"Болор цом-2015"-ын шилдэг шүлгүүд

http://www.bataar.mn/s/n/s/937118554e086aec6f3421.jpgМЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам "БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгыг алхлаа. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч "Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Хамгийн анхны жил зохиогдоход Дэндэвийн Пүрэвдорж найрагч "Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөтийн Цоодол "Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн "Шагнал” шүлгээрээ эл наадмын тэргүүн эзэд болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан түүхтэй.

Энэ удаа "Болор цом-32” наадам 2015 оны 02-р сарын 15-нд Төв аймгийн Зуунмод хотноо болж өнгөрлөө. "Болор цом”-ын эзнээр найрагч Баттөрийн Мягмаржав тодорч цом, Янжинлхам бурханаар шагнуулсан бол дэд байранд "Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар орсон юм. Харин гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн "Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц оржээ.

"Болор цом” 2015 наадамд олон яруу найрагч шүлгээ илгээснээс шилдэг 34 найрагч шалгарч шүлгээ тайзнаа уншсан аж. Шилдэг яруу найрагчдад Өвөр Монголоос ирж оролцсон хоёр яруу найрагч багтсан байна. Энэ жилийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав нь хоёр жилийн өмнө уг наадмын дэд байрт шалгарч байсан билээ.

Яруу найрагч Б.Мягмаржавын "Болор цом"-д уншсан шүлэг

Тэнгэрийн татах хүч

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм
Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би
Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм
Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм
Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?
Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид
Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бараа тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа
Талын толгойнхоо хүн чулууг мартан байж би ижийгээ үгүйлжээ
Зэгсэн толгой гудалзах намрын өглөө гаднаа буулаа
Зэлэн дундуур эргэж хотолсон сүргээ харлаа
Саадаг үнээнийх нь цаанаа ягаан алчуур цухуйна
Саальтай хормой нь дарайсаар босоод ирдэг юм биш байгаа
Өөрийн эрхгүй сэтгэл гүйн алдаад бүдэрлээ
Өвчиж төрсөн дүүгээ мартан байж би ижийгээ санажээ
Тоглож өссөн гэрийнхээ хаалгыг зүрх алдан байж татлаа
Тогоо дүүрэн сүү, сэтгэл дүүрэн гуниг мэлтэрнэ
Хүнгэнэн асах голомтоо тойрсон ахан дүүсийн дундаас
Хүүгээ үнсэх гээд босоод ирэх юм биш байгаа
Хүрд зүрдхэн эргэх хойморийн бор авдар дээр
Хүрэн торгон дээлтэй хөрөг болсныг тань мартан байж би ижийгээ санажээ
Маргашгүй үнэнийг учирлахдаа хорвоо та
Мандан жаргах нараараа өдөр болгон үглээд байхаар нь
Маргааш гэж бий гэж андуу эндүү ухаарчээ би
Ирэх буцахын жамыг учирлахдаа хорвоо та
Эргэх дөрвөн цагаараа он тоолон давтаад байхаар нь
Ирэх жил гэж бий гэж эндүү ташаа боджээ би
Мөнх бусын орчлонд ижийгээ амжиж хайрла гэж
Мөн л би хорвоо шиг үглэн давтан дуулах боллоо
Ятга шанзыг уйлуулж мянга дуулаад ч үгэнд ороогүй хүмүүнд
Яажшуухан дуулбал ижийгээ нэг амжиж хайрлах юм болоо

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola