Монголын номын сангуудын автоматжуулалтын өнөөгийн байдал ба хэтийн төлөв

Г.Баяртуяа/Санкт-Петербургийн Соёл Урлагийн

Их Сургуулийн магистрант/

"Монголын номын сангуудын автоматжуулалтын өнөөгийн байдал ба хэтийн төлөв"

 

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааны орчинг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгохын хамт нөгөө талаас технологийн дэвшил ашиглан хялбар аргаар, хурдан шуурхай үйлчлэх боломжийг номын санд нээж байна. Жилээс жилд электрон хэлбэрээр гарах номын тоо өсөхийн хэрээр тэдгээрийг унших, ашиглах, хадгалах хэрэгслүүд шинэчлэгдэн улам боловсронгуй болж уншигчдад олон сонголтууд бий болж байгаа.

Хөгжиж байгаа болон хөгжингүй ихэнхи орнууд Номын сангийнхаа хөгжлийг нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл гэж тооцон орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн, үйлчилгээ хүртэгсэд, үйлчилгээ хүргэгчдийн аль алиных нь үйл ажиллагааг хөнгөвчлөн, үйлчилгээнийхээ хүрээг улам өргөн цар хүрээтэй, цаг хугацаанаас бага хамааралтай болгож байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид Номын санг ховор хуучин, үнэт ном хадгалж байдаг газар гэхээсээ илүү сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, шинэ туршлага судлах, бодлогын асуудлаар шинэ мэдээлэл олж авах, ер нь өөрт хэрэгцээтэй оюуны тэтгэлэг авах газар гэж нэгэнт хүсэн хүлээдэг болжээ. Үйлчлүүлэгчдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд Номын сан бүрэн утгаараа үр өгөөжтэй ажиллаж байгаа гэж үзэх нь эргэлзээтэй юм.

Иймээс номын сангууд мэдээллийн нөөцөө болон хөрөнгө хүчээ хоршин ажиллах нь илүү үр дүнтэй бөгөөд эхний ээлжинд нийтийн номын сан хоорондын электрон сүлжээг байгуулж цаашид бусад номын сангууд нэгдэн орохоор зохион байгуулах нь зайлшгүй шаардлагатай.

МУ-ын Шинжлэх Ухааны Академи, Соёлын Яамны шийдвэрээр Улсын Төв Номын Сан /хуучнаар/ Улсын хэмжээний нэгдсэн каталогийг зохион байгуулах ажлыг 1988 оны 11 сард эхэлсэн. Нэгдсэн каталогт нийслэлийн, Дархан, Эрдэнэт хотын болон 18 аймгийн нийтийн номын сан мөн түүнчлэн их дээд сургууль, хүрээлэнгийн зэрэг нийт 40 номын сангийн номын каталогийг нэгтгэсэн. Үндэсний хэмжээний нэгдсэн /цаасан/ каталогийг зохион байгуулах ажлыг 1990 он хүртэл гүйцэтгэж байсан боловч Сангийн Яамнаас тус каталогийг хариуцагчийн орон тоог хассанаар энэ үйл ажиллагаа зогссон. Одоогоор номын сангууд тус тусдаа каталог зохион байгуулалт, лавлагаа номзүйн ажлыг бие даан хийж байгаа нь мэдээллийн энэ эрин зуунд өөр хоорондоо мэдээлэл солилцох ажил хаагдмал болсон.

Одоогийн байдлаар нийт МУ-ын хэмжээнд аймаг нийслэлийн нийтийн, ЕБС, төрийн өмчийн ба төрийн өмчийн бус дээд сургуулийн, албан номын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1418 номын сан байгаагийн 373 нь нийтийн төв номын сан байна.

Иймээс бидний ойрын гол зорилго нь монголын нийтийн номын сангуудын нэгдсэн электрон каталогийг бий болгож, үндэсний мэдээллийн нэгдсэн системийн үндэс суурийг тавьж орон нутгийн аймгийн нийтийн номын сангуудтай мэдээллээ солилцох ажлыг удирдахад оршино.

2001-2002 онд БСШУЯ-аас номын сангуудын үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд номын фондын баяжилт хийх, CDS/ISIS программыг нэвтрүүлэх, дохиолол, хяналтын систем суурилуулах, төрөл бүрийн сургалт, семинарыг зохион явуулсан байна. Гэвч CDS, ICS программ нь Монголын номын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй байсан тул номын сангууд өөр өөрсдийн үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон программ хангамж зохиох, бэлэн программ худалдан авах ажил эхэлсэн. Жишээ нь: L-soft, Alisa for windows, lib4u г.м.

Үндэсний номын сангийн хувьд 2001 оноос Интернэтэд холбогдсон ба сүүлийн 10 гаруй жилд гурван сая сан хөмрөгийн цаасан каталогийг цахим каталогт шилжүүлэх ажил эхлүүлж, номын сангийн автоматжуулалтын L-soft програм хангамжийг ашиглан өгөгдлийн баазаа бүрдүүлж нийт номоо зураасан коджуулж, электрон каталог зохион байгуулсан болно.

Одоогийн байдлаар тус Номын сан нь монгол гар бичмэл номын, төвд судрын, диссертацийн болон тогмол хэвлэлийн гэсэн дөрвөн төрлийн дижитал мэдээллийн сантай. Монгол түмний бичиг соёлын гол өв болох гар бичмэл, үнэт ховор номоо зүй зохистой хадгалж хамгаалж, уншигчдад түгээх нь бидний гол үүрэг учир олон төрлийн төсөл боловсруулж хэрэгжүүлдэг. Жишээ нь, Энэтхэгийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр монгол гар бичмэл номыг, Америкийн ACIP хөтөлбөртэй хамтран төвд ном судрыг тоон хэлбэрт шилжүүлсэн хэдий ч олон нийтэд ашиглуулах, үзүүлж харуулах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үйлчлүүлэгчдэд хүртээмжгүй байгаагүй. Иймд тоног төхөөрөмж нийлүүлэх шинэ төсөл бичсэн нь амжилттай хэрэгжиж, өндөр хүчин чадалтай сканер, хяналтын систем, сервер болон Үнэт, ховор номын уншлагын танхимыг бүрэн тохижуулж, ширээ бүрт touch дэлгэцтэй компьютер суурьлуулж байна..

Мөн түүнчлэн Үндэсний номын сан eIFL.net байгууллагын дэмжлэгтэйгээр 2008 онд байгуулагдсан Монголын номын сангуудын Консорциумын гишүүн болж хэрэглэгчиддээ бусад орны цахим мэдээллийн чухал сангуудыг ашиглах боломж олгохыг зорьж, OECD/Organisation for Economic Cooperation and Development/, BioOne, Кэмбрижийн Их Сургуулийн Хэвлэлийн Газар, Oxford Reference Online зэрэг гадаадынбайгууллагуудын онлайн мэдээллийн сангуудын ашиглах эрхийг олж авсан. /www.nationallibrary.mn /

Харин Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий боловсролын цогцолбор сургуулиуд, монголын томоохон их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагуудын номын санд хэрэглэгдэж байна.

Тус програм нь өгөгдлийн баазаа MSSQL дээр зохион байгуулдаг бөгөөд номын каталоги, уншигчийн бүртгэл, ном олгох үйл ажиллагааг хөтлөх боломжтой, хэрэглэгчийн цонхтой ажиллах болон вэб хандалтат интерфэйстэй бөгөөд Олон улсын номын сангийн MARC21 стандарттай тохиромжтой.

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг 1998 оноос эхэлж дотоод сүлжээг байгуулан Австралийн Softlink компанийн "Alice for Windows” программыг үйлчилгээндээ нэвтрүүлж уншигчийн болон номын мэдээллийн санг байгуулан электрон каталог зохион байгуулж, үйлчилгээндээ шинэ техник технологийг нэвтрүүлж эхэлсэн. Гэвч 2011 онд "Номын сангийн вэб систем, цахим уншлага үйлчилгээ” гэсэн шинэ төслийг хэрэгжүүлж өөрсдийн дотоод сүлжээ буюу электрон каталогоо KOHA программруу хөрвүүлсэн. Энэхүү программ нь монголд нэвтрүүлсэн 5 дахь номын сангийн программ бөгөөд Шинэ Зелландаас гаралтай юм. Koha программ уншигчийг бүртгэх, түгээлтийн тайланг шууд гаргадаг. Каталог, ном зүйн мэдээллийг хайхад хялбарчилдаг. CDISIS, Алиса, LIB4U программуудад хөрвөх боломжтой. Koha программыг монголын номын сангуудад нутагшуулах, Цогц үйлчилгээтэй ном олгох, буцаалттай тайлан гаргах, хүссэнээрээ өөрчлөх болон хэл сонгох /орос, англи, монгол г.м. 10 сая хүртэл номны мэдээлэл оруулах багтаамжтай/ боломжтой юм.

Ингэж Коха программд хөрвөснөөр, уншигч гэр, ажил, хилийн чанадаас хаанаас ч гэсэн koha.pl.ub.gov.mnэлектрон каталог ашиглаж, хэрэгтэй номоо олох боломжтой болсон.

Үүнээс гадна тус номын сан нь Билл болон Меланда Гейтсийн сангаас санхүүжүүлэн eIFL.net олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх "Нийтийн номын сангийн шинэчлэл” төслийн уралдаанд "DAISY Ярьдаг номын төвийг байгуулах нь" хэмээх төслөөр оролцон шалгарч, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2010 - 2011оны хооронд уг төслийг хэрэгжүүлсэн. DAISY (Digital Accessible Information System) гэдэг нь Мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авах систем гэсэн үг бөгөөд хараагүй хүмүүст аливаа хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар тоон хэлбэрт хөрвүүлэн мэдээлэл хүлээн авах боломжтой болгох явдал юм. DAISY стандарт нь дэлхий дахинд танигдсан техникийн стандарт бөгөөд хэвлэмэл ном болон бусад материалыг шууд унших боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авахад зориулагдсан стандарт юм.

Гэх мэтчилэн номын сангууд тус тусдаа өөр өөр программ ашиглан автоматжуулалтын ажлыг бие даан хийж байгаа нь эцсийн дүндээ харин ч илүү төсөв хөрөнгө, хүн хүч шаардсан ажил болоод байгаа юм. Иймээс хоорондоо нэгдэж, харилцан уялдаа холбоотой ажиллах шаардлага зайлшгүй тавигдаж байна.

Нийтийн номын сангийн нэгдсэн электрон каталогийг зохион байгуулах ажил нь МҮНС болон аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй нийтийн номын санд орчин үеийн үйлчилгээ нэвтрүүлэхэд чухал алхам болох юм. Хэрвээ бид энэхүү ажлыг зөв зохион байгуулж чадвал дараах үр дүнд хүрч чадна:

-Номын сангуудад хуримтлагдаж бий болсон болон шинээр ирж байгаа ном, хэвлэлийн тухай хэрэглэгч, уншигчдад үнэн, зөв, шуурхай мэдээлж, шаардлагатай материалаа богино хугацаанд авч ашиглах боломжийг бүрдүүлнэ.

-Номын сан хоорондын ажлын уялдаа холбоо, фонд ашиглалт /эргэлт/ сайжирна.

-Лавлагааны нэгдсэн электрон каталог, нэгдсэн статистик бүртгэл тооцоо хөнгөн, шуурхай болж номын сангийн үйлчилгээн дэх техник ажиллагаа эрс багасна.

-Хот, хөдөөгийн иргэд мэдээллийн технологийн суурь үйлчилгээ хүрсэн аймгийн номын сангийн үйлчилгээг авна.

-Нийтийн номын сангуудын дундын мэдээллийн сангууд бүрдэн тэдгээрийн үйл ажиллагаа нь үр ашигтай болохоос гадна үйлчилгээний чанарын шинэ стандарт бий болно.

-Номзүйн лавлагааны электрон сан байгуулан сүлжээнд холбох нөхцөл бүрдэж, зөвхөн монголчууд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид баттай мэдээллийн эх үүсвэр ашиглах боломжтой болно.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola