Номын сангийн байгууллагын хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудал

Сургалтын хэрэгцээ, шаардлага:

XXI зууны шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил, дэвшил, гадаад орчны эрс өөрчлөлт, түүнийг дагасан мэдээлийн нөөцийн хязгааргүй өсөлт нь Номын сан-мэдээллийн байгууллагын нийгмийн үүрэг, хэрэгцээ, үнэ цэнийг улам өсгөж байгаа билээ.

Иймээс орчин үеийн өндөр боловсролтой уншигч хэрэглэгчдэд чанартай үйлчилгээг хурдан шуурхай хүргэхийн тулд номын сангийн байгууллага өөрөө өөрчлөгдөн, шинэчлэгдэх улмаар номын санчид олон талын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг эзэмших, тасралтгүй сурч хөгжих хэрэгцээ, шаардлага нь бүхий л хэлбэрийн номын сангийн байгууллага, номын санчдын өмнө зүй ёсоор тулгарч байна.

 

Сургалтын арга зүй:

Номын сангийн байгууллага нь өөрөө нийгмийг соён гэгээрүүлэх сургалт-үйлчилгээний байгууллага юм. Тиймээс байгууллага өөрөө суралцагч, сургалтын үйл ажиллагааг төлөвлөхдөө ажилтнуудад төдийгүй хэрэглэгчид чиглэсэн хөтөлбөр боловсруулна.

Сургалтын үе шат:

1.Номын сангийн хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох;

2.Хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах;

3.Хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах;

4.Сургалтын үр дүнг тооцох, үнэлгээ хийх;

1-р үе шат. Номын сангийн хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох:

Ийнхүү сургалтын хэрэгцээг тодорхойлохын тулд дараах 3 шинжилгээг хийнэ. Үүнд:

А / Номын сангийн байгууллагын хэрэгцээний шинжилгээ;

Б / Ажил мэргэжлийн хэрэгцээний шинжилгээ;

В / Номын сангийн хүний нөөцийн хэрэгцээний шинжилгээ;

А/ Номын сангийн байгууллагын хэрэгцээний шинжилгээ:

Аливаа номын сангийн хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо тухайн байгууллагын хэтийн зорилгод хүрэх зорилтыг биелүүлэхэд номын сангийн гүйцэтгэх үүргийгтодорхойлж, түүнд шаардагдахтөсөв хөрөнгө, техник, технологи, мэдээлэл, хүн хүчний нөөцийг нарийн тооцож, номын сангийн ажилтнуудын хэнд, хэзээ, хэдий хугацааны ямар сургалт хэрэгтэй байгааг, мөн сургалтанд шаардлагатай зардлын хэмжээг тооцож төлөвлөх хэрэгтэй.

Шинжилгээ хийхдээ шууд болон шууд бус хөдөлмөрийн зардал, номын сангийн боловсон хүчний урсгал, ажил таслалт, осол гэмтэл гэх мэт олон талын мэдээллийг цуглуулж, судалсны үндсэн дээр доголдлыг арилгах арга замыг тодорхойлно.

Б/ Ажил мэргэжлийн хэрэгцээний шинжилгээ:

Мэдээлэл асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа өнөө үед номын санчийн ажил нь уншигчдадзөвхөн номоор үйлчлэх ажлаар хязгаарлагдахгүй, тэдний эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж үйлчлэхийн тулд номын санчид хэвлэмэл болон хэвлэмэл бус хэлбэрээр оршин байгаа мэдээллийн асар их нөөцийн бөөгнөрлийг ангилан системчлэх, эмхлэн зохион байгуулах, мэдээлэлд боловсруулалт хийх, уншигчдын асуусан энгийнээс эхлээд нарийн төвөгтэй олон асуултанд хариулахад бэлэн байх, тэдний нас боловсролын түвшин, эрэлт хэрэгцээнд нь тохируулан чиглүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээллээр үйлчлэхийн тулдмэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх, лавлагаа-ном зүйн мэдээллийн сан бүрдүүлэх гээд нарийн чимхлүүр ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг.

Ийм учраас одоо болон ирээдүйд номын сангийн мэргэжилтнүүд ямар мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх ёстойг урьдчилан харж, сургалт, хөгжлийн хэрэгцээг тодорхойлно.

В/ Номын сангийн хүний нөөцийн хэрэгцээний шинжилгээ:

Номын санчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ажлын чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн чанарын үнэлгээ хийсний дараа хэнд ямар ур чадвар дутагдаж байгаа, одоо ба ирээдүйд ямар сургалт хэрэгтэй байгааг тодорхойлж болно. Одоогийн ажлын байранд явуулах сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо номын санчийн хийсэн ажлыг ажлын байрны хэрэгцээний хүлээн зөвшөөрсөн хамгийн бага стандарттай харьцуулж тогтооно. Харин ирээдүйн ажилд шаардагдах хөгжлийн хэрэгцээг чадварын түвшин бүрт шаардагдах мэргэшлийн ур чадварыг үнэлэх замаар сургалтын хэрэгцээг тодорхойлно.

2-р үе шат. Хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах:

Сургалтын хэрэгцээний шинжилгээг хийсний дараа сургалтынхөтөлбөр, төлөвлөгөө боловсруулна. Энд сургалтын үндэслэл зорилго, зорилт, хичээлийн агуулга, сургалтын арга хэлбэр, зардлыг нарийн тооцохоос гадна сургалтын үр дүн, цаашид өргөжүүлэх, тасралтгүй суралцах боломжийг тусгаж өгнө. Сургалтын аргуудыг хэрэглэхэд тохиромжтой байдлаар нь:

·Номын сангийн удирдах ажилтан /захирал, эрхлэгч, арга зүйч, ахлах номын санч/

·Номын сангийн гүйцэтгэх ажилтан /ном зүйч, каталогч, үйлчилгээний номын санч, техникийн ажилтан, бусад/ нарт тохируулансонгож сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

3-р үе шат. Хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах:

Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтоос хамаарч хүний нөөцийнсургалтыг ерөнхий 3 төрөлд хуваана. Үүнд:

·Шинэ ажилтанд зориулсан сургалт

·Мэргэжил дээшлүүлэх сургалт

·Мэргэшүүлэх сургалт

Шинэ ажилтанд зориулсан сургалт: Номын сангийн үйл ажиллагааны өвөрмөц зарчим нь шинээр ажилд орж байгаа номын санчид мэдэхгүй зүйл их гардаг учраас номын сангийн дүрэм, журам, фондын бүтэц, байрлал, каталог, номзүй лавлагааны үйлчилгээ, номын сангийн техник хэрэгсэл, програм, уншигчийн бүтэц, эрэлт хэрэгцээний онцлогтой танилцуулах зорилгоор ажлын байрны чиг үүргийг танилцуулах, чиглүүлэх, дагалдан сургах, дадлагжуулах, зөвлөх аргаар тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тодорхой хугацааны сургалт явуулна.

Мэргэжил дээшлүүлэх сургалт: Номын санч нь оюуны өндөр чадамжтай үйлчлүүлэгчдэд баталгаатай эх сурвалж, мэдээллийн олон сувгийг ашиглан чанартай үйлчилгээг хүргэх үүднээс тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж тасралтгүйгээр сургаж, хөгжүүлэх шаардлагатай. Энэ сургалтыг ажлын байрнаас гадуур лекц семинар, курс дамжаа, туршлага судлах, танхимын сургалт, зайн сургалтын хэлбэрээр сургана.

Мэргэжил олгох сургалт: Номын санчдад мэргэжлийн тодорхой чиглэлээр нэмэлт мэдлэг, ур чадвар, туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт юм. Тухайлбал номын сангийн мэргэжлийн сургууль төгсөөгүй ч номын санчаар ажиллаж байгаа болон ажиллах сонирхолтой мэргэжлийн бус номын санчдыг танхимын ба зайн сургалтаар тусгайлан бэлтгэсэн сургалтын хөтөлбөртэй мэргэжлийн байгууллагад нарийн мэргэшүүлэх үйл явц юм. Энэ сургалтын онцлог нь суралцагчийн эзэмшсэн мэргэжлийг баталгаажуулж диплом, үнэмлэх олгодог.

Түүнчлэн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх сургалтыг цаг үеийн ба тогтмол сургалт, үргэлжлэх хугацаагаар нь богино, дунд, урт хугацааны сургалт гэж ангилна.

 

4-р үе шат. Сургалтын үр дүнг тооцох, үнэлгээ хийх:

Сургалтанд суусан номын сангийн ажилтнуудын хандлага, ажлын бүтээмжийн өсөлт, гүйцэтгэлийн чанарт судалгаа хийх аргаар сургалтын өгөөж, ач холбогдлыг тооцож үзнэ. Сургалтын үр дүнг үнэлэх 4 үндсэн шалгуур байдаг. Үүнд:

·Суралцагсдын сургалтыг хүлээн авсан ерөнхий байдал

·Сургалтын явцад оролцож буй идэвхи

·Хувь хүний зан төлөв, хандлага

·Сургалтын эцсийн үр дүн

Суралцагсдын сургалтыг хүлээн авсан ерөнхий байдал: Сургалтанд оролцсон номын санчдаас сургалтын хөтөлбөр, орчин, сургагчийн ур чадвар зэргийн талаар төрсөн сэтгэгдлийг асуух аргаар үнэлэлт өгдөг энгийн түгээмэл арга юм.

 

Тухайлбал:

·Тус сургалтанд суух болсон зорилго;

·Сургалтын хөтөлбөр таны зорилгод нийцэж байгаа эсэх;

·Сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, хүсэлт;

·Энэ сургалтыг бусад номын санчдад санал болгох;

·Цаашид ямар сургалт хэрэгтэй байгаа талаар асуух, ярилцах аргаар сургалтын хөтөлбөрийг үнэлнэ.

 

Сургалтын явцад оролцож буй идэвхи: Сургалтын явцын байдал, ойлгомжтой байсан эсэх, суралцагчдын оролцоо, шалгалтын материал тест, авсан үнэлгээ зэрэгт судалгаа хийх, номын санчдын сургалтанд суухаас өмнөх мэдлэг чадварыг шалгаж, сургалтын дараах үнэлгээтэй харьцуулах аргаар үр дүнг тодорхойлох

Хувь хүний зан төлөв, хандлага: Сургалтаар сурсан мэдлэг чадвараа ажилдаа хэрэглэхгүй байх нь тэр болгон сургалт муу болсон гэж дүгнэж болохгүй. Суралцагчийн мэдээлэл хүлээн авах хандлага, идэвхи, суралцсан байдалд үнэлгээ өгөх нь үр дүнтэй. Үүнд:

·Ажлын арга барилд өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажиглах;

·Ажлын гүйцэтгэлийг үнэлэх /өөрөөр нь, ижил албан тушаалтнаар, уншигчдаар, хамт олноор, даргаар/;

·Сургалтын өмнөх ба дараахь гүйцэтгэлийг харьцуулах;

·Тодорхой хугацааны дараа дахин харьцуулах;

·Эцсийн дүгнэлт гаргах;

Заримдаа ажилтнуудын зан төлөв, хандлага өөрчлөгдөхгүй байх нь бий. Иймээс номын сангийн удирдлага болон хүний нөөцийн менежерүүд нөхцөл байдалд шинжилгээ хийх, шалтгааныг тодруулах, номын санчдыг сэдэлжүүлэх, идэвхижүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах, сургалтыг ажлын нөхцөлд нь тохируулах, сургалтын зорилго ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй.

Сургалтын эцсийн үр дүн: Сургалтын үр дүнд номын санчдын идэвхи, мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжрах, ажилдаа дуртай, тогтвор суурьшилтай ажиллах, ажлын бүтээмж нэмэгдсэнээр хамгийн чухал нь уншигч, хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн үйлчилгээний чанар сайжирч, уншигчийн сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг олон эерэг үзүүлэлтээр илэрдэг.

Дүгнэлт

Сургалтын үр дүнд байгууллагад өндөр бүтээмж, чанар бий болж, байгууллагын өрсөлдөх чадвар сайжрах, улмаар ажилтнуудын ур чадвар дээшилж, ажилдаа сэтгэл ханамжтай болсноор, хүний нөөцийн тогтворжилт дээшилдэг сайн талтай.

Сурч хөгжснөөр хувь хүн ч цалин нэмэгдэх, албан тушаал дэвших боломж нээгддэг. Иймээс байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон сургалт, хөгжлийн тусгай хөтөлбөр боловсруулж, үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлэхийг хүний нөөцийн менежментийн судлаачид зөвлөж байна. Сургалт явуулаад зогсохгүй сургалтын хөтөлбөрийн эцсийн үр дүнд анхаарч, нарийн шинжлэн үнэлэлт өгөх нь дараагийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, эргэх холбоо үүсгэх, сургалтын үнэ цэнийг өсгөх ач холбогдолтой.

Номын санчдыг сургаж, хөгжүүлснээр номын сангийн үйлчилгээнд ахиц дэвшил гарч улмаар байгууллагын болон мэргэжилтнүүдийн нэр хүнд өсөх, цаашилбал ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгмийн хөгжлийг хурдасгахад тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц ач холбогдолтой.

 

Ашигласан материал:

1.Болормаа Д. Хүний нөөцийн удирдлага УБ., 2006

2.Цэзэн Ж. Номын сангийн маркетинг, менежмент УБ., 2010

3. Цэцэгмаа Ц. "Хүний нөөцийн менежмент”УБ., 2009

 

МУИС-ийн номын санч С.Найгалмаа

Mail:naigala_0216@yahoo.com

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola