Үндэсний баялагт ном хандивлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

                    2005 оны 5 дугаар сарын

            30-ны өдөр                           №124                                                 Улаанбаатар хот

 

ҮНДЭСНИЙ БАЯЛАГТ НОМ

ХАНДИВЛАХ ТУХАЙ

 

Түүхийн хараа хүрэх эрт дээр цагаас бичиг соёл, ном эрдмийг эрхэмлэж, соёл иргэншлийн гэгээн намтарт өвөрмөц дуурьсалаа үлдээсэн Монголчууд үеэс үед ном эрдмийг дээдэлж, "ном дор мөргөмүй” хэмээн адис авч, сүслэн залбирч, номын дээгүүр алхахгүй, гишгэхгүй, номыг газар хаяхгүй шүтээний байранд өргөмжлөж, эрхэмлэн уншдаг ариун ёс журамтай ард түмэн болой.

Монголчууд хэмүү,хятан, монгол бичиг үсгээс аваад руни, дөрвөлжин, тод, соёмбо, төвд, манж, ланз, хятад, латин, крилл зэрэг үсгээр, үйл, илэг,зэгс, цаас, навч, даавуун дээр номоо бичиж, есөн эрдэнээр чимэглэж зэс, мөнгө, алтан хуудас бүхий номыг урлаж, дотоод, гадаадын олон хэлээр барлаж, дармаллаж, сийлж, зүмбэрлэж, хатгамаллаж үйлдсэн чулуун ном, сударчилсан ном, дэвтэрлэсэн ном, нугалбар номын асар их өвтэй билээ.

Эдүгээ цаг дор ном туурвигчдын бүтээлийг улсын үндэсний баялаг, оюуны хөрөнгө хэмээн үзэж түмэн олонд хүртээмжтэй болгох, номыг өв санг арвижуулах, хадгалах баталгааг бэхжүүлэх талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, ард иргэдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг баимтлан зарлиг буулгах нь:

1.    Эрдэм ухаан, авъяас хөдөлмөрөө шингээж туурвисан оюуны үнэт өв болох ном бүрээсээ улсынхаа үндэсний баялагт буяны сайн санааны хувь нэмэр болгож, Үндэснийхээ номын санд 3 хүртэл номоор эрдмийн өглөг өгч заншихыг номын зохиогч, эмхэтгэгч, эрхлэгч, хэвлэгч нарт, үндэсний мэдээллийн нийтэд нээлттэй хадгаламж-номын санг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, хамгаалахад боломжоороо хөрөнгө оруулж, санхүүгийн туслалцаа үзүүлж байхыг хувийн хэвшлийн болон олон нийтийн байгууллага, ард иргэдэд тус тус уриалсугай.

2.    Ном хандивлагчид, сайн санааны туслалцаа үзүүлэгчдийг жил бүр "Номын өглөгч”-өөр өргөмжлөх, тэднийг алдаршуулах "Талархлын ном”-ыг шинээр бүтээж нийтийн хүртээл болгохыг Үндэсний номын санд зөвлөсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                 Н.БАГАБАНДИ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola