ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/821 дүгээр тушаалын хавсралт

 

ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэд, алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугчдад мэдээллийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, уншигчдын хүрээг өргөжүүлэх, нийтийн уншлагыг дэмжихэд оршино.

1.2.Журмыг Үндэсний болон төв, орон нутгийн нийтийн номын сан зөөврийн номын сангийн үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Зөөврийн номын сангийн үйлчилгээ

2.1.Зөөврийн номын сангийн үйлчилгээ гэж уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан ном болон номын сангийн үйл ажиллагааг номын сангаас гадуур иргэдэд хүргэх үйлчилгээг хэлнэ.

2.2.Үндэсний болон төв, орон нутгийн нийтийн номын сан /цаашид "номын сан” гэнэ/ нь Номын сангийн тухай хуулийн 12.3-т зааснаас бусад ном хэвлэлээр зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.

2.3.Зөөврийн номын сангийн үйлчилгээг биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугч иргэн, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тусгай цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллагад байгаа уншигчдад хүргэнэ.

2.4.Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэдзориулсан тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог ном хэвлэлийг сан хөмрөгт бүрдүүлэх ажлыг номын сан хариуцан ажиллана.

2.5.Номын сан нь зөөврийн номын сангийн үйлчилгээг зөөврийн номын сангийн үйлчилгээг авагч иргэн, хуулийн этгээд /цаашид "хүлээн авагч” гэх/-тэй гэрээг байгуулж ажиллана.

2.6.Номын сангаас нэмэлт /автомашины шатахуун, хувилан олшруулах, харилцаа холбоо гэх мэт/ зардал гарах тохиолдолд төлбөрийн хэмжээг гэрээнд тусгаж болно.

2.7.Номын сан нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй ном, хэвлэлийн нэгдсэн жагсаалтыг зөөврийн номын үйлчилгээ хүлээн авагч этгээдэд хүргүүлнэ.

2.8.Номын сан нь уншигч хэрэглэгчдээс шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй ном, хэвлэлийн судалгаа, захиалгыг авсны үндсэн дээр үйлчилнэ.

2.9.Номын сангийн ном, хэвлэлийг гэмтээх ба үрэгдүүлбэл уншигч зохих хууль, дүрмийн дагуу төлж номын санг хохиролгүй болгоно.

2.10.Номын сангийн ном хэвлэлийг зөөврийн номын сангийн үйлчилгээ хүлээн авагч "Даатгалын тухай хууль”-ийн дагуу даатгуулсан байна.

Гурав. Номын сангийн эрх, үүрэг

3.1.Зөөврийн номын сангийн үйлчилгээг хүлээн авагчтай гэрээ байгуулах, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах эрхтэй.

3.2.Зөөврийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж буй байгууллагуудтай хамтран тухайн жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллана.

3.3.Зөөврийн номын сангийн үйлчилгээний тайлан мэдээг улирал бүр гэрээт байгуулагуудаас авч үр дүнг дүгнэж ажиллана.

3.4.Төлөвлөгөөнд тусгагдсан соёл олон нийтийн ажлыг гэрээт зөөврийн номын сангуудтай хамтран зохион байгуулна.

3.5.Гэрээт зөөврийн номын сангийн үйлчилгээ хүлээн авагч байгууллагад 45 хоногт нэг удаа шаардлагатай ном, хэвлэлийн бүтээгдэхүүн хүргэнэ.

3.6.Зөөврийн номын сан ажиллуулж байгаа хувь хүн, байгууллагад уншигчидтай ажиллах ажил, бүртгэл тооцоо, сан хөмрөгийн талаар арга зүйн зөвлөгөө өгч номын сангийн анхан шатны сургалтад хамруулна. 

3.7.Зөөврийн номын сангийн үйлчилгээнд ашигладаг авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана.

Дөрөв. Зөөврийн номын сангийн үйлчилгээ авагч иргэн, байгууллагын эрх, үүрэг

4.1.Зөөврийн номын сангийн үйлчилгээ хүлээн авагчбайгууллага нь уншигчийн захиалсан ном хэвлэлийг хамтран ажиллагч номын санд захиалж үйлчлэх үүрэгтэй.

4.2.Зөөврийн номын сангийн уншигч бүрт карт нээж тэдний уншлагыг удирдана.

4.3.Уншигч зөөврийн номын сангаар нэг удаад 3 хүртэлх нэрийн номыг 10-14 хоногийн хугацаатай ном захиалж үйлчлүүлж болно.

4.4.Уншигч журмын 2.1-д зааснаас бусад сан хөмрөг болон цахим сан хөмрөгтэй танилцаж, хэрэгцээт номоо захиалах эрхтэй. 

4.5.Хүлээн авагч тал гэрээнд заасан хугацаанд ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.

4.6.Зөөврийн номын сангийн үйлчилгээ авсан тухай тайлан, мэдээг үйлчилгээ үзүүлэгч номын санд улирал тутам гаргаж өгнө.Тайлан мэдээнд уншигч, ирц, ном олголт, соёл олон нийтийн ажлын талаарх мэдээнүүд заавал тусгагдсан байна. 


 

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola