Рокхилл Конгрессын номын сангийн Монгол номын цуглуулгыг үндэслэсэн нь

Дэлхийн хамгийн том номын сан болох АНУ-ын Конгрессын номын сан нь зөвхөн номын тоогоороо төдийгүй нийт номын тавцангийн уртаар, газрын зураг, кино хальс, хөгжмийн бүтээл, дуу бичлэг болон бүх л салбарын цуглуулгаараа ямар ч номын сантай өрсөлдөгчгүйгээрээ ийнхүү алдрыг хүртсэн байна.

Тус номын санд 151 сая гаруй хэвлэмэл болон хэвлэмэл бус материалууд хадгалагдаж байгаагаас 66,6 сая орчим нь гар бичмэл, 34,5 сая нь 470 хэлээр бичигдсэн юм байна.

Конгрессын номын сан нь 1800 онд АНУ-ын парламентийг Вашингтон руу шинэ байранд нүүлгэх тухай ерөнхийлөгч Адамсын гарын үсэг бүхий тогтоолд "Конгресст зайлшгүй хэрэгцээтэй ном байж болно, тэдгээрийг байрлуулах зохистой өрөө бэлдэх” гэсэн ганцхан өгүүлбэр орсон нь одоогийн дэлхийн хамгийн том номын сангийн эх суурь тавигджээ. Гол зорилго нь конгрессын гишүүд мэдлэгтэй байх ёстой гэдэг үүднээс конгрессоос 5000 доллар гаргаж шинээр баригдсан Капитол ордондоо бяцхан номын сан байгуулсан байна. Уг тогтоол нь 200 гаруй жилийн өмнө гарсан хэдий ч үг үсэг болгоноороо биелж ирсэн нь энэ улсад их үйлсийг эхлэхэд нэг өгүүлбэр ганцдаггүйг харуулжээ.

АНУ-ын Конгрессын номын сангийн 2-р давхарт Азийн уншлагын танхим байх ба тэнд манай монгол ном, судрын 6000 гаруй нэг сэдэвт бүтээл, 160 орчим цуврал, 2000 гаруй микрофиш, 408 боть ховор ном хадгалагдаж байдаг ба жил бүр Монгол Улсаас, Өвөрмонголоос, Шинжаанаас ном авдаг ба ирүүлсээр номын хөмрөг баяжигдсан байна. Монголын талаар мэдээлэл өгөх энэхүү баялаг цуглуулгын хамгийн үнэ цэнэтэй хэсэг нь "Монгол ховор хуучин ном”-хэмээн бүртгэгдсэн 80 гаруй монгол судрын Ганжуур Данжуурын 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл олон Гэсэрийн туужийн нэгээхэн хэсэг нь бүртгэгджээ.

Конгрессын номын сангийн Монгол-Төвд номын мэргэжилтэн Сюзан Мэйнхэйт нь 1902 оны 11-р сард Рокхилийн бэлэглэсэн 70 орчим хуучин судар дотор хоёр гар бичмэл, нэг модон барын монгол судар байсан гэсэн ба энэхүү үйлдэл нь тус цуглуулгын үндэс болсон гэв. Тухайлбал:

Хутагт их нигүүлсэгч Цагаан лянхуа нэрт хөлгөн судар оршвай

Хутагт Ихэд Тонилгогч хамаг зүгүүдэд дэлгэрсэн гашуудан гэмшихээр

хилэнцийг арилгаж, Бурхан болгон бүтээхүйеэ сайтар зохиосон нэрт

хөлгөн судар

Гэгээн толь оршвай – хэмээх энэхүү гурван судрын дотроос "Хутагт Ихэд Тонилгогч” гар бичмэл судар нь бичгийн хэв нь уран сайхан төдийгүй торгоор урласан бурхдын дүрээр судраа чимэглэсэн нь үнэт бүтээлд тооцогдож байна. Судрын төгсгөл үгийг сийрүүлбэл: "Цагагчин таулай жилүн дөрбэн сарайин арбан гурбанду тэгүсбэ. Сарандари, Дашичидан ядан судурлан бичибэй.Мэргэд үзэж дутагу буюу нэм, илэгү буюу зас” гэсэн байна.

Рокхилл эдгээр судруудыг 1884-1901 оны хооронд Төвд, Монгол нутгаар явахдаа олж авсан гэснээс үзэхэд Ихэд Тонилгогч судрыг бичсэн цагаагчин туулай жил нь Бадаргуулт төрийн 17-р буюу 1891 оны цагаагчин туулай жил бололтой.

Рокхиллийн бэлэглэсэн судрууд дотор монгол, төвд давхар гарчигтай судрууд нилээд байсан ба "Зүүдний утгыг сайтар номлосны цагаан шилийн толь хэмээх оршвай” гэсэн тэл хэлт1судар, "Зүрхний харанхуйг арилган айлдагч мянган нарны гэрэл оршвай” хэмээх төвд-монгол толь бичиг байсан байна. Мөн Рокхиллийн орчуулснаар "The Great Sun making all words clear or the Sea of Words” хэмээх төвд-монгол толь бичиг, нэр нь орхигдсон шунхан барын нэг сударт 10 хуудас монгол-төвд тэл хэлт тайлбар, 100 хуудас Бурхад, Архад, Бодисатва нарын дүр бүхий судрын тайлбарыг Жанжаа Ролбийдорж бичсэнийг тэмдэглэсэн байна.

Ийнхүү хоёр хэлээр бичигдсэн судрыг төвд ном гэсэн нэрийн дор бүртгэсэн байгааг мөн монгол ном хэмээн бүртгэх нь зүйтэй болов уу. Манай хэл шинжлэлийн, түүх, соёлын эрдэмтэдийн судалгааны хамгийн сонирхолтой хэрэглэгдэхүүн байх магадлалтай юм.

Ийнхүү Рокхиллийн бэлэглэсэн судар номоор сууриа тавьсан Монгол ховор судрын цуглуулга арвижиж Конгрессын номын сангийн хамгийн үнэтэй, хүндтэй баримт болж дэлхийн олон эрдэмтэн судлаачид уншигчдад Монголын хэл соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа нь бахдалтай байна.

------------------------------------------------------------------------------------------------------

 

"тэл хэлт1”хоёр хэлтэй гэж утгачлан орчуулж тэртээх зуунаас хэрэглэж ирсэн байна.

 

Эх бичвэрээс нь товчлон толилуулсан: Отгонтэнгэр их

сургуулийн номын сангийн эрхлэгч Б.Энхжаргал

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola