие даасан систем юм. Нөгөө талаас нь авч үзвэл номын сан гэсэн нарийн системийн нэг хэсэг нь юм.

 

2. Номын фондын нээлттэй шинж төлвийг бүрдүүлэх

Фондын номын сангийн төсөв хөрөнгө, ном хэвлэлийн байдал, номын санчдын мэдлэг мэргэжил уншигчдын сонирхол зэрэг гадаад хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, гадаад орчноос ихээхэн шалтгаалдаг учраас нээлттэй систем юм.

3. Номын фонд нь динамик (хөдөлгөөн) шинж тэмдэгтэй

Шинжлэх ухаан техникийн дэвшил нийгмийн хөгжил нь номын сангийн фондыг хөдөлгөөнтэй болгоно. Шинэ номоор фондоо баяжуулж хуучин номыг фондоос хасах ажил фондод байнга хийгдэж байдаг.

4. Номын сангийн фонд нь хөдөлгөөнтэй боловч зарим талаараа тогтсон (статик) хөдөлгөөн багатай харагддаг.

Фондод байгаа мэдээлэл нь урт удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх ба хэрэгцээтэй материалыг уншигчдад өгчихөөд дахиад удаан хугацаанд ашиглагдахгүй байх жишээтэй. Энэ талаас авч үзвэл номын фонд нь статик шинж чанартай юм.

5. Номын сангийн фонд нь өөрөө өөрийгөө зохицуулж зохион байгуулах чадвартай байдаг Фондын ашиглах явцад :

— идэвхтэй ашиглагддаг

— хааяа судлагддаг

— огт ашиглагддаггүй гэсэн хэсэгт хуваагддаг.

 

6.Номын сангийн фонд нь буцах холбоотой удирдуулах систем юм.

Фонд нь удирдах ба удирдуулах эргэх холбоотой шинжүүдийг хослон агуулдаг. Учир нь фондын ашиглалтын байдлаар бүрдлийг шалгаж, татгалзал хир гарч байгаагаар бүрдүүлэлтэд өөрчлөлт хийгдэж, фондыг баяжуулж байдаг учир удирдах шинжтэй боловч гадаад хүчин зүйлүүдийн нөлөөгөөр удирдлагад автдаг учир удирдуулах шинжтэй байдаг.

7. Фонд нь магадлалын шинж тэмдэгтэй

Фондод номыг бүрдүүлэх эсвэл фондоос хасахдаа тэднээс ямар нь эрэлт хэрэгцээтэйгээр ашиглагдах ба үнэхээр шаардлагагүй гэж үзэх боломжгүй байдаг. Бүрдүүлэх ба хасалт хийх аль ч үйл явцад тохиолдлын сонголтыг хийх нь фондын бүрэлдхүүнд муугаар нөлөөлдөг.

8-рт: Фонд нь мэдээллийн шинж тэмдэгтэй.

Ном хэвлэлээр дамжуулан бүх мэдлэгийн салбарт холбогдох мэдээлэл номын сангийн фондонд агуулагдаж байдаг учир дээрх шинжтэй.

9-рт: Фондын үнэ цэнэ:

1.Фондонд уншигчдад хэрэгцээтэй мэдээлэл ямар хэмжээгээр агуулагдсанаар фондын үнэ цэнэ тодорхойлогдоно.

2. Гар бичмэл, барын, эртний ховордсон ном гэх мэт материаллаг байдлаасаа хамаарна. Уншигчдын сонирхлыг татахааргүй ном, хэвлэлүүдийг фондоос чөлөөлж, баримтууд хир цэвэр гамтай ашиглагдан номын санд хадгалагдаж байгаагаас фондын үнэт шинж дээшилнэ.

10-рт: Эмх цэгц журамтай байх

Энэ байдлыг хангахын тулд бүх номын сангууд фондоо тодорхой ангиллын дагуу зохион байгуулж байдаг.

Фондод эдгээр бүх шинжүүд бүрдсэнээр түүний үүргүүд хангагдана.

 

Фондын төрөлжилт

Номын сангийн фонд нь маш олон шинжүүдээр тодорхойлогддог.

-Фондыг үндсэн, гэрээр олгох, ойрын фонд, орон нутаг судлалын, хараагүй хүмүүст зориулсан гэх мэт байршуулан төрөлжүүлэхийг зориулалтаартөрөлжүүлэх гэнэ.

-Ихэнх номын сангийн фондонд монгол номноос гадна олон хэл дээрх хэвлэмэл ба хэвлэмэл бус баримтуудаас бүрдсэн байдаг учир фондууд хэлээртөрөлжинө.

-Номын сангийн фондууд агуулгаар төрөлжинө. /Гүн ухааны, хэл шинжлэлийн, байгалийн шинэжлэлийн/

-Фондууд хэвлэлийн төрлөөр төрөлжинө. /Номын, сонины, сэтгүүлийн, гар бичмэлийн, гэх мэт/

Тухайн номын сангийн зорилго, чиглэлтэй уялдан бүрдсэн баримт материалууд нь мэдлэгийн салбар, агуулга, хэлбэр, хэл, уншигчийн зориулалтаар төрөлжиж тэдгээр нь тус тусдаа өөр өөрийн зорилго, онцлогтой.

Үндсэн фонд

Бүрэлдэхүүний хувьд номын сангийн хамгийн том фонд бөгөөд байнга баяжигдсаар байдаг. Үндсэн фондын бүрдүүлэлтийн чанарг хүрэлцээ, номын сангийн үйлчилгээний хүрээ, үйлчлүүлэгсдийн тоо, барилга байгууламжийн багтаамж зэргээс шалтгаалан үндсэн фондоос ойрын, тусгай, лавлагааны, тогтмол хэвлэлийн зэрэг хэд хэдэн салбар фондыг бий болгон зохион байгуулна.

Ойрын фонд

Ойрын фондын онцлог нь үндсэн фондын адилаар байнга өсөн нэмэгдэхгүй, харин тодорхой хугацаанд шинэ, шаардлагатай баримт материалыг үндсэн фондоос татан авч, урьд ашиглагдсан баримт материалыг эргүүлэн өгч байдаг тул байнгын хөдөлгөөнтэй оршдог.

Гэрээр ном олгох фонд

Гэрээр олгох фондыг үндсэн фондоос хангах бөгөөд олон хувьтайгаас сонгон бий болгоно. Гэрээр ном олгох фонд нь өөрийн үйлчилгээнд тохирсон батлагдсан дүрэм, журмыг мөрдлөг болгоно. Мөн гэрээр ном олгох фондоос нүүдлийн ба зөөврийн номын санг ажиллуулж уншигч, хэрэглэгчдэд үйлчилдэг. Гэрээр ном олгох фондод гар бичмэл, барын номууд, ховор ба ховордсон ном, газрын зураг, нот, диаграмм, схем, таблиц, эрдмийн зэрэг хамгаалсан диссертаци түүний хураангуй, хэвлэмэл бус баримт материалууд, дүрслэх урлагийн бүтээгдэхүүн лавлагааны ном, сурах бичиг, тогтмол хэвлэлүүд, ганц хувь ном болон бусал номын сангаас түр хугацаагаар захиалан ирүүлсэн баримт зэргийг ямар ч номын сан шилжүүлдэггүй журамтай.

Тогтмол хэвлэлийн фонд

Номын сангийн үндсэн фондын нэг чухал салбар бөгөөд хэрэгцээ, хэмжээгээрээ томоохон фонд юм. Сонин сэтгүүлийг үсэг дараалал-он дарааллын журмаар байгуулдаг. Мөн хэлээр нь ялгаж хэл тус бүрд нь дээрх журмаар байрлуулна.

 

Бэлтгэл фонд

Номын сангийн уншлагаар олон удаа гарч, эргэлтэнд их ордог номууд элэгдэж хуучран, дахин ашиглах, сэлбэн засах боломжгүйд хүрснээр тухайн номыг фондоос хасахад хүрдэг. Иймээс уншигчийг номоор гачигдуулахгүй байхын тулд бэлтгэл фондыг ашигладаг. Мөн номын сангаас гадаад дотоодын зочид, төлөөлөгчдөд дурсгал болгох, байгууллага албан газар, номын сангийн уншигч, ажилтнууд, хувь хүмүүсийг сайшаан урамшуулах зэрэг зарлагад зориулан тусгайлан сонголт хийж бүрдүүлдэг. Иймд бэлтгэл фонд нь: уншигчдыг хэрэгцээт номоор гарчигдуулахгүй байлгах, тодорхой шалтгаанаар эргэн зарлагадах зорилготой. Бэлтгэл фондын ном ба бусад баримт нь номын сангийн ном худалдан авах 10-15 хувиас хэтрэхгүй байна.

Бэлтгэл фондонд тусад нь нэгбүрчилсэн, нэгдсэн бүртгэл ба орлого, зарлагын тусгай бүртгэлүүдийг хөтлөж тооцоог жил бүр гаргана.

Тусгай фонд

Садар самууныг эсвэл аль нэгэн шашин, шүтлэг, нам улс төрийн үзэл бодлого зэргийг хэтийдүүлэн сурталчилсан агуулгатай баримтыг фондоос ялган, тусгай байранд хадгалдаг. Үүнийг тусгай фонд гэдэг ба уул баримтуудын картыг уншигчдын каталогт тусгахгүй, зөвхөн албан хэрэгцээний каталогт тусгана. Энэ фондын ном нь үндсэн фондын нэг хэсэг учир номын сангийн нийт номын тоонд ордог бөгөөд данснаас хасдаггүй.

 

Лавлагаа-мэдээллийн фонд

Лавлагааны фондын уншлагын танхимын дэргэд эсвэл лавлагаа номзүйн аппаратын дэргэд зохион байгуулна. Уг фондыг хууль, дүрэм, зарлиг тогтоолын эмхэтгэл, нэвтэрхий толь бичиг, лавлах бичгүүд, төрөл бүрийн номзүйн лавлах зэргээс бүрдэх бөгөөд байнга шинэчлэл хийж байдаг учир тус фонд үндсэн фондын бүрэлдэхүүнд багтддаг.

 

Тогтмол хэвлэлийн фонд

Номын сангийн үндсэн фондын нэг чухал салбар бөгөөд хэрэгцээ, хэмжээгээрээ томоохон фонд юм. Сонин сэтгүүлийг үсэг дараалал-он дарааллын журмаар байгуулдаг. Мөн хэлээр нь ялгаж хэл тус бүрд нь дээрх журмаар байрлуулна.

 

Архивын фонд

Эх орны хэвлэлийн бүтээгдэхүүн бүрээс нэг хувийг авч бүрдүүлэн хойч үедээ үлдээн хадгалуулах зорилготой хөдлөшгүй фонд юм. Архивын фондод нийтэд зориулсан ном, хэвлэлээс гадна улсын нууцтай холбоотой олон гар бичмэл, хэвлэмэл ба хэвлэмэл бус материалууд хадгалагдаж байдаг учир нууц фондод тооцогдоно. Тус фондын баримт, материалууд нь үндсэн фондод хамаарагдахгүй бие даасан фонд учир тусгай данс, бүртгэл, тэмдэгтэй байна.

Солилцооны фонд

Гадаад дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном, хэвлэл солилцох зориулалтаар зохион байгуулдаг. Солилцооны фондын онцлог нь харилцаат байгууллагуудтай хийгдсэн гэрээний дагуу тэднийд хэрэгцээт ном, хэвлэлийг илгээн зарлагадаж, оронд нь өөрт хэрэгцээт ном хэвлэлийг хүлээн авч фондуудыг баяуулж байдаг өвөрмөц фонд юм.

 

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola