НОМЫН САН-НОМЗҮЙН АНГИЛАЛ

Номын сан-номзүйн ангиллын гүн ухаан-аргазүйн үндэс нь бодит зүй тогтол, хөгжлийн зарчимд тулгуурласан шинжлэх ухааны ангилал болно. Энэ нь шинжлэх ухааны тодорхой захирагдах ёсоор, ангиллын төрлүүд матери ба түүний үйл хөдлөлийн байдалтай зохицон, доороос дээш, энгийнээс хүндэд шилжин илэрхийлэгдэнэ. Номын сан-номзүйн ангилал нь завсрын, шилжилтийн шинжлэх ухаан, бүтцийн тодорхой түвшинд судлагдах шинжлэх ухааныг хамарч, шинжлэх ухааны салбарууд, ялгарлыг нэмэгдүүлэх бүхий л үйл ажиллагааг дүрслэн харуулна.

 

Түүнд зөвхөн шинжлэх ухааны зүй тогтлыг хамруулаад зогсохгүй шинжлэх ухаанаар судлагдах зүйлсийн тогтолцоог гарган өгч, гагц шинжлэх ухааны ойлголт, асуудал, зарчмын тухай бус нийгмийн амьдрал, практик үйл ажиллагаа, урлагийн төрлүүдийн тоо баримт, үйл явдлын тухай хамруулж, ном хэвлэлийн зориулалт, хэвлэлийн төрөл хэлбэрийг тусгасан байдгаараа бусад ангиллаас давуу онцлогтой.

 

Таблицийг анги, бүлгүүдэд салбарлан хуваарилахад олон янзын шалгуур үзүүлэлтүүд (судлах зүйл, судалгааны аргууд, танин мэдэхүйн зорилго, судлах зүйлийн бүтэц, найрлага, үйл ажиллагаа, харилцаа, нутаг дэвсгэр, түүхийн үеүд г.м.) тавигдана. Зарим тохиолдолд нилээд нарийвчилсан хуваарилалт хийхэд нэрсийн үсэг дараалсан хэлхээс хэрэглэгдэнэ (ертөнцийн хязгаар дахь улсын нэрсийн үсэг дараалал ба бусад). Үүнийг ННА-д харгалзан үзэж ном хэвлэлийн агуулгыг гүнзгийрүүлэн нээж өгөх боломж олгохын тулд янз бүрийн тэмдэгтийн тусламжтайгаар нэгэн адил ойлголтыг тодорхойлох боломжийг олгосон байна.

 

Номын сангийн аливаа ангилал практикт хэрэглэгдэх явцдаа бүрэн боловсрогдох, цэгцлэгдэх, хэлбэржих, нийгэм-ёс суртахууны хуучралтад шинэчлэл хийхэд тодорхой хугацааг шаарддаг. Зайлшгүй шинэтгэх асуудал нь аль ч ангилалд тохиолдох бодит зүй тогтол.

 

Шинэтгэл нь хэрэглэгчийн мэдээллийн эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангахад зориулан ангиллын тогтолцоог шинэ нийгмийн байдал, ертөнц ба хүний тухай мэдлэгийн бодит хөгжилтэй баримтын агуулгыг дүйцүүлж өгөх боловсруулалтыг агуулсан байна.

 

Ангиллын тогтолцооны шинэтгэлд таблицийн шинжлэх ухааны агуулгыг шинэчлэх, ангиллын арга барилыг сайжруулах, дарааллыг тогтоох, бүтэц заалтуудыг жигдрүүлэх, уламжлалт каталог болон мэдээлэл хайгуулын автоматжуулсан системд ашиглах боломж, дадлага туршлага зэргийг харгалзан анхаарах нь зүйн хэрэг билээ.

 

Манай номын сангийн онол практик ч энэ замыг тойроогүй бөгөөд 1990 он хүртэл хэрэглэж байсан ангиллын таблицийн дийлэнх заалтууд нь шинэ нийгмийн шаардлагад нийцэхгүй болсны улмаас тус гарын авлагад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаас гадна олон анги, бүлгийг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн.

 

Нэмэлт ба өөрчлөлтүүдийг тусган боловсруулсан таблицийн зорилго нь номын сангуудын фондод бүрдүүлж буй ном хэвлэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн төрөлжүүлж, төрөл ангийн каталог, картын санг зохион байгуулж хэрэглэгчдэд хүргэх явдал юм.

 

Номын сан-номзүйн ангиллын шинэ аргачилсан гарын авлагыг ОХУ-ын Улсын номын сангийн ННА ЭШСХэлтсийн эрдэм шинжилгээ-аргазүйн зөвлөл батлан гаргасныг 2008 онд Монгол улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд болон түүх, хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүс монгол хэлнээ орчуулан, өнөөгийн нийгэм, улс төр, шинжлэх ухааны нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, хоёр ботиор бэлтгэн хэвлүүлсэн билээ.

 

Тус ангиллын таблиц нь монголын нийт номын сангийн өдөр тутмын ажлын чухал хэрэглэгдэхүүн болж, практик үйл ажиллагаандаа ашиглан тодорхой хугацаа өнгөрөх явцад ном ангилагчид тулгарсан асуудал, санааг үндэслэн Үсэг дараалал-зүйлчилсэн хэлхээсийн эрэл хайлтад шаардлагатай нэр томьёо, түлхүүр үгүүдийг нэмж, зарим ангийн заалт, тодорхойлолтод холбогдох засварыг хийж, баяжуулсан хоёр дахь хэвлэлтээ та бүхэндээ барилаа.

 

Номын сан-номзүйн ангиллын хоёр дахь хэвлэлт нь: Удиртгал, Өмнөх үг, Оршил, Ангиллын таблицууд, Ерөнхий үлгэрчилсэн хуваарь (ЕҮХ), Нийгмийн тогтолцооны үлгэрчилсэн хуваарь (НТҮХ), Нутаг дэвсгэрийн үлгэрчилсэн хуваарь (НДҮХ); Үсэг дараалал- зүйлчилсэн хэлхээс (ҮДЗХ); Нотны хэвлэлийн ангиллын хавсралт зэргээс бүрдэнэ.

Сэтгэгдэл:

«    3-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola