Ном тодорхойлох журам

Ø Номзүйн бичилтийн тухай ерөнхий ойлголт

Ø MNS 5271:2012 Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага /Стандарт/

Номзүйн бичилтийн тухай ерөнхий ойлголт

Баримтын тухай мэдээний цогцыг номзүйн бичилт гэнэ.

 

Ном үүссэнтэй бараг нэгэн зэрэг номзүйн бичилт бий болжээ. Анхны номзүйн бичилт МЭӨ 2000 онд шавар хавтанцар дээр, сүмийн чулуун ханан дээр хийгдсэн байжээ. Эдгээр номзүйн бичилтийн жагсаалтад ном зохиолын эхний мөрийг тусгасан байх бөгөөд тэр үед номын гарчиг буюу номын нэрийн үүргийг гүйцэтгэж байсан байна. Заримдаа номын зохиогчийн нэр болон түүнийг орлогчийг тусгасан байна.

Номзүйн бичилтийн арга зүйн эхлэлийг МЭӨ 250 онд эртний Грекийн эрдэмтэн, зохиолч Каллимах "Мэдлэгийн бүхий л салбараар хэн алдаршиж, тэд 120 номонд юун тухай бичсэн таблиц” нэртэй номзүйн бүтээлээр тавьжээ. Тухайлбал, хамгийн эхэнд зохиогчийг дэс дараатай тусган, нууц нэрийг дэлгэрүүлэн өгч, хэд хэдэн гарчигтай бол хамгийн зөв гэснийг нь сонгон авч, боломжтой бол бичигдсэн он, сар хугацааг тусгаж, тоон тодорхойлолтыг оруулсан байна.

 

1809 онд Санкт-Петербургийн эзэн хааны нийтийн номын сангийн захирал А.Н.Оленин ном бичилтийн дүрэм зохион, 1819 онд улам сайжруулсан нь Орос оронд номзүйн бичилтийн арга зүй бий болоход чухал нөлөө үзүүлсэн байна.

 

Манай оронд номзүйн бичилт хийхэд мөрдөх үндсэн баримт нь номзүйн бичилтийн үндэсний стандартууд болно.

2003 онд Үндэсний номын сангаас эрхлэн БСШУЯ, Соёлын дээд сургуулийн багш, мэргэжилтнүүдийн боловсруулж, Үндэсний стандартаар батлуулсан "MNS 5271:2003 Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага” стандартыг үндэслэн аудио, видео материал, нотны хэвлэлийн номзүйн бичилтийн стандартууд 2006 онд батлагдаж улмаар дээрх стандартуудад 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулан, газрын зургийн хэвлэл, бүтээлийн номзүйн бичилтийг шинээр боловсруулан батлуулсан нь одоо мөрдөгдөж байна.

 

-MNS 5271:2012 "Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”,

-MNS 5638:2012"Аудио, видео материалын номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”

-MNS 5639:2012"Нотны хэвлэлийн номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”

-MNS 6334:2012 "Газрын зургийн хэвлэл, бүтээлийн номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”

MNS 5271:2012 Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага /Стандарт/

БАРИМТЫН НОМЗҮЙН
БИЧИЛТЭНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ДҮРМҮҮД

q Номзүйн бичилт нь хэсгүүд болон толгой гарчигт нэгдсэн мэдээнээс бүрдэнэ.

q Мэдээнүүд нь стандартын жагсаалтанд заагдсан дарааллаар байрлана.

q Номзүйн бичилтийн мэдээг үндсэн ба нэмэлт гэж 2 ангилна.

Ø Үндсэн мэдээ нь баримтын тодорхойлолтыг хангах, номзүйн бичилтийн эх сурвалжид холбогдох мэдээллийг агуулна.

Ø Нэмэлт мэдээ нь баримтын агуулга, уншигчийн зориулалт, зурагт материалын тухай мэдээллийг өгнө.

 

 

Номзүйн бичилтийн хэсэг ба мэдээний өмнө дараах тэмдгүүд орно.

ТОМЪЁОЛСОН ЗААГЛАХ ТЭМДГҮҮД:

.- цэг зураас

. цэг

, таслал

: хоёр цэг

; цэгтэй таслал

/ ташуу зураас

// хоёр ташуу зураас

( ) дугуй хаалт

[ ] дөрвөлжин хаалт

+ нэмэх тэмдэг

= тэнцүүгийн тэмдэг

 

 

НОМЗҮЙН БИЧИЛТ ХИЙХ ҮНДСЭН ЗАГВАР:

 

Толгой гарчиг

Үндсэн гарчиг: Гарчигт хамааралтай бусад мэдээнүүд / Оролцогчдын тухай эхний мэдээ; Оролцогчдын тухай дараах мэдээнүүд.- Хэвлэлтийн тухай мэдээнүүд.- Хэвлэгдсэн газар: Хэвлэлийн газар, Хэвлэгдсэн он.- Хэмжээ:Зураг+ Дагалдах материал.- (Дээд гарчгийн мэдээ).- Тайлбар.- Олон улсын стандарт дугаар /ISBN/: Үнэ.- Хэвлэгдсэн тоо ширхэг.

 

ü Толгой гарчиг: Нэг ба хам зохиогчдын нэрсийг агуулна.

ü Үндсэн гарчиг: Номын нүүр хуудсанд заасан номын нэрийг авна. Нэг хэлээр хэд хэдэн нэр тусгасан бол өнгөөр эсвэл хэвлэлийн аргаар онцгойлон ялгаж тодотгосон нэрийг авна. Хэрэв ийм тодотгол үгүй бол эхний нүүр хуудсанд бичсэн нэрийг үндсэн гарчгаар авна.

ü Гарчигт хамааралтай бусад мэдээнүүд: Гарчигт хамааралтай мэдээ нь үндсэн гарчгийг тодотгон дэлгэрүүлэхээс гадна, номын зориулалтыг тодотгоно.

Гарчигт хамааралтай мэдээнд уг номын бусад гарчгууд, хэвлэлийн төрлийн тухай мэдээлэл, утга зохиолын төрөл зүйлийн тухай, номын зориулалт бусад хэлнээс орчуулсан тухай г.м мэдээллүүд орно.

ü Оролцогчдын тухай мэдээ: Уг номыг хэвлэлд бэлтгэх, хэвлэхэд оролцсон хүний тухай мэдээллийг агуулна.

Үүнд номыг бүтээхэд оролцсон зохиогч, эмхэтгэгч, редактор, орчуулагч болон бусад хүмүүсийн нэр, (нууц нэр)-ийг бичнэ.

ü Хэвлэлтийн тухай мэдээнүүд: Дахин хэвлэлт, дахин боловсруулалтын тухай, уг хэвлэлийн тусгай зориулалтын ба түүний үйлдвэрлэлтийн онцгой хэлбэрийн тухай мэдээнүүд орно.

ü Гаралтын мэдээний хэсэг: Энэ хэсэг нь ном хаана, хэзээ, ямар үйлдвэрт хэвлэгдсэн тухай мэдээллийг агуулна.

ü Тооны мэдээний хэсэг: Энэ хэсэг нь номын хэмжээ, овор, зурагтай эсэх ба уг номыг онцгой ямар материалаар хийсэн тухай мэдээллийг агуулна.

ü Тайлбар хэсэг: Энэ хэсэг нь бичилтийн бусад хэсэгт ороогүй, номын тухай нэмэлт мэдээллийг агуулна.

ü ISBN: Номын олон улсын стандарт

ü ISSN: Цуврал хэвлэлийн олон улсын стандартын дугаар

 

 

Задлаг номзүйн бичлэг

Задлаг номзүйн бичлэг хоёр хэсгээс бүрдэнэ.

 

Эхний хэсэгт толгой гарчиг, гарчиг, гарчигт хамааралтай мэдээ, оролцогчдын тухай мэдээний бүрэлдэхүүн хэсгийн тухай мэдээллүүд хамаарна.

2 дахь хэсэгт бүрэлдэхүүн хэсэгт хавсаргасан баримтын тухай мэдээллүүд орж, эхний мэдээний өмнө хоёр ташуу зураас (//) тавина. Тайлбарын өмнө цэг ба зураас (.-) тавина.

Задлаг номзүйн бичилтийн загвар

Баримтын бүрэлдэхүүн хэсгийн тухай мэдээ // Бүрэлдэхүүн хэсэгт хавсаргасан баримтын тухай мэдээ.- Тайлбар

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola