Говь-Алтай аймгийн Нийтийн
номын сан
Говь- Алтай Аймгийн Нийтийн номын сан нь иргэдэд хэвлэл мэдээллээр үйлчилж, оюуны эрэлт хэрэгцээг хангах үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага юм.
Манай байгууллагын зорилго: Уншигчдын сурч боловсрох, бие дааж мэдлэг боловсролоо дээшлүүлэх, оюунаа хөгжүүлэхэд нь зориулж, уншлага үйлчилгээнд нээлттэй, чөлөөтэй, түргэн шуурхай, тав тухтай орчин бүрдүүлэхэд оршино.
Эрхэм зорилго: "Уншигчдын сурч боловсрох, оюуны соёлын хэрэгцээгээ хангах мэдээллийн нээлттэй төв болох” .
Тус номын сан нь 1944 онд 2 номын санч, 200 номтойгоор анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо манай номын сан:
• Удирдах ажилтан 1
• Нягтлан бодогч 1
• ном зүйч 1
• мэдээллийн ажилтан 1
• фондчин 1
• номын санч 3
• үйлчилгээний ажилтан 5 нийт 13 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Уншлага үйлчилгээний 3 танхимаар үйлчилдэг. Насанд хүрэгчдийн уншлагын танхим, Гэрээр ном олгох тасаг, Хүүхдийн уншлагын танхим гэсэн 3 үндсэн заалтай. Интернет үйлчилгээ, ярьдаг ном уншлагын үйлчилгээгээр 2010 оноос эхлэн иргэд уншигчдад үйлчилж байна.
Гэрээр ном олгох тасаг: 11 мянга орчим номын ойрын фондтой. Уншигчдад чөлөөт сонголтоор үйлчилдэг. Мөн зөөврийн номын үйлчилгээг алслагдсан баг, албан байгууллагуудаар явж хүргэх үйлчилгээг үзүүлдэг.
Насанд хүрэгчдийн уншлагын танхим: 16-аас дээш насны хүмүүст сонин сэтгүүл, шинжлэх ухааны бүх төрлийн ном зохиолууд, дэлхийн сонгодог зохиолууд, лавлах толь бичгүүдээр үндсэн фондноос захиалгаар үйлчилдэг. 24 суудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд брайль ном, дохионы үзүүлэн, аудио хэлбэрийн номыг түгээж нийгэмшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Үндсэн фонд: 40-аад мянга орчим номын фондтой ба монголын болон гадаадын уран зохиол, төрөл бүрийн салбар шинжлэх ухааны ном хэвлэлээр баялаг. Насанд хүрэгчдийн уншлагын танхимаас уншигчдад захиалгаар үйлчилдэг. Орос, англи хэл дээр хэвлэгдсэн 3500 орчим номтой.
Зохиолч, орчуулагч М.Цэдэндоржийн нэрэмжит Хүүхдийн уншлагын танхим: 6000 орчим номтой ойрын фондтой. 1-8 ангийн сурагч хүүхэд, багачуудад үйлчилдэг. 24 суудалтай. Мөн хүүхэд багачуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн соёл танин мэдэхүйн ажлуудыг тогтмол зохиодог.