Skip to content Skip to sidebar Skip to footer

Богд Чингис хааны сан тахил үйлдэхийн ёс.

Богд эзэн Чингис хааны шүтсэн алтан сүлдний сан.

Суут богд Чингис хааны гэгээнээ өргөх өчиг оршвой.

Чингис хааны энэ гурван сангийн судар нь Монгол Улсын Үндэсний Номын санд хадгалагдаж байна. Тухайн ном нь 1185/96 гэсэн дансны дугаартай, 16 хуудас, 26×26.5cm хэмжээтэй. Бийрээр муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгүй бичгийн хэвээр бичсэн. Шар даавуун цардмал хавтастай дэвтэрлэж үдсэн хэлбэртэй. Номын агуулга нь “Богд Чингис хааны сан тахил үйлдэхийн ёс, хэрэг хүслийг түргэн бүтээгч цэнгэлийн хэмээгдэх оршвой”, “Эрт урьд их, бага монголын үед Богд эзэн Чингис хааны шүтсэн алтан сүлдний сан оршвой”, “Суут богд Чингис хааны гэгээнээ өргөх өчиг оршвой” хэмээн нэрлэгдсэн үндсэн гурван судраас бүтэх бөгөөд монголчууд хамтад нь хуулахаас гадна тус тусад нь хуулан бичсээр ирсэн уламжлалтай.

Эдгээр гурван сангийн судрыг Хэнтий аймгийн Баян-Эрхэт хэмээх газар жүн ван Тогтохтөрийн байгуулсан Чингисийн туг шүтээний сүмд уншдаг байжээ. Энэхүү сүмийг 1863 онд бүтээсэн байна. Энэ тухай мэдээг номын төгсгөлд ийнхүү тэмдэглэжээ. “Монгол Ард Улсын арван зургаадугаар онд Хан Хэнтий уулын аймгийн түшлэг хан уулын хошууны нутагт бүхий Хэрлэн Барс хотын ойр байх Баян-Эрхэт хэмээх газраа байгуулсан туг Чингисийн шүтээний сүмээс авч хуулан бичжээ. Энэхүү шүтээнийг Дайчин улсын Бүрэнт засагчийн хоёрдугаар онд жүн ван Тогтохтөр чуулганы дарга байх үедээ бүтээсэн гэдэг” хэмээн дурдсан байдаг.

Эхлээд Чингис хаан ба түүний нөхдөд сан тахил үйлдэхдээ малын сүү өргөж, зул асааж, зандан, гүгэл, арц хүж уугиулж ариулснаар бүх сайн сайхан зүйлс дэлгэрэхийг хүсэн залбирдаг байна. Үүний дараа Чингис хааны алтан сүлдний сан уншдаг байжээ. Алтан сүлд гэдэг нь Чингисийн догшин хар тугийг хэлэх бөгөөд сар бүрийн шинийн гурван, шинийн найман, мөн хаврын тэргүүн сар, зуны дунд сар, өвлийн тэргүүн, дунд саруудад тус тус тахидаг байсан байна. Хамгийн сүүлд Чингис хаанд өргөх өчгийг уншиж дуусгадаг байжээ.

Энэхүү өчиг нь Чингис хааныг төрөхөөс эхлээд тэнгэрийн оронд одох хүртэлх түүхийг товчлон өгүүлсэн байна.

Богд Чингис хааны сан сэржим, алтан сүлдний сан сэржим, тахил эдгээрийг өндөр уулын оргил дээр гарч тахдаг байсан байна. Энэхүү сангийн судрууд нь шашны нөлөө бага орсноос үзэхэд хуучин уламжлалаа XX зууны эхэн хүртэл хадгалсаар ирсэн байна.    

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: