Британы номын сан бол оюуны соёлын нэг гайхамшиг

Хүн төрлөхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ ном судар амилуулж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеээрээ дамжуулан уншиж, сурч боловсордог жамтай. Ямар ч номын сангийн хамгийн энгийн ойлголт бол хүний оюун ухааны бүтээлийг уншигчдад, ерөөсөө хүмүүст хүргэх эрхэм зорилготой. Монголчууд хэдийгээр нүүдэлчин улс хэдий ч дэлхийд гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгүй хадгалж, уншиж дэлхийн олон оронд ном соёлыг тарааж түгээж ирсэн сайхан уламжлалтай, ном эрдмийн эрхэм соёлтой ард түмэн.

Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж номоор дүүргэх нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийн томоохон төвүүд болох Лондон, Вашингтон, Египт, Москва, Чех, Токио, Вена, Парис, Будапешт, Бээжингийн номын санд монгол хүний оюун ухаанаар бүтсэн ном бүтээл бүхнээс илгээж тэнд хадгалагдаж байх ёстойг мартаж болохгүй юм. Ер нь номын санг үйлчилгээний хүрээ зориулалтаар нь үндэсний нийтийн, академик буюу их сургуулийн гэж гурав ангилдаг.

Орчин үеийн номын сангууд сая сая ном, уншигчийн тоо, тоног төхөөрөмж, електрон цахим сүлжээний боломж хэдэн сая мегабайтын дүрс, дууны бичлэгээрээ хадгалж байгаа сая сая шуудангийн маркаараа, уран зургийн цуглуулга, фото зураг, гар бичмэл, газрын зураг, патентийн тоогоороо уралддаг. Британий номын сан 1753 онд Британийн Музейн нэг хэсэг болон байгуулагдсан бөгөөд дэлхийн 10-аас дээш сая номтой найман номын сангийн аман хүзүүнд бичигддэг юм.

Дэлхий дээр 30 саяас дээш номтой номын сан одоохондоо байхгүй байгаа юм байна. Британий номын санд дэлхийн гол гол хэлээрх 18 сая ном, найман сая шуудангийн марк, дугтуй, МЭӨ 300 жилээс өнөөдрийг хүртлэх бүх сонин эдгээр бүх сонины микрофиш фото зураг, 310 мянган боть гар бичмэл, 59 сая патент дөрвөн сая газрын зураг, 260 мянган төрлийн сэтгүүл хадгалагдаж, ашиглагдаж байна.

Шинэ ном материал авахад жилд 10 сая фунт стерлинг зарж 3 сая ном авч байгаагаас Азийн номд 130 мянган фунт стерлинг төсөвлөдөг ажээ. Номын тавиурыг уртааш нь авч үзвэл 625 км-т хүрсэн бөгөөд өдөрт 44 метрээр, жилд 12 км-ээр уртасдаг. 2008 онд 3.5 сая хүн вэб сайтад нь хандсан нь урд жилийнхээс 36 хувиар ахисан аж. Цахим каталог 30 сая болж, ажлын өдөр бүр 15 мянган шинэ эрдэм шинжилгээний өгүүлэл шинээр цахим хэлбэрээр онлайн хэрэглэх бололцоотой болдог. Энд дэлхийн анхны газрын зураг Магна карт, Ленардо да Винчийн тэмдэглэлийн дэвтэр, " Таймс” сонины 1788 оны 3-р сарын 18-нд гарсан анхны дугаар, " Битлз” –ийн гар бичмэлүүд Нельсон Манделагийн дуу хоолойн бичлэг зэрэг олон зуун нандин хэрэглэгдэхүүн эхээрээ хадгалагдаж байна. Британийн номын сангийн барилга тус улсын уран барилгын ХХ зууны нэг шилдэг шийдэл болсон бөгөөд газарт 25 метр гүн барьж, 112 мянган ам метр талбайд газраас дээш ес, доош таван давхар барьсан ажээ.

Үүнд 180 мянган тонн шороо чулуу, 10 сая тоосго орсон. Эл номын ордон 200 жилийн түүхтэй, 25 сая номтой АНУ-ын Вашингтон дах Конгрессийн номын сангийн дараа, 140 жилийн түүхтэй, 17 сая номтой Оросын улсын номын сангийн өмнө ордог. Азиас японы үндэсний номын сан 9.2 сая, Хятадын үндэсний номын сан 9.0 сая номоороо дэлхийд эхний 10-т ордог аж. Эдгээр номын сангууд нь 800-4600 хүртэл ажилтантай, жилийн төсөв нь 12-400 сая хүртэл ам. Доллар байдаг аж. Жилийн 900 сая ам. Долларын зарлагаараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны номын сан дэлхийд хамгийн өндөр төсөвтөй номын санд тооцогддог аж.

Дэлхийд алдартай эдгээр номын сангуудад дэлхийн 400 –гаад хэлээрх бүтээл хадгалагддаг бөгөөд монголчуудын хийж бүтээсэн ном судар хаа сайгүй бий. Ер нь монголоос дэлхий даяар хамгийн их тарсан зүйлийн нэг бол монгол ном гэж хэлж болох юм. Учир нь дэлхийн томоохон номын сангуудын монгол номын каталогийг тухайн орных нь болон бусад орны эрдэмтэд аль хэдийнэ хийж гаргасан байдгаас ийн хэлэх бүрэн үндэстэй юм.

Британийн номын санд монгол хэлээрх нэлээд тооны гар бичмэл, ном бүтээл хадгалагдаж байгаагаас "Арван түмэн шүлэгт ном”, " Бодь мөрийн зэрэг”, "Ламрин ченбо”, "Сонсоод ихэд тонилгогч нэрт хөлгөн судар”, "Чухал хэрэглэгч төгс утгын шастир оршивой”, "Хутагт ихэд тонилгогч зүгүүдээр дэлгэрсэн гашуудан гэмшихээр хилэнцийг арилгаад, бурхан болгон бүтээх тийн бөгөөд зохиосон нэрт их хөлгөн сударзэрэг буддын шашны ном, "Авах гээхийг ялгасан судар”, "Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж”, "Бигармижид хааны тууж”, "Цагаан өвгөн нэрт судар”, "Гал тахих судар”, "Дууны аймаг”, " Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь” зэрэг хэл, утга зохиол, соёл, түүх, шашин, эмнэлэгийн сонин содон ном олон байгааг орчин үеийн ном хадгалах стандартын дагуу дээд зэргээр нандигнан хадгалж байна. Эдгээр ном судрын ихэнхи нь Ангилаас Монголд очиж байсан жуулчин, аялагч, шашны номлогч нарын гараар дамжиж ирсэн нь тэдний бичиж үлдээсэн тайлбар сэлтээс ил байх бөгөөд хэзээ, хаанаас хэнээс авсан, хэдэн он хүртэл хаана хадгалж байсан зэргээ тов тодорхой бичээд номын санд өгсөн нь бүгд тодорхой байна. Харин сүүлийн 20-иод жилд тэнд Монгол улсад хэвлэгдсэн ном харьцангуй бага очсон бөгөөд энэ талаар манай зохиогч, бичигч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач нар санаачилга гаргах цаг нь нэгэнт болжээ.

Эхийг Ном бол сэтгүүлээс

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola