Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө


 

"Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нээлтийн

үйл ажиллагааны тайлан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг "Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ 2018 оны 5-р сарын 01-06-ны өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай болж өнгөрлөө.

"Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор энэ жил "Үндэсний бичиг үсгийн утга агуулгыг илэрхийлсэн билгэдэл бүхий логог санаачлан улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдэд нэвтрүүллээ.

"Үндэсний бичиг үсгийн баяр”-ын албан ёсны нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дүгээр сарын 4-ний 11.00 цагт Монгол улсын Үндэсний номын сангийн гадна талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Лүндээжанцан, БСШУСЯамны дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ныСоёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга н.Нарангэрэл, Бичиг соёл боловсролын төвийн дарга Д.Ганбаатар, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Зохиолч Д.Урианхай, Зохиолч Г.Аким, Чойжин ламын сүм музейн захирал Отгонсүрэн, Богдын музейн захирал Мэндсайхан болон нийслэл, орон нутгийн номын сан, ном хэвлэлийн байгууллагын төлөөллүүд, монгол бичгийн уралдаанд амжилт гаргасан оюутан, сурагчид зэрэг нийт 300 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв.

Энэ жилийн баяр маань "Үндэсний бичиг үсэг Тусгаар тогтнол” уриан дор явагдаж байгаа бөгөөд энэ жил Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ой тохиож буйг билэгшээн "Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 107 сурагч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, 17-р сургуулийн багш, зураач уран бичээч Өлзийбадрах уриаг Монгол уран бичгээр зурж үзүүллээ.

Бичиг үсгийн баярыг тохиолдуулан БСШУСЯ-ны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр Үндэсний номын сангийн Мэдээллийн сан бүрдүүлэгч Х.Түмэнбаяр, МУИС ийн багш Д.Лхагвасүрэн, Үндэсний бичгээр хөтөлдөг Викибилиг сайтыг үүсгэн байгуулагч орчуулагч Н.Гантуяа, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн багш Д.Гантуяа нарыг шагнан урамшуулав.

Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярын онцлох ажлын нэг нь Монгол улсын Үндэсний номын сангийн нэрэмжит "Ном цом” шагналыг хамт олноороо үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хошуучилсан нийтийн номын санд жил бүр олгож байхаар болсон билээ. Анхны шагналын эзнээр ажил үйлчилгээ нь тогтмолжиж, уншигч хэрэглэгчдийн тоо нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа 2 номын санг шагнахаар шийдвэрлэн Нийслэлээс Хүүхдийн төв номын сан, Орон нутгаасӨмнөговь аймгийн Нийтийн төв номын сан-г 2017 оны "Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгаруулсаныг зарлан "Ном цом”, өргөмжлөл гардууллаа.

Түүнчлэн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит "Монгол бичгийн улсын уралдаан”-ы тэргүүн байрын шагналуудыг гардуулав. Үүнд:

·Их дээд сургуулийн мэргэжлийн оюутны төрөлд: I байр - Д.Ичинхорлоо (МУБИС)

·Их дээд сургуулийн мэргэжлийн бус оюутны төрөлд: I байр - Ш.Ширнэн (МУИС)

·Мэргэжлийн багш нарын төрөлд: I байр - Г.Гэрэлмаа (Хөвсгөл Ирээдүй)

·"Цахим бичвэр” төрөлд: I байр - А.Булган (Ертөнц төв)

·Бүтээлийн төрөлд: I байр - Э.Дамдинсүрэн (Их засаг сургууль)

·Тэнхимийн нэрэмжит тусгай шагналд: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх "Хос уянга” нэгдэлийн тэргүүн Ү.Доржоо.

Мөн энэ үеэр Соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Чойжин ламын сүм музейгээс эрхлэн гаргасан хэвлэлийн дээжээс Үндэсний номын сан болон Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгт хадгалуулж, Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс Богд хааны "Алтан навчит өргөмжлөл”-ийн хэвлэмэл эхийг Богдын музейн сан хөмрөгт хадгалуулах ёслолын ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн шагналт МУГЖ Төмөрбаатар, СУИС-ийн багш МУГЖ Дэмидбаатар, УДЭТ-ын жүжигчин СТА Тогтохжаргал, УДЭТеатр студийн жүжигчин Ганбат, УДЭТ-ын залуу жүжигчин Одгэрэл болон Үндэсний урлагийн Алтай хамтлаг уран бүтээлээ толилууллаа.

Үндэсний бичиг соёлыг өдрийг тохиолдуулан өнөөдөр эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж буй оюунлаг 107 сурагчид Азхур номын их дэлгүүр "Эртний сургаалийн зохиолууд” номоор бэлэг барьсан.

"Үндэсний бичиг үсгийн баяр 2018” үйл ажиллагааны нээлтийн ёслол болон бусад арга хэмжээг МҮОНРТ бүрэн хэмжээгээр нэвтрүүллээ.

Нээлтийн ёслолоос гадна "Үндэсний бичиг үсэг – 2018” үйл ажиллагааны хүрээнд МУҮНС-д зохиогдсон гол ажлуудыг танилцуулъя.

1."Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт

 

Улсын хэмжээний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд Zotero программыг ашиглах 2 дахь шатны сургалтыг аймаг, нийслэлийн номын сангийн номзүйчдэд зориулан зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь номын сангууд нэг ижил ажлыг тал талд зэрэг хийж цаг их алдаж байгааг шийдвэрлэх, номын сангийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, лавлагаа мэдээллийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдээллийн сангаа хамтран ашиглах, номын санчдад Zotero программыг таниулах, сургах зорилготой юм. Энэ ажлын хүрээнд Үндэсний номын сан нь гэрээ байгуулсан байгууллагууддаа 30,000 гаруй бичлэгтэй мэдээллийн баазаа үнэ төлбөргүй ашиглуулж байна. Ингэж нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлсэнээрээ ерөнхий болон төрөл бүрийн салбар номзүйн бүртгэлүүд хийх, лавлагаа өгөх, мэдээлэл солилцох зэрэгт ашиглах олон давуу талтай болж байгаа юм. Мөн онцлон дуулгахад номзүйн бүртгэл, гарын авлага хийх зэрэгтээ Зотеро программаас MNS 5271:2012 гэсэн номзүйн бичилт хийх монгол стандартаа сонгон хэрэглэх боломжтой болсон байна. Энэхүү ажлыг МУҮНСан гардан хийж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л номын сан төдийгүй тус программыг ашиглаж буй уншигч, хэрэглэгч, хувь хүмүүст ч ихээхэн ач холбогдолтой ажил боллоо.

 

2. "Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол практикийн хурал

"Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурал нь хальс, чулуу, мод зэрэгт шингэсэн соёлын баримтат өвийг авч үзэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн хурлаар Үндэсний архивын газар, Үндэсний олон нийтийн радио телевиз, музейнүүд, Үнэт цаасны газрын мэргэжилтнүүд болон тэргүүлэх эрдэмтэн судлаачид сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийн талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ, мөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Үндэсний музейн мэргэжилтнүүд өнөөдөр олон улсад ашиглаж байгаа хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг бүрдүүлэх стандарт, сэргээн засварлах арга зүй, аргачлалын туршлагыг танилцуулах буюу соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах асуудлыг цогц байдлаар авч үзэн олон нийтэд хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм. Илтгэгчид доорхи сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.

 

- Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан /Үндэсний номын сангийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр/

- ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөр /ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын " Дурсамж хөтөлбөр” хариуцсан мэргэжилтэн М.Халиун/

- "Чулуун түүх”- соёлын өв /Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор проф. Го.Аким/

- Музей, архив дахь гэрэл зургийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал /Улаанбаатар хотын музейн захирал, Соёлын гавьят зүтгэлтэн С.Цацралт/

- Монгол маркийн үүсэл, өнөөгийн байдал, сан хөмрөг, хадгалалт хамгаалалт /"Монгол шуудан” ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар/

- Кино, гэрэл зураг, дуу авианы баримтат өвийн хадгалалт хамгаалалтын зарим асуудал /Үндэсний төв архивын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ph. Д.Батжаргал/

- Үндэсний номын сангийн баримтат өвийн цахим үйлчилгээ, өнөөгийн байдал /Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Д.Энхтунгалаг/

- Соёлын өвийг хадгалан хамгаалахад цахим контентийн үүрэг оролцоо /МҮОНРТ-ийн Түүх, өв уламжлалын албаны сэтгүүлч Ч.Батбаяр/

- Дуу авиа, дүрс бичлэгийн музейн судалгааны ажил (Театрын музейн жишээн дээр) /Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа/

 

3."Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн

хадгалалт хамгаалалт”сэдэвт үзэсгэлэн

"Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн хадгалалт хамгаалалт” сэдэвт үзэсгэлэн 2018 оны 5 сарын 1-6 өдрүүдэд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн "Үнэт ховор номын музей” –д зохион байгуулагдана. Уг үзэсгэлэнд Үндэсний Архивын Газар, Соёлын Өвийн Төв, Монгол Шуудан ХК зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.

Баримтат өвийн сэдэвт тэр болгон яригдаад байдаггүй үнэт өвийн нэг хэлбэр болох дүрс, дуу, авианд шингэсэн өвүүдийг сурталчлан таниулж тэдгээрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Дахин үл давтагдах эдгээр баримтат өвүүдийн тухай цэгцтэй ойлголтыг иргэдэд өгөхийн тулд Монгол улсад байгаа үнэ цэнэтэй, ховор гэж тооцогдох дүрс, дуу, авиан хэлбэрээр хадгалагдаж байгаа өвүүдийн дээжээсээ энэ үзэсгэлэнд толилууллаа. Онцлох өвүүдийг харъяа байгууллагуудын хамт доор дурдав.

МУҮНС:1973 онд Парист бичүүлсэн ардын язгуур урлагийн бичлэг, Данжуурын хальс ба микрофон, Маршал Х. Чойбалсангийн ховор гэрэл зургууд, эртний бичиг үсгийн дурсгалууд, 1943 оны сайн малчдын 2-р зөвөлгөөний тэмдэглэл, 25-р их хурлын тогтоол шийдвэрүүдийн эмхэтгэл

Үндэсний Архивын Газар:Мянган дурсгалт Орхоны хөндийн хальс, Дэлхий Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тухайд нэвтрүүлэг, 1921 оны АХ-ын партизан нарын дурсамж яриа, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан бичлэг, "Өнөөдөр өчигдөр маргааш” Үнэн сонины 90 жилийн ойд зориулсан бичлэг, Налайхын хөшөөнийхальс, эртний Монголчуудын бичиг үсгийн дурсгал

Соёлын Өвийн Төв:Архангай аймгийн Чонот хөшөөний Согд бичээс, Эрдэнэмандал сумын рүн бичээс, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дахь Тойн нурууны рүн бичээс, Дэл уулын Баруун билүүний рүн бичээс, Зүүн билүүний Хятад Монгол бичээс

Монгол Шуудан ХК: Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан "Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд төрөл бүрийн сэдэвчилсэн маркуудын цуглуулгаар үзэсгэлэн гаргасан байна, жишээлбэл: цаг үе, зэрлэг амьтад, дурсгал, ардын урлаг, хүүхэд, Буддизм, зэрлэг амьтад, эрвээхэй цэцэг гэх мэт.

 

4.Зохиолчдын фото зураг, гар бичмэлийн үзэсгэлэн

"Зохиолчдын фото зургийн үзэсгэлэн”-д Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Э.Оюун тэргүүтэй зохиолч найрагчдын бүхэл бүтэн үеийнхний зураг хөрөг, уншигчдын сэтгэл зүрхэнд хэзээд танил дотно хэвээр үлдэх ховор нандин 300 гаруй зургийн хальснаас 70 гаруй зургийг дээжлэн дижитал хэлбэрт буулган фото зургийн үзэсгэлэн хэлбэрээр уншигчдадаа хүргэлээ.

"Гар бичмэлийн үзэсгэлэн”-д Монголын нэрт зохиолч Б.Ринчен, Т.Галсан, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ш.Лувсанвандан, Ч.Ойдов, Д.Урианхай, Б.Догмид нарын зохиол бүтээлийн эх гар ноорог, хуулбар, гар бичмэл, захидал, орчуулга зэрэг нийт 500 гаруй хуудас материалууд крилл болон хуучин монгол бичгээр уншигчдын өмнө гар бичмэлийн үзэсгэлэн хэлбэрээр хүрч буйгаараа онцлогтой байлаа.

 

 

Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөөҮндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 амжилттай болж өнгөрлөө

 

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola