» НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

         Монгол Улсын Үндэсний Номын Сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй Монгол улсын хамгийн том номын сан бөгөөд одоогоор 5 хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  
 
 
 1. ЗАХИРГАА АЖ АХУЙН ХЭЛТЭС
       Аливаа байгууллагын  өнгө төрх, үйлчилгээний аюулгүй байдал  нь Захиргаа аж ахуйн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг.
         Үндэсний номын сангийн Захиргаа аж ахуйн хэлтэс 1976 онд Захиргаа аж ахуйн тасаг нэртэйгээр захирал, нягтлан бодогч, аж ахуй, бичээч, үйлчлэгч нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. 1992 онд Захиргаа аж ахуйн хэлтэс болон өргөжиж, одоо хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, бичээч бичиг хэрэг, нярав-касс, гадаад харилцааны мэргэжилтэн, маркетингийн ажилтан, жолооч, үйлчлэгч, жижүүр, сантехникийн слесарь, цахилгаанчин, хувцас хадгалагч гэсэн нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүнийхээ тоогоор байгууллагадаа хамгийн томд нь орно.
        Энэ хэлтэст олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан нярав Лханаажав, Сандуй, Дашзэзэг, слесарь Цагаан, Сунрайжав, Лувсан-Ёндон, Балдан, үйлчлэгч Хорлоо, Оролмаа нараас гадна орлогч захирал болоод хэлтсийн дарга Ш.Базар нарын хүмүүсийг олон жил үр бүтээлтэй ажилласныг нь төр засгаас үнэлж Соёлын тэргүүний ажилтан, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Доосмаа Банк санхүүгийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар, Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Д.Батмөнх Алтангадас одонгоор тус тус шагнагдаж байжээ.
Тус хэлтэс нь Үндэсний номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж, орчны ариун цэвэр, цахилгаан дулаан, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ үүргээ амжилттай биелүүлж, уншигчдыг цэвэр цэмцгэр орчинд үйлчлүүлэх, ажилтан албан хаагчдыг ажиллах таатай нөхцлөөр хангах, номын санд хадгалагдаж буй түүхийн дурсгалт үнэт ховор бүтээлүүдийг хамгаалах, гал усны аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг манай хэлтэс олон жилийн туршид нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн юм.


2. НОМ БҮРДҮҮЛЭХ, БОЛОВСРУУЛАХ, СОЛИЛЦОХ ХЭЛТЭС

         Хэлтсийн зорилго: Эх орны болон гадаадын зохиолч, эрдэмтдийн оюуны бүтээлийг цуглуулан хуримтлуулж, номын сангийнхаа фондуудыг баяжуулахаас гадна монголчуудын бичиг соёлын үнэт өв болох ном, хэвлэл, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрээс нэг хувийг авч архивлан хадгалж, хойч үедээ үлдээхэд оршино.  

          1955 оны 4 дүгээр сарын 15-нд анх Ном ажиллах хэлтэс нэртэй байгуулагдаж, Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

          Тус хэлтэс нь үндсэн чиг үүргийнхээ дагуу номын сангийн фондуудыг шинэ ном, хэвлэлээр бүрдүүлэх, бүрдүүлсэн ном зохиолыг шинжлэх ухааны салбараар ангилах, нэгбүрчилсэн ба нэгдсэн бүртгэлүүдийг хөтлөх, номын сангийн электрон болон уламжлалт каталогт мэдээ, мэдээллийг цаг тухайд нь тусган баяжуулж уншигч хэрэглэгчдэд хүргэх, фондын бүрэн бүтэн байдалд хяналт тавих ба гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном, хэвлэл солилцох, улсын хэмжээнд ганц байдаг архив фондыг бүрдүүлэн зохион байгуулах ажлуудыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.
 Тус хэлтэс дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна:
•    Ном бүрдүүлэгч
•    Ном ангилагч
•    Бүртгэлийн номын санч
•    Ном ажиллагч
•    Гадаад солилцооны номын санч
•    Каталогчид
•    Архив ба бэлтгэл фондын номын санч  
•    Хяналтын болон тооцооны номын санч.

        Манай хамт олон жилд дунджаар 6-7 мянган ширхэг шинэ ном, 150  нэрийн дотоод, гадаадын тогтмол хэвлэлийг бүрдүүлэн номын сангийн фонд, каталогийг баяжуулж, уншигч хэрэглэгчдийн хүртээл болгодог.
Улс хоорондын соёлын харилцааны салшгүй хэсэг болох олон улсын ном солилцооны ажил анх 1926 онд ОХУ-ын Төв номын сантай ном хэвлэл солилцож эхэлснээр эдүгээ АНУ, ОХУ, Герман, БНХАУ, Япон, Солонгос зэрэг 50 гаруй орны 100-гаад номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай тогтмол харилцаатай ажиллаж, Үндэсний номын сангийн үнэт сан хөмрөгийг арвижуулан баяжуулж байна.
        Хэлтсийн мэргэжилтнүүд нь улсын хэмжээний номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд тодорхой хувь нэмэр оруулан бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна. Тухайлбал,
Олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахад монголын номын санд үгүйлэгдэж байсан олон улсын номын сан, ном хэвлэлийн байгууллагад мөрдөх стандарт, эрхзүйн баримтуудыг судалж, монголын нөхцөлд тохируулан "Архив, номын сангийн өв, санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага”, "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”, "Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”, "Хэвлэмэл бүтээгдэхүүн. Үндсэн төрлүүд” г.м. 10 гаруй стандарт, номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэл, маягтуудыг шинэчлэх, номын сангийн үндсэн ажлын талаарх бусад дүрэм, журмыг боловсруулж, батлуулжээ. Түүнчлэн "Номын сан-номзүйн ангилал” 2 боть, "Монгол ба гадаад хэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийн номзүй” 3 дэвтэр, "Монгол улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй” 5 боть, Н.Цагаач "Монголын Үндэсний номын сан:Түүхэн бичлэг”, "Эрдмийн сувд”, Д.Энхтунгалаг "Номын сангийн үйл ажиллагааны үндэс”, "Номын сангийн фонд зохион байгуулалт” зэрэг олон ном, сурах бичиг, гарын авлагыг бэлтгэн хэвлүүлсэн нь номын сан, ном хэвлэлийн салбарын багш, оюутан, ажилтан, ажиллагсдын өдөр тутмын хэрэглэгдэхүүн болон ашиглагдаж байна.  

       Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэст Монгол улсаас Франц, Германд анх боловсрол эзэмшсэн В.Хурлат, Д.Сурмаажав нараас эхлэн Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач болон В.Лизунова, Д.Батмөнх, Н.Лхагвасүрэн, К.Полина, О.Саранлхам, Д.Энхчимэг нарын үе үеийн шилдэг мэргэжилтэн, сэхээтнүүд ажиллаж байлаа.

         Манай хамт олны дундаас Төрийн одон медалиар 4, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр 9, БСШУЯ-ны Жуух бичгээр 1 хүн тус тус шагнагдаж, мэргэжлээрээ 6-31 жил тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа мэргэжилтнүүд ажиллаж байна.

3. ФОНД ХАДГАЛАМЖИЙН ХЭЛТЭС

        1921 оноос цуглуулж эхэлсэн Судар бичгийн хүрээлэнгийн номууд дээр Хааны ордны номын сангийн олон мянган номыг нэмэн номын сан байгуулсанаар өнөөгийн Монгол Улсын Үндэсний номын сангийн ном хөмрөгийн эхлэл тавигдсан гэж үздэг.

       Түүх сөхвөл: Улсын анхдугаар их хурлын 1924 оны 10-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар Улсын номын сан гэж нэрлээд түүний номын фондыг: "Гадаад хэлний ном дэвтэр 2110, монгол хэлний ном судар 600, төвд үсгийн ном 250, хятад, манж, япон зэрэг хэлний бичгүүд 1400 болмой. Үүнээс гадна газар орны зураг ба хуучин хөрөг мэт нилээд цугларчээ....” гэж тодорхойлон бичсэн байна.

       Эдүүгээ Үндэсний номын сангийн сан хөмрөг арвижсаар 3 сая орчим ном судар, хэвлэлийг хадгалж хамгаалан уншигчийн хүртээл болгож байна. Үндэсний номын санд хадгалагдаж байгаа номууд монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсоор байна.
          Үндэсний номын сангийн бүх номын бүрэлдэхүүний байдлыг харгалзан 8 хөмрөгт хуваадаг бөгөөд уншигчдад үйлчлэх хүрээг нь харгалзан Фонд хадгаламжийн хэлтэст 6 фонд нь харъяалагддаг. Үүнд:
1.    Монгол судлал, гар бичмэл номын фонд
2.    Монгол номын фонд
3.    Өрнө дахины номын фонд
4.    Дорно дахины ном, хэвлэлийн фонд
5.    Төвд номын фонд
6.    Тогтмол хэвлэлийн фонд

       Фонд Хадгаламжийн хэлтэс ном хэвлэлийг хадгалж хамгаалан уншигчдад хүссэн материалыг нь түргэн шуурхай гарган үйлчлэхэд ажлаа чиглүүлэн ажиллахаас гадна урагдаж элэгдсэн ном хэвлэлийг сэлбэн засч, ариутгах ажлыг давхар гүйцэтгэж байна.
Дээрх 6 фондоос  3 фонд нь ( монгол, өрнө дахины, тогтмол хэвлэлийн) 2 ээлжээр ажилладаг бөгөөд  тус хэлтэст фондын 9 номын санчаас гадна  
-    ариутгагч 2
-    хавтаслагч -1
-    ном  сэлбэн засагч - 2
-    нийт 15 хүн  ажиллаж байна.

1.    Монгол судлал, гар бичмэл номын фонд
Тус фондын бүрэлдэхүүнд гар бичмэл, барын болон монголын судлалын ном, эрдмийн зэрэг хамгаалсан диссертаци түүний хураангуй, өвөр монгол номууд зэрэг 50 гаруй мянган  ном бүтээлүүд хадгалагдаж байна.
Энэ фондод монголын ард түмний үе үеийн оюуны өмчийн сор болсон бүтээлүүл болох Монгол шунхан барын Ганжуур, 1676 од гаригийг багтаасан чулуун барын  "Одот тэнгэрийн зураг”, Данжуур, Чингисийн дээд өвгөөс эхлээд монголын хаад ноёдын 300 гаруй угийн бичиг, газрын зургууд зэрэг Төв Азийн соёл иргэншлийн түүхэнд онц чухал судалгааны эх сурвалжууд бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Монгол судлал, гар бичмэл номын фондоор эрдэмтэд, судлаачид болон гадаад орны монголч эрдэмтэд үйлчлүүлж байна.
 

2.    Монгол номын фонд
Тус фондод одоогоор:
•    Кирилл бичгийн ном – 150 мянга орчим
•    Монгол бичгийн ном – 8000 орчим
•    өвөр монгол ном – 4000 орчим хадгалагдаж байна.

     Тус фондын онцлог нь 2003 оноос бүх номуудаа компьютерт оруулан номуудыг BAR CODE-той болгосон бөгөөд каталог, уншлагын танхимуудтай сүлжээгээр холбогдон уншигчдад үйлчилж байна.

3.    Өрнө дахины номын фонд
600000 орчим номтой, Азийн орнуудаас бусад орны хэл дээр хэвлэгдсэн бүх салбарын шинжлэх ухааны чиглэлийн ном хэвлэлийг хадгалж байна.
Тус фондын номууд аравтын болон ББК ангилалаар номууд нь ангилагдсан байдаг бөгөөд эхний ээлжинд 1983 оноос хойш хэвлэгдсэн ББК ангилалтай номуудаа компьютерт оруулах ажлыг эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

4.    Дорно дахины ном, хэвлэлийн фонд
 Тус фонд 100 гаруй мянган ном, хэвлэлтэй бөгөөд нийт ном, хэвлэлийн 60% нь хятад хэл дээрх ном эзэлдэг. Энэ фондод хятад, япон, солонгос, вьетнам, энэтхэг зэрэг орны ном хэвлэлүүд хадгалагдаж байна.
Мөн 6000 мянга орчим манж ном хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр номуудыг бүрэн картжуулах ажил хийгдэж байна.
Жилдээ 1500 орчим шинэ ном хэвлэл хүлээн авч фондоо баяжуулан уншигчдад үйлчилж байна.

5.    Төвд номын фонд
Тус фондод нэг сая гаруй төвд ном судар хадгалагддаг бөгөөд монгол лам нарын сүм бум, Жалзэтэмбан Ганжуур, цал барын, хүрээ барын, дэрэг барын Ганжуурууд болон Монгол улсын хосгүй үнэт бүтээл болох Жадамбын зэс бар гэх мэт бүтээлүүдийг хадгалан хамгаалж байна.
Азийн сонгодог зохиолуудыг компьютерт оруулах "ACIP” төслийн хүрээнд 193356 төвд судрууд компьютерт бичигдэн каталогжин байрлагдсан ба мөн монгол лам нарын 23647 сүм бумыг компьютерт бичиж  каталогжуулаад байна.
Мөн  ACIP төслөөр Жалзэтэмбан Ганжуурын 110 боть, Цал барын Ганжуурын 108 боть зэрэг 5 төрлийн барын Ганжуурын хуулбар, каталогт орсон  нийт 2771 боть номыг тоон хэлбэрт оруулсан ба Монгол лам нарын 6 зохиолчийн 39 ботийн 13803 хуудас дижитал хэлбэрт ороод байна.
 
 

6.    Тогтмол хэвлэлийн фонд
Тус номын сангийн гол хөмрөгийн нэг нь тогтмол хэвлэл байдаг бөгөөд 200-аад мянган нэгж хадгалагдаж байна. Эдгээрийн дотор 1912-1915 онуудад болон хувьсгалын эхэн үед хэвлэгдсэн монголын анхны сонингууд: "Уриа”, "Ардын үндэсний эрх”, "Правда”, "Известия”, "Шинэ толь”, "Хураангуй сэтгүүл” зэрэг сонин сэтгүүлүүд бүрэн эхээрээ хадгалагдаж байна.

7.    Ном-хэвлэл сэлбэн засагч нар жилдээ 6500 орчим ном засварлан 2000-аад ном үдэж хавтасладаг ба хавтаслагч нь номын санд ирдэг тогтмол хэвлэлүүдийг нэгжлэн хавтаслаж архив болон тогтмол хэвлэлийн фондод хүлээлгэн өгдөг.


4. УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

   Судар бичгийн хүрээлэнгийн номын сан нь нэгэнт цуглуулсан номоо нийтийн хүртээл болгохын тулд "Ховор ном судар ба бичиг дэвтэр”-ийн зүйлийг хэрэв хүн уншихыг хүсвээс тус хүрээлэнгийн газраа арван цагаас дөрвөн /арван зургаа/ цаг хүртэл сууж нэрээ тэмдэглүүлэн уншуулахаар хэлэлцэн тогтов. Судар бичгийн хүрээлэнгийн 1923 оны 11-р сарын 24-ний өдрийн 10-р хурлын дөрөвдүгээр зүйлд заасан нь уншуулах танхимыг Монгол Улсын хэмжээнд анх удаа нээсэн хэрэг байлаа.
    Уншлага үйлчилгээний хэлтсийн гол зорилго нь уншигч хэрэглэгчдэд номын сангийн ном хэвлэлийг сурталчлах, хөнгөн шуурхай соёлч боловсон үйлчлэх юм. Тус хэлтэс нь 13 ажилтан, нийтийн болон төрөлжсөн 300 гаруй суудалтай 7 уншлагын танхим, хувилан олшруулах үйлчилгээ, ойрын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
    Уншигчдыг бүртгэж электрон үнэмлэх олгодог. Жилдээ 60-аад мянган уншигчдад 180.0 гаруй ном хэвлэл, номзүйн мэдээллээр үйлчилж байна.
    Номын сан хоорондын ном солилцоог албан байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний номын сангуудтай тогтмол хийдэг.
     Улсын хэмжээний ном хэвлэл сурталчлах, "Үндэсний бичиг үсгийн баяр”, "Номын яармаг” зэрэг ном, бичиг үсгийн баяр, мөн онол-практикийн бага хурал, зохиолч-уншигчдын уулзалт, лекц семинар, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг соёл олон нийтийн олон хэлбэрийн ажлыг тогтмол зохион байгуулж ном хэвлэлийг сурталчилж байна.
Уншлага үйлчилгээний хэлтэс нь дараах бүтэцтэйгээр ажиллаж байна:

    Нийтийн уншлагын танхим нь 1923 оны 11-р сарын 24-ний өдрийн аравдугаар хурлаар уншуулах танхим нэртэйгээр үүд хаалгаа нээсэн. Жилдээ 40-өөд мянган уншигчдад 120.0 гаруй номоор үйлчилдэг. 200 хүний суудалтай, 2 ээлжээр 4 номын санч үйлчилгээг зохион байгуулан ажилладаг.
    Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад номын санч Магсарын Баянзулын нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь 1963 онд нээгдсэн. Уг танхим нь 50 хүний суудалтай, жилдээ 5000-аад уншигчдад 20 мянга гаруй ном хэвлэл олгодог. Танхим нь эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, уншигч хэрэглэгчдэд диссертаци, гар бичмэл, барын ном болон монгол судлалын холбогдолтой ном зохиолоор үйлчилдэг. Монгол гар бичмэл ном судрыг цахим хэлбэрээр уншуулж байна.
    Тогтмол хэвлэлийн уншлагын танхим нь тогтмол хэвлэлийн фондыг түшиглэн 2002 оны 3-р сард нээгдсэн бөгөөд жилдээ 10 мянга  гаруй сонин, сэтгүүлээр үйлчлэн, тогтмол хэвлэлээр үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгодог. Ажлын 5 өдөрт үйл ажиллагаагаа явуулж байна.
    Интернет болон төлбөрт үйлчилгээний танхим нь жилдээ 500 гаруй уншигчдад төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг.
    Турк номын уншлагын танхим нь Турк Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн дэмжлэгтэйгээр 2005 онд байгуулагдсан. Турк судлаачид болон уншигчдад интернет, CD, ном, тогтмол хэвлэлээр үйлчилдэг. 1600-аад номын фондтой.
    Солонгос мэдээллийн төв нь Солонгос Улсын Үндэсний номын сан, Солонгосын Олон Улсын сайн дурын байгуулллага KOIKA-гийн хөрөнгө оруулалтаар 2009 оны 11-р сарын 12-ноос нээгдэн ажиллаж нийт 3600 гаруй номтойгоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Солонгос мэдээллийн төв нь Солонгос судлалын холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалаар үйлчилж, гэрээр ном олгодог.
    НҮБ, ЮНЕСКО-гийн уншлагын танхим: Улсын нийтийн номын санг /тэр үеийн нэрээр/ 1968 онд НҮБ-ын хадгалагч номын сан болгохоор шийдвэрлэсэн юм. Тэр цагаас эхлэн НҮБ-ын хэвлэлийн зөвлөлөөс ирүүлсэн баримт бичиг, ном хэвлэлийг номын сангийн дүрэм ёсоор цэгцэлж нийтийн уншлага, эрдэм шинжилгээний хэрэгцээнд оруулсан билээ. Түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг ЮНЕСКО-гийн чуулгануудын баримт бичиг, соёл, боловсрол бусад салбарын ном зохиолуудыг бүрдүүлэн ажиллаж байна.
    Ойрын фонд нь уншлага үйлчилгээг хурдан шуурхай уншигч хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Нийтийн уншлагын танхимыг түшиглэн 2003 онд байгуулагдсан. Уг фонд нь жилдээ 40-өөд мянган ном захиалгаар уншлаганд гаргаж байна. Одоогийн байдлаар тус фонд нь 5000 гаруй номтой, 2 ээлжээр үйлчилж байна.
    Номын сангийн электрон үнэмлэх нээлт, бүрдүүлэх материал:

Уншигч Та манай номын санд үнэмлэх нээлгэхээр ирэхдээ дор дурьдсан бичиг баримт, материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирнэ. Үүнд:
1.    Иргэний үнэмлэх
2.    Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх буюу оюутны үнэмлэх, хувиараа ажил эрхэлдэг ба тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа газрын тодорхойлолт /Гадаадад суралцаж буй оюутнууд сургуулийнхаа хүчин төгөлдөр үнэмлэхтэй ирнэ/
3.    1% цээж зураг
4.    Үнэмлэхний үнэ 6000₮ /Захиалаад уншигчийн үнэмлэхийг шууд олгоно/
5.    Үнэмлэх нээлгэсэн өдрөөс хойш 1 жилийн хүчинтэй. /Нэг жилийн үнэмлэх сунгалтын үнэ 3000₮/


              Зуны цагийн хуваарь:                                   Өвөл цагийн хуваарь:         
       
 Даваа-Баасан: 9.00-18.00                                Даваа-Баасан: 9.00-20.00         
 Бямба, Ням: Амарна.                                       Бямба, Ням: 9.00-17.00
 

 5. МЭДЭЭЛЭЛ АРГА ЗҮЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС


        ҮНДСЭН ЗОРИЛГО:
Уншигч хэрэглэгчдийг мэдээллээр түргэн шуурхай хангах, Номын сангуудыг мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөмж, аргачлал бусад холбогдох дүрэм журам боловсруулах, арга зүйн зөвлөлгөө өгөх болон зохих түвшинд дэмжиж хамтран ажиллах.  

        Тус хэлтэс нь улсын хэмжээний номын сангуудыг арга зүйн удирдлагаар хангах зорилгоор гарсан МАХН-ын ТХ-ны улс төрийн товчооны 1960 оны 4-р сарын 20-ны өдрийн 126-р тогтоолын дагуу 1961 оны 1-р сарын 11-нд И.В.Сталины нэрэмжит улсын нийтийн номын сангийн дэргэд анх Арга ажиллагааны хэлтэс нэртэйгээр байгуулагдаж, түүнээс хойш Арга ухаан-номзүй, Эрдэм шинжилгээ-арга ухаан, Мэдээлэл-арга зүй зэргээр өөрчлөгдөж эдүгээ Мэдээлэл-арга зүй, Эрдэм шинжилгээний хэлтэс нэртэйгээр ажиллаж байна.

       Хэлтсийн даргаар Г.Ринчинсамбуу, Л.Жамба, М.Баянзул, Ш.Базар, О.Цацрал, Б.Энхжаргал, Д.Бямбасүрэн нар ажиллаж байсан. Одоо тус хэлтэс нь  2 аргазүйч, 3 номзүйч, эрдэм шинжилгээнийн ажилтан, компьютерийн инженер, программист, мэдээллийн сан бүрдүүлэгч гэсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хэлтсийн даргаар Д.Энхтунгалаг ажиллаж байна.
         Мэдээлэл-арга зүй, Эрдэм шинжилгээний хэлтэс нь улсын хэмжээнд ажиллаж буй бүх төрлийн номын санг мэргэжил-арга зүйн удирдлага, номзүйн мэдээллээр хангах үндсэн үүргийг гүйцэтгэж, номын сангийн үйл ажиллагааг зохицуулах "Номын сангийн зөвлөлийн ажиллах нийтлэг журам”, "Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”, "Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”, "Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал” зэрэг 20 гаруй дүрэм, журам, "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” /MNS 5742:2007/, "Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага” /MNS 5271:2006/, "Баримт бичиг-Аудио, видео материалын номзүйн бичилт” /MNS 5638:2006/, "Баримт бичиг-Нотны хэвлэлийн номзүйн бичилт” /MNS 5639:2006/ зэрэг 6 стандартыг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг БСШУЯ-тай хамтран хийжээ.
         Тус хэлтсийн нэг гол үүрэг нь номзүй судлалыг хөгжүүлэх, Үндэсний болон салбар номзүйн бүртгэлийг бэлтгэн гаргаж, номын сан, уншигч хэрэглэгчдэд хүргэх, энэ чиглэлээр номын санчдад зөвлөгөө өгөх ажлыг удирдан чиглүүлэх явдал юм. Энэ хугацаанд "Монгол Улсад хэвлэгдсэн монгол номын бүртгэл” /1913 оноос 1990 оныг хамарсан/, "БНМАУ-ын сонин, сэтгүүлийн өгүүллийн он дараалсан бичиг” /1965-1986/, "Монголын уран зохиолын дээжис” 108 ботид орсон зохиол бүтээлийн номзүйн лавлах, "Монгол улсад хэвлэгдсэн гадаадын уран зохиолын номзүйн бүртгэл” /1985-2005/ зэрэг ерөнхий болон салбар номзүйн бүртгэл 80 гаруйг бэлтгэн гаргасан нь номын сангийн салбарын ажилтан, багш, оюутан сурагчид, эрдэмтэн мэргэд, нийт уншигчдын шаардлагатай мэдээллийн эрэл хайлтанд нь чухал хэрэглэгдэхүүн болсоор байгаа билээ.  

     Мэргэжлийн онол, арга зүйн материалаар хангадаг "Номын санч” сэтгүүлийг 1975 оноос эдүгээ 36 дахь жилдээ тасралтгүй бэлтгэн гаргаж монголын номын санчид, багш, оюутан, мэргэжилтний өдөр тутмын гарын авлага, ажлын хэрэгцээ болгож байна. Мөн түүнчлэн "Шинэ номын мэдээ” товхимлыг сар тутам гаргаж, ерөнхий болон салбар номзүйн бүртгэл, "Нийтийн номын сангуудын тайлан эмхэтгэл” товхимол зэргийг эрхлэн гаргаж байна.   
 
 


    Жилдээ 6-7 аймагт томилолтоор очиж ажиллахаас гадна номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг жилд дунджаар 15 удаа, Эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлыг тогтмол зохион явуулж байна.
 
       Номын сангуудад жилдээ 40-50 удаа арга зүйн зөвлөлгөө өгч, аман болон бичгийн лавлагаа өгөх, уншигчдын бие даан сурч боловсроход нь зориулж тусгай сэдвээр санамж өгөх номзүй хийж сурталчилах, номзүйн картын сангуудыг тогтмол шинэ мэдээллээр баяжуулах, гар бичмэл, түвд ном судрыг судлах, номын сангийн програм хангамжийг шинэчлэн сайжруулах, сүлжээг өргөтгөх ажлуудыг хийж байна.  


Тус хэлтэст М,Баянзул, Д.Бүрэндалай, Г.Пүрэвдорж, Д.Жамбаа, Ш.Базар, С.Хандаа нарын Монгол улсын номын сангийн салбарын үе үеийн шилдэг сэхээтнүүд ажиллаж байснаас М.Баянзул нь энэ салбараас "төрсөн” анхны Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн болсон юм. 90 жилийн түүхэнд дан ганц манай хэлтсээс Төрийн одон медалиар зургаа, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр арван хүн шагнагдсан байдаг. Энэ мэтчилэн бидний төдийгүй номын сангийн салбарын бахархал болсон нэрсийн жагсаалт уртаас урт үргэлжилнэ.

«    5-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola