» Стратеги төлөвлөгөө

Стратеги төлөвлөгөө

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН СТРАТЕГИ
/ 2010-2016 /
I БҮЛЭГ. Ерөнхий танилцуулга
1.1 Стратегийн тухай товч мэдээлэл
Энэхүү Стратеги нь Монгол Улсын Үндэсний номын санг хоѐр үе шаттайгаар 2010-2016 онд шинэчилж хөгжүүлэх бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.
Монгол Улсын Үндэсний номын сан 2012 онд шинэ барилгад орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус Номын санд 21-р зууны хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан технологид суурилсан үйлчилгээ нэвтрээгүй, уламжлалт үйлчилгээ төдийхнөөр аргацааж, үнэт ховор хуучин номын хадгалалт хамгаалалт ч хүндхэн нөхцөлд байгаа юм. Стратегийн эхний шатанд шинэ байранд орох хүртэл (шилжилтийн үе) үйлчилгээний хуучин загварыг халж, шинэчилсэн үйлчилгээг турших, боловсон хүчнээ бэлтгэх, техник технологийн шинэчлэл хийн шинэ байранд шууд ажиллах загваруудыг бэлэн болгох, сүүлийн шатанд шинэ байранд 1-2 жил тэдгээр өөрчлөлтөө туршиж хэрэгжүүлэх (туршилтын үе) үйл ажиллагааг багтаасан энэхүү стратегийг боловсрууллаа.
Мэдээллийн эрин зуунд дэлхийн ихэнх улс орны Үндэсний номын сан тухайн орны бичиг соѐлын өв, оюуны үнэт бүтээлийг хадгалан хамгаалж хойч үедээ үлдээх үүргээс гадна хэрэглэгчдээ өөрийн орны болон дэлхийн бусад орны мэдлэг мэдээлэлтэй холбогч гүүр болон ажилладаг. Энэ хариуцлагатай үйл ажиллагаагаа урт, богино хугацааны стратеги хөтөлбөрөөр дэвшүүлэн төрийн бодлогодоо тусгуулж, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчиддээ ил тод танилцуулан орчин үеийн мэдээллийн технологид суурилсан шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг бий болгоход зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.
Монгол Улс "...МХХТ-ийг хөгжлийн хурдасгуур болгон мэдлэг оюунд тулгуурласан нийгмийн суурийг тавих" Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхэд номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд, нөгөө талаас хэрэглэгчдэд шаардлагатай мэдлэг мэдээллийн сан бүрдүүлж найдвартай, хүртээмжтэй, хялбар, хямд аргаар түгээх нь Үндэсний номын сангийн тулгамдсан асуудал болоод байна. Иймээс Үндэсний номын сангийн хөгжилд шинэ боломж, өөрчлөлт авч ирэх энэхүү баримт бичгийг БСШУЯ, Монголын Номын Сангийн Консорциум, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран олон улсын eIFL.net байгууллагын номын сангийн мэргэжлийн зөвлөхүүдийн туслалцаатайгаар боловсруулав.

1.2 Стратегийн үндэслэл

Монгол Улс социализмаас ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэн сүүлийн 20-иод жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн хүрээний өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж ирлээ. Улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг ―Монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд‖ (1990-2015)2, ―Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого‖ (2008)3 зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд ―Үндэсний өв соѐл, үнэт зүйлээ даяаршлын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах мэдлэгт суурилсан эдийн засагт шилжин мэдээлэлжсэн нийгэм байгуулахын зэрэгцээ хүн амд соѐл урлагийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гаргана‖ гэж тодорхойлжээ. Түүнчлэн Засгийн Газрын 2008-2012 оны хөтөлбөрт нийт сум, суурин газрын 60 гаруй хувийг хамраад байгаа мэдээлэл харилцаа холбооны сүлжээг өргөтгөн бүх орон даяар ялангуяа алслагдсан сум, баг, хилийн боомтуудын цэгийг хамарсан өндөр хурдны мэдээллийн дэд бүтэц болгохоор тусгагдаад байна. Монголын 1,5 сая х.д.км. газар нутгийг хамрах Мэдээллийн технологийн энэхүү дэд бүтцийн үр өгөөжийг бараг бүх нийтээр (98%) бичиг үсэгт тайлагдсан, 30 гаруй хувь нь 18-аас доош насны 2,7 сая хүн5 хүртэх болно. Засгийн Газрын энэхүү зорилтыг, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хөдөө, орон нутгийн нийтийн болон их дээд сургуулийн номын санг мэргэжил арга зүйн хувьд тэргүүлэн удирдах учиртай Үндэсний номын сан ихээхэн үүрэгтэй билээ.
Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 23-р тогтоолоор уг Номын санг төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Улсын төв номын сан болгосон бол мөн 2004 оны 196-р тогтоолоор бичгийн үнэт дурсгалыг хадгалах, хамгаалах, улсын хэмжээний номын сангуудыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Үндэсний номын сан болгож статусыг өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч 1990 оноос хойшхи шилжилтийн үеийн төсөв, санхүүгийн хомсдол нь Монголын боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарын хөгжлийг удаашруулж түүний дотор номын санг ном уншуулах үйлчилгээнээс өөр илүү зүйлгүйгээр арай ядан авч үлдэхэд хүргэсэн юм.
Монгол орны эдийн засаг сүүлийн 2-3 жилд мэдэгдэхүйц өсч (2007 онд хамгийн өндөр -9.9 %6) эхэлсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал улс орны бүх салбарт хүндээр тусч байна. Засгийн Газар эрдэс баялгийн нөөцөө зөв цаг үед нь зохистой ашигласнаар хямралыг даван туулж, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийг дэмжих төрийн бодлогоо хэрэгжүүлэхийг зорьж байгаа хэдий ч дээрх хямралын улмаас УИХ Үндэсний номын сан болон нийтийн номын сангуудын 2009 оны шинэ ном, хэвлэл хийгээд шинэ техник хэрэгсэл авах төсвийг тэглэв.
ЮНЕСКО-гийн тодорхойлсноор (Schick, 1971:8-9)7, Үндэсний номын сан тухайн орны хэвлэлийн чухал бүтээгдэхүүний хувийг заавал авах хуулийн болон бусад зохицуулалтын хүрээнд цуглуулах, гадаад хэлээр хэвлэгдэн гарсан өөрийн орны тухай ном, мөн гадаадын зохиол бүтээлийг төлөөлөх томоохон сан хөмрөгийг бүрдүүлэн хадгалж хамгаалах, үндэсний ном зүйн бүртгэл хийх, үндэсний нэгдсэн каталогийг бүрдүүлэх наад захын үндсэн үүргийг хүлээх ѐстой. Түүнчлэн Үндэсний Номын сан орон бүрийн онцлогоос хамааран үүрэг зорилго нь ижил байдаггүй ч олонхи нь "үндэсний соѐлын өвийг цуглуулж, хадгалан хамгаалах, сурталчлан таниулж түгээх" гэсэн нэг гол нийтлэг үүрэг хүлээдэг байна.
Ийм үүрэг хүлээсэн Монгол Улсын Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй байрандаа 500 мянган номтой нүүж ирж байсан бол сан хөмрөг нь эдүгээ гурван саяас давжээ. Ашиглалтад орсноос хойш 1977, 1990, 2000 онуудын гурван удаагийн урсгал засвараас өөр их засварт орж, өргөтгөл хийгдээгүй Номын сангийн уг байрыг 2005 онд Улсын мэргэжлийн хяналтын газар шалгаж ―Барилгад моралийн элэгдлээс шалтгаалж, даацын бүтцүүдэд нормоор зөвшөөрөгдөх хэмжээнээс өргөнтэй ан цавууд гарсан, орчин үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай цахилгааны хангамж, аюулгүйн техникийн норматив хангагдаагүй, бичил цаг уурын үзүүлэлтүүд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй, ажлын орон зай, талбай стандартын шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.‖ гэсэн дүгнэлт гаргасан. Түүнчлэн тус номын сангийн үйл ажиллагаанд одоо хэрэглэгдэж байгаа техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж муу, хүчин чадал дутмаг, мэдээллийн технологийн дэд бүтэц бүрэн бий болоогүйгээс гадна технологийн эрин зуунд номын санчдыг давтан болон орчин үеийн технологийн дэвшил ашиглах тасралтгүй сургалтыг явуулах системтэй бодлого илт үгүйлэгдэж, нөөц хөрөнгө ч байхгүй байна.
Ийм ч учраас МУ-ын Ерөнхийлөгч Үндэсний Номын Сангийн шинэ ордон барьж, үйлчилгээг нь шинэ шатанд гаргах, холбогдох зардал, хөрөнгийг Кувэйт Улсын буцалтгүй тусламж болон улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх тухай зарлигийг 2008 онд гаргасан юм. Энэ зарлиг МУ-ын Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.27-д ―Үндэсний номын ордны шинэ цогцолбор барина. Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ…‖9 гэж тусгалаа олсон буй. Өнгөрсөн оны зургаан сард номын ордон барих газрын асуудал шийдэгдэн суурь тавих ѐслол болж БСШУ-ны сайд ―Номын сангийн энэхүү шинэ барилга нь чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш боловсрол, соѐлын салбарт хийж байгаа хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болно‖ гээд цааш нь ―шинэ номын сан нь хүн бүрийн очих дуртай орчин үеийн, шинэ технологи, тоног төхөөрөмжтэй боловсролын ордон байх болно гэж найдаж байна‖10 гэжээ.
Тус Номын Сан нь технологийн эринд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадах дижитал дэд бүтцэд түшиглэсэн шинэ үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаагаар үл барам бусад орны Үндэсний номын сангийн гүйцэтгэдэг түгээмэл үүргийг ч гүйцэтгэхэд нөөц, хүчин чадал нь шавхагдаж байна. Иймээс Үндэсний Номын Сангийн үйлчилгээ, орчинд эрс шинэчлэлт хийх нь Монголын номын сангуудын, цаашлаад Монголчуудын оюуны хөгжил, сурах мэдэх, судалгаа шинжилгээ хийх ажилд маш том дэвшил гаргах болно.
Өөрчлөлтийг эхлүүлэхээр Үндэсний номын санд шинэчлэл, хөгжил дэвшил авч ирэх хоѐр үе шаттай (1-р үе шат 2010-2012; 2-р үе шат 2013-2016) стратегийг 2010-2016 онд хэрэгжүүлэхээр боловсрууллаа. Бид Үндэсний номын сангийн тэргүүлэх үүргээ гүйцэтгэж, 21-р зууны хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах шинэ үйлчилгээг энгийн, найдвартай аргаар хүргэх шинэ ур чадвар, шинэ бүтэц, улс төрийн шийдвэр, тогтвортой ажиллагааг хангах хууль эрх зүйн орчин, шинэ хөрөнгө оруулалт шаардагдах нэгдмэл зорилго, зорилт дэвшүүлж байна. Энэ бүхний үр дүнд ―мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх‖ төрийн бодлого хэрэгжиж түүний үр ашгийг Монголын бүх хэрэглэгчид хүртэж, эцсийн дүндээ Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах болно гэж итгэж байна.

1.3. Номын сангийн өнөөгийн байдал

Үндэсний Номын Сан 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдаж, 1924 оноос гадаад солилцооны ажиллагаа эхэлсэн ба 1991 онд Олон Улсын Номын Сангийн Холбоонд (ОУНСХ) гишүүнээр элсэж, өнөөгийн байдлаар 70 гаруй орны 100-гаад номын сантай ном, хэвлэл солилцож байна. Монгол Улсын Үндэсний номын сангийн дүрэмд тус Номын сангийн зорилгыг ―...гар бичмэл, барын ном, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, Монгол Улсад хэвлэгдсэн ном, сонин сэтгүүл болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүн, чухал хэрэгцээтэй гадаадын ном зохиол, тогтмол хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, бүртгэл мэдээллийн сан бий болгох, уншигчдад шуурхай үйлчлэх, бусад номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах‖11 гэж тодорхойлсон байдаг. Номын сангийн одоо байгаа гурван сая гаруй ном бүтээлээс нэг сая нь үнэт болон ховор нандин ном судар, гар бичмэл түүний дотор дэлхийд цорын ганц хувь ―Есөн эрдэнийн Ганжуур‖, 18-р зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичигдсэн ―Сандуйн жүд‖, Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр бүтээгдсэн ―Жадамба‖ зэрэг үнэт, ховор бүтээлтэй улсын хамгийн том номын сан юм. Түүнчлэн номын сангуудад мөрдөгдөх эрх зүйн баримт бичиг, дүрэм журам боловсруулах, мэргэжлийн ном, гарын авлага, ном зүйн бүтээлүүдийг бэлтгэн гаргах, номын санчдын сургалтыг зохион байгуулж, улсын бүх төрлийн 1500-аад номын санд зөвлөгөө өгч ажилладаг мэргэжил арга зүйн төв юм.

Номын сангийн тоон мэдээлэл

Фонд

8

Уншлагын танхим

6

Хэлтэс

5 (Хэлтсүүд: Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээ; Уншлага үйлчилгээ; Фонд хадгаламж; Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох; Захиргаа аж ахуй)

Сан хөмрөг

3 сая

Үйлчлүүлэгчдийн тоо

60 мянга (жилд)

Удирдах ажилтан

1

Мэргэжлийн ажилтан

55

Туслах ажилтан

20

Нийт компьютер

40

Нийтийн хэрэглээнд

21

Номын сан 2001 оноос Интернэтэд холбогдсон. Сүүлийн 10-аад жилд гурван сая сан хөмрөгийн цаасан каталогийг цахим каталогт шилжүүлэх ажил эхлүүлж одоогоор 300,000 орчим ном бүртгэгдээд байна. Үндэсний номын сан үүрэг, зорилгынхоо дагуу 1990 он хүртэл үндэсний хэмжээний нэгдсэн /цаасан/ каталогийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байсан ба шилжилтийн үеийн төсөв, санхүүгийн хомсдлоос Сангийн Яамнаас тус каталогийг хариуцан хийх ажилтны төсвийг хасч энэ үйл ажиллагаа зогссон. Одоогоор номын сангууд тус тусдаа каталоги зохион байгуулалт, лавлагаа номзүйн ажлыг бие даан хийж байгаа нь эцсийн дүндээ харин ч илүү төсөв хөрөнгө, хүн хүч шаардсан ажил болоод байгаа юм. Иймээс шинэ стратегийн хүрээнд Үндэсний нэгдсэн электрон каталог зохион байгуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.
Үндэсний номын сангаар үйлчлүүлүүлэгчдийн тоо Улаанбаатар хотын нийт хүн амын дөнгөж 5 хувьтай тэнцэнэ. Номын сангийн одоогийн үйлчилгээ нь гол үйлчлүүлэгчид болох оюутан, эрдэмтэн судлаачдын хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй (судалгаанд хариулсан хүмүүсийн 60 орчим хувь12 нь) байгааг судалгааны дүн харуулсан. Зөвхөн хэвлэмэл бүтээлийн сангаар танхимд үйлчлэхээс өөр төрлийн, дижитал дэд бүтцэд суурилсан энгийн хялбар, шинэ үйлчилгээ хөгжүүлж, электрон нэгдсэн хайлтын системтэй болж, орчин үеийн  технологийн дэвшил нэвтрүүлэхгүй бол ойрын хэдэн жилдээ Интернэтийн хайлтаас илүү мэдээлэл хүртээж үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлэх найдваргүй байна. Одоогийн байдлаар тус Номын сан монгол гар бичмэл номын болон төвд судрын гэсэн хоѐр төрлийн дижитал сантай. Энэтхэгийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр 3 нэрийн 385 боть монгол гар бичмэл номыг, Америкийн ACIP хөтөлбөртэй хамтран 2 нэрийн 226 боть, 150 төвд лам нарын 2840 төвд ном судрыг тоон хэлбэрт шилжүүлсэн хэдий ч олон нийтэд ашиглуулах, үзүүлж харуулах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үйлчлүүлэгчдэд хүртээмжгүй /ашиглуулахгүй/ байгаа. Үнэт, ховор номыг дижиталчилах ажил ч эхлэлийн шатандаа байна. Үндэсний номын сан eIFL.net байгууллагын дэмжлэгтэйгээр 2008 онд байгуулагдсан Монголын номын сангуудын Консорциумын гишүүн болж хэрэглэгчиддээ бусад орны цахим мэдээллийн чухал сангуудыг ашиглах боломж олгохыг зорьж байна. Гэхдээ соѐлын үнэт ховор өв сан, хэрэглэгчдийн шаардлагаар өсөн нэмэгдэх оюуны бүтээлийг хадгалан хамгаалахын хамт хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох, ялангуяа мэдээллийн технологид суурилсан шинэ үйлчилгээгээр өргөтгөхөд Номын сангийн одоогийн байшинг шинэчлэн засварлаад ч хангалтгүй, шинэ байр шаардлагатай болно. Засгийн Газраас 2005 онд тус номын сангийн статусыг шинэчлэн Үндэсний Номын Сан болгон бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, фондыг төрөлжүүлж, үйлчилгээг өргөтгөх тогтоол гаргасан боловч өнөөдрийг хүртэл тэрхүү шинэчилсэн бүтцээр ажиллах төсөв, хөрөнгийг хуваарилаагүйгээс уг тогтоол бодит амьдралд хэрэгжиж эхлээгүй байна. Нөгөө талаас, Үндэсний номын сан болохтой холбогдуулан 2005 онд Номын сангийн дүрмийг шинэчлэн боловсруулж, уг дүрмийн 2.4, 2.8 ба 2.6-д ―Номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх; Номын санг автоматжуулах, номын сан-номзүйн чиглэлээр судалгааны ажил хийх‖ гэсэн чухал заалтууд орсон боловч эдгээр заалтуудыг нь байнгын нэмэлт хөрөнгө оруулалт, тодорхой бодлогын зохицуулалтгүйгээр Үндэсний Номын сан дангаараа хийж гүйцэтгэх боломжгүй зүйл юм. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэс дараатай хийж гүйцэтгэснээр Үндэсний номын сан өөрийн дүрмийн хүрээнд хүлээх ѐстой түгээмэл үүргээ биелүүлж, Монгол Улсын Засгийн Газраас гаргасан тогтоол шийдвэр, ОУНСХ, ЮНЕСКО-гоос гаргасан удирдамжийг хэрэгжүүлэх боломжтой болно. Стратегийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн Газар, БСШУЯ-ны бодлого, хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй. Түүнчлэн олон улсын ижил төстэй байгууллагын сайн туршлага, хамтын ажиллагаа, сайн санааны болон олон улсын ивээн тэтгэх байгууллагын тус дэмжлэг ч шаардлагатай байна. 1.4 Стратегийн тэргүүлэх чиглэл 1.4.1 Сан хөмрөг, түүнийг хүртээмжтэй болгох стратеги/Content & Access Strategy/ Үндэсний Номын сан 2010-2016 онд сан хөмрөгийн баяжилт хийхдээ нэн тэргүүнд:
- Уншигч хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзах
- Хэвлэмэл сан хөмрөгөө улам чанаржуулах ба электрон агуулгыг шинээр бүрдүүлж нийтэд хүртээмжтэй болгоход түлхүү анхаарах
- Хадгалалт хамгаалалт, түгээлтийн найдвартай байдлыг хангахыг чухалчилна.
Энэ бүхнийг харгалзан цаашид Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах чиглэлээр дорвитой ажлууд хийгдэнэ. Тухайлбал:
- Үнэт ховор эртний гар бичмэл ном
- Орчин үеийн хэвлэмэл ба дижитал бүтээгдэхүүн, түүний дотор Монгол хэл дээрх дижитал мэдээллийн сан
- Монгол судлалын холбогдолтой гадаад ном хэвлэл
- Нобелийн шагналтнуудын бүтээл
- Дэлхийд гарч байгаа шинжлэх ухааны орчин үеийн ололт, нээлтийн бүтээл
- Эрдэм шинжилгээ судалгааны электрон сангуудыг бүрдүүлж хэрэглэгчдийн хүртээл болгоно.
Үнэт, ховор эртний гар бичмэлүүдийг баяжуулахдаа хүмүүсийн гар дээр байгаа бүтээлүүдийг эрэн сурвалжилж биет байдлаар болон электрон хуулбарыг олж цуглуулах бодлого баримтлана. Заавал авах номын тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хууль эрхийн акт болгоход БСШУЯ, Номын сангийн консорциумтай хамтран нөлөөллийн үйл ажиллагаа явуулж эрх зүйн акт гаргуулах замаар Монгол Улсад шинээр хэвлэгдэж байгаа цаасан болон электрон номын хувийг цуглуулах ажлыг баталгаажуулна. Монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын гол сан хөмрөг Үндэсний номын санд байдаг бөгөөд түүнийг баяжуулж чанаржуулах нь Номын сангийн үндсэн үүргийн нэг хэвээр байна. Даяаршин, технологижиж байгаа мэдээллийн эрин зуунд дэлхийн бусад орны судалгаа, шинжилгээний электрон санг сонгож, захиалан үйлчлүүлэгчиддээ хүргэх бэлтгэл ажлыг энэ стратегийн эхний шатанд хангаж, хоѐр дахь шатнаас хэрэгжүүлж эхэлнэ. Тухайлбал, электрон мэдээллийн EBSCO, JSTOR, SPRINGER, ELSEVER зэрэг эрэлт ихтэй, дундаа ашигладаг сангуудыг эхний ээлжинд хөнгөлөлттэй үнээр захиалах арга зам хайна. Дээрх шинэ болон шинэчилсэн сан хөмрөгөө дараах арга замаар хэрэглэгчиддээ хүргэнэ. Үүнд:
- Төрөлжсөн уншлагын танхимаар /одоо байгаа танхимуудыг төрөлжүүлнэ./
- Онлайнаар /Хэрэглэгчийн эрхээр гаднаас, Номын сан дотроос чөлөөтэй/
- Ханагүй үйлчилгээ /гэрээр ном олгох, зөөврийн/
- Номын сан хоорондын ном солилцоогоор
- Төрөл бүрийн арга хэмжээгээр /үзэсгэлэн, лекц хэлэлцүүлэг, номын нээлт, ТВ нэвтрүүлэг, номын дуудлага худалдаа гэх мэт/
- Орчин үеийн харилцаа холбооны бусад хэрэгслүүдээр /ном унших дэлгэц, iphone, iriver, гар утсаар сурталчилгаа хийх зэрэг/.
Нэгэнт бүрдүүлсэн сан хөмрөгөө хэрэглэгчдэд хүртээмжтэй болгоход үндэсний гар утасны компаниуд, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, бизнесийн бусад түнш байгууллагуудтай санамж бичиг, гэрээ хэлэлцээр хүрээнд харилцан ашигтай хамтарч ажиллана. 1.4.2 Үйлчлүүлэгчид ба Хамтын ажиллагааны стратеги Стратегийн хүрээнд дэвшүүлэн тавьж буй урьд хожид хийж байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг Үндэсний Номын сан дангаараа гүйцэтгэх боломжгүй. Тиймээс Номын сан зөвхөн мэдээллээр үйлчлүүлэгчдэд төдийгүй үндэсний бичиг соѐлын өвийг хайрлан хамгаалж, баяжуулахад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй бүхий л мэргэжлийн болон бизнесийн байгууллага, номын сан, зохиогчидтой харилцан ашигтай хамтарч ажиллах арга зам хайна. Номын сан одоогийн үйлчүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судалж тэдэнд хүргэх үйлчилгээг чанаржуулахын хамт шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлснээр одоогоор хүрч чадахгүй байгаа:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Эмзэг бүлгийн хүмүүс (алслагдсан дүүргийн иргэд, суугуул иргэд)
- Тусгай байгууламжид байгаа (эмнэлэг, хорих газар г.м.) зэрэг хүмүүсийг хамрах болно.
Түүнчлэн гадаад дотоодын бизнесийн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниудад зориулсан өртөг шингэсэн захиалгат үйлчилгээг шинээр хөгжүүлнэ. Бусадтай хамтран ажиллаж Номын санг хөгжүүлэх талаар Үндэсний номын сангийн дүрмийн 3.1.2, 3.2.8 болон 3.2.10-д ―... байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах, ...гадаад орны номын сангийн туршлагыг судалж нэвтрүүлэх, ...төсөл хөтөлбөрт оролцох, хамтран ажиллах‖ гэсэн тодорхой заалтууд байдаг. Энэхүү Стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгчид болон хамтарч ажиллах сонирхогч байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал бөгөөд тэдгээрийг жагсаавал:

Ивээн тэтгэгчид:

Түншүүд

 

- МУ-ын Засгийн Газар

- БСШУЯ, Сангийн Яам

- Кувейтийн буцалтгүй тусламж

- Бизнессийн байгууллагууд

- ЭСЯамд, гадаадын төсөл хөтөлбөр

- Гадаадын мэргэжлийн байгууллагууд (IFLA, UNESСO, eIFL.net)

 

 

- МШХТ-ийн Газар (ICTA)

- Номын сангийн Консорциум,

- Гадаад, дотоодын номын сангууд

- Ном хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газар

- Үндэсний архив

- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд

- СУИС-ийн Соѐлын дээд сургууль ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн сургууль

- Үндэсний Оюуны өмчийн газар

- Соѐл урлагийн байгууллагууд

- Монголын зохиолчдын хороо

- Хэвлэл мэдээллийн байгууллагууд

- ТББ

 


Ивээн тэтгэгчид.
Номын санг шинэчлэх дотоодын гол санхүүжилт БСШУЯ, Сангийн Яам болон Засгийн Газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх ба Номын сангийн шинэ байшин барих санхжүүжилт Кувейтийн буцалтгүй тусламжаар хийгдэнэ. Өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд гадны санхүүжилт болон номын сангийн үйл ажиллагааг дэмждэг бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцааг хайна.

Түншлэгчид.
Харилцан түншлэл нь үйлчилгээг сайжруулах нэг арга зам бөгөөд Номын сан нь үндэсний болон олон улсын түншлэгчидтэй холбоо тогтооно. Шуудан, Мэдээлэл Харилцаа Холбооны Агентлаг, Номын сангийн Консорциум, Оюуны Өмчийн газар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, Ном хэвлэл, архив, соѐлын газрууд зэрэг нь Үндэсний хэмжээний гол түншлэгчид болно. Стратегийн хүрээнд түншлэгч байгууллагуудтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах, Хамтын ажиллагааны гэрээ байгуулах замаар одоо хэрэгжиж эхлээгүй байгаа:
- Дижитал номын сан бий болгох (агуулга, хүртээмж)
- Дижитал бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын стандартын тоног төхөөрөмж, сүлжээ бий болгох
- Дэлхийн шилдэг онлайн мэдээллийн сангуудыг хэрэглэгчдэд захиалж хүргэх
- Үндэсний нэгдсэн электрон каталоги хөгжүүлэх 
- Үндэсний ховор болон үнэт номын хадгалалт, хамгаалалтыг олон улсын стандартын түвшинд хүргэх
- Боловсон хүчний чадамжийг системтэй сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг томоохон зорилтуудыг шийдвэрлэхийг хүсч байна.
Тухайлбал, нийтийн болон их дээд сургууль, судалгааны байгууллага, сонин сэтгүүлийн газар, үндэсний хэвлэн нийтлэлийн газруудтай хамтран эх хэл дээрх электрон агуулгын тусгай сангууд бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Түүнчлэн хэвлэлийн газруудтай хамтран ―Үндэсний баялагт ном хандивлах зарлиг‖-ийг хэрэгжүүлэхэд дорвитой ахиц гаргаж уг зарлигийг заавал дагаж мөрдөх хууль дүрэм болгох талаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаас гадна Монголын номын сангийн зөв зохистой хөгжил, шинэчлэлтийн талаар БСШУЯ, Номын сангийн Консорциумтай хамтран орон даяар хэлэлцүүлэг эхлүүлнэ. Үндэсний архивын газар, музей, соѐл урлагийн байгууллагуудтай түүхийн баримт, ховор үзмэр, урлаг соѐлын онлайн сан бүрдүүлэх, сан хөмрөгийн үзэсгэлэн, урлаг соѐлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Сан хөмрөгөө таниулан сурталчлах, соѐн гэгээрүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өргөн хүрээний харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтооно. Стратегийн хамтын ажиллагааны үр дүнд Үндэсний номын сангийн үйл ажиллагаа шинэчлэгдэн сэргэж, Үндэсний номын сан болон хамтрагч байгууллагуудын нийгмийн хариуцлага өсч, тэдгээр байгууллагын үнэ цэнэ, нэр хүндийг нэмэгдүүлнэ. 1.4.3 Дижитал номын сангийн стратеги Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааны орчинг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгохын хамт нөгөө талаас технологийн дэвшил ашиглан хялбар аргаар, хурдан шуурхай үйлчлэх боломжийг номын санд нээж байна. Жилээс жилд электрон хэлбэрээр гарах номын тоо өсөхийн хэрээр тэдгээрийг унших, ашиглах, хадгалах хэрэгслүүд шинэчлэгдэн улам боловсронгуй болж уншигчдад олон сонголттой бий болж байгаа энэ цаг үед Үндэсний номын сан шинэ Стратегийнхаа хүрээнд Дижитал номын сан бий болгож хөгжүүлэх зорилт тавьж байна. Дижитал номын сангийн төсөл нь программ хангамж , мэдээлэл буюу сан хөмрөг гэсэн хоѐр хэсгээс бүрдэх ба сан хөмрөг нь электрон хэлбэрээр байна. Дижитал номын сан нь уншигчдад олон төрөл сэдвийн, сайтар боловсруулагдсан мэдээллийн сангаар үйлчлэх ба мөн зарим хэвлэмэл материалын электрон хувилбарыг хүргэх болно. Энэ стратегийг хэрэгжүүлэх явцад:
- хууль эрх зүйн зохицуулалт бий болгох (дижитал эрхийн менежмент)
- техник технологийн шинэчлэлт хийх (мэдээллийн технологийн дэд бүтэц)
- мэдээллийн аюулгүй орчин бүрдүүлэх
боловсон хүчний сургалт зайлшгүй шаардлагатай болно. Үндэсний номын сан дүрмийнхээ дагуу хэвлэмэл ном цуглуулдагийн нэгэн адилаар электрон хэлбэрээр гарч буй чухал бүтээгдэхүүнийг ч сан хөмрөгтөө цуглуулж, хадгалах, хамгаалах, үйлчлүүлэгчиддээ хүртээх үүрэгтэй. Нөгөө талаас сан хөмрөгтөө байгаа үнэт, ховор номыг удаан хугацаанд хэрэглэгчдийн хүртээл болгохын тулд дижиталчилах ажил хийгдэж байгаа. Мөн гадаад, дотоодын томоохон онлайн мэдээллийн сан, электрон сонин сэтгүүлийг захиалах зэрэг бүхий л арга замаар дижитал сан хөмрөг бий болгож үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорьж байна.
21-р зууны оюуны бүтээл хэрэглэгчиддээ ихэвчлэн онлайнаар дамжуулан түгээх хэлбэрээр бүтээгдэн, 20-р зууны Номын сан сан хөмрөгөө дижиталчилж нутаг орны аль ч өнцгөөс, өдөр шөнийн ялгаагүй ашиглах боломжийг дэлхийн улс орнууд аль  хэдийн бүрдүүлж эхлээд байна. Тухайлбал, хойд хөрш Оросын Улсын төв номын сан 1995 оноос автоматжуулалтын ажиллагааг эхэлж өнөөдөр ―Электрон номын сан Танд өөрөө хүрч очно‖13 гэсэн уриатайгаар бүрэн онлайн үйлчилгээ үзүүлж байна. Хятад Улсын Үндэсний Номын сан Британийн болон Конгрессийн номын сантай хамтран зохиогчийн эрх нь хамгаалагдсанаас бусад бүх сан хөмрөгөө дижиталчилан өнгөрсөн есдүгээр сард тэмдэглэсэн 100 жилийнхээ ойн босгон дээр онлайнаар хэрэглэгчиддээ хүргэх гэж байгаагаа зарлав14.
Монгол Улсын Ерөнхийлөгч Бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт ―...эрдэм шинжилгээ, судалгааны чанарыг сайжруулахад чиглэсэн аливаа санал санаачилга, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байхад анхаарна.‖15 гэжээ. Номын сан түүн дотроо Үндэсний номын сан бол ―үндэстэн өөрийн өнгөрсөн түүх болон ирээдүйд бүтээх зүйлээ хайж олдог—ой ухаанаа тэтгэж, бүтээх сэтгэх хүсэл мөрөөдлөө биелүүлж байдаг газар юм.
Манай орны нийгэм, соѐл, улс төр, шашны бичиг соѐлын үнэт зүйлс, Монголчуудын оюуны өв санг найдвартай хадгалан хамгаалж, арчлан тордож, хойч үедээ өвлүүлэн үе үеийн хэрэглэгчид үзэж судлах боломжийг Үндэсний номын сан олгодог билээ. Дижиталчиллын эринд уг номын сан доорхи дөрвөн гол зүйлийг хийх болно:
- Судалгаа, эрдэм шинжилгээний үнэ цэнтэй (trusted) онлайн мэдээллийн сангууд, сэтгүүл, сонин ашиглах өргөн боломжийг Монголчууддаа олгоно.
- Дижитал агуулга, түүний дотор эх хэл дээрх агуулгыг өргөн хүрээнд цуглуулна.
- Электрон хэлбэрээр гарсан Монголын оюуны бүтээлийг урт хугацаанд хадгалах, хамгаалах хэрэгслийн найдвартай байдлыг хангаж баталгаажуулна.
- Зохиогчийн эрхийг шалгаж баталгаажуулсан бүтээлийг дижиталчилах замаар сан хөмрөгийн хүртээмжийг эрс сайжруулна (enhance).
Одоо байгаа дижиталчилах техник хэрэгслээ өргөтгөн, хүн хүчээ нэмэгдүүлэх замаар Стратегийн хоѐр дахь шатнаас дижиталчилах төвийг тус Номын санг түшиглэн байгуулж үйл ажиллагааны программ хангамж, хадгалалт хамгаалалтын асуудлыг олон улсын стандартын түвшинд хүргэнэ. Үндэсний номын сан дээр нэгэнт бий болсон дижитал сангуудыг бусад номын санд лицензээр ашиглуулах ажлыг туршина.
Дижитал номын сан бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт, бүтцийн шинэчлэлт, боловсон хүчнээ сургаж чадваржуулах зэрэг олон шинэ асуудлууд Номын сангийн өмнө тулгарах хэдий ч энэ төслийг хэрэгжүүлснээр номын сангийн ажиллагаа эрс сайжирч хөгжинө. Эцсийн дүндээ энэ далайцтай өөрчлөлт шинэчлэл нь номын сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүчирхэгжүүлж сайжруулах гэсэн нийгмийн шаардлагатай нийцэж байгаа юм. (Бүлэг 2-ын Зорилт 4-ийг харна уу. ).

1.4.4 Хүний нөөцийн хөгжлийн стратеги
Стратегийн хугацаанд Үндэсний Номын Санд:
- 2005 оны Засгийн Газрын тогтоолоор Үндэсний номын сан болгосон статусын хүрээнд хийгдэх бүтэц зохион байгуулалтын шинэчлэл (одоо хүртэл тогтоол хэрэгжиж эхлээгүй байгаа)
- Энэ Стратегийн хүрээнд хэрэгжих Дижитал номын сантай холбогдсон бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийгдэх болно.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү?

«    8-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola