Skip to content Skip to sidebar Skip to footer

Гадаадын номын сан, архив, музейд хадгалагдаж буй Монгол ном бичгийн дурсгалууд

Гадаадын номын сан, архив, музейд хадгалагдаж буй Монгол ном бичгийн дурсгалууд

Академич Д.Төмөртогоо

Аливаа хэлний бичгийн дурсхал нь тухайн үндэстнийхээ түүх, соёлын бодит баримт, хэлний хөгжлийн биет материал болж байдаг. Эртний соёлтой улс үндэстэн бүр өөр өөрийн түүх, соёлыг тэмдэглэж үлдээсэн баялаг дурсгалтай байдгийн нэгэн адил бидний монголчууд үсэг бичиг, бичгийн хэлний мянга гаруй жилийн баялаг түүхтэй билээ. 

Эдүгээ бидний үед уламжлан үлдсэн монгол хэлний эртний бичгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь хитан бичгийн хөшөө чулууны бичээсүүд бөгөөд тэдгээрийг Франц, Унгар, Япон, Орос, Америк, Хитадын эрдэмтэд зуу гаруй жилийн турш судалсаар ирсэн боловч тэдгээрийн үр дүн нь тухайн дурсгалуудын авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэл зүйн хэлбэрийг нарийвчлан тогтоох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа билээ.  

Манай эриний VIII-IX зууны үед хүчирхэгжин тогтсон Уйгурын хаант улсад хэрэглэж байсан согд гаралтай уйгур үсгийг монголчууд авч, хэл аялгуундаа тохируулан нэмэж зассаар ХIII-ХIV зууны үе болж ирэхэд боловсронгуй бичиг үсэг, бичгийн хэлтэй болсон бөгөөд түүний бодит баримт болох хөшөө дурсгал, ном судар, бичиг захидал зэрэг 200 орчим дурсгал уламжлан үлджээ. Түүнчилэн Юань гүрний үед дөрвөлжин үсгээр бичсэн хөшөө чулууны бичээс, ном зохиол, зарлиг бичиг, пайз тамга зэрэг зуугаад дурсгал үлдсэн бий.  Тэдгээрээс гадна ХIII-XV зууны үед хятад ханзаар тэмдэглэсэн Монголын нууц товчоо болон хятад-монгол, монгол-хятад арав шахам толь бичгүүд, мөн араб үсгээр тэмдэглэсэн араб-монгол, перс-монгол, монгол-перс, араб-перс-чагаадай-монгол, араб-перс-түрэг-грек-армен-монгол зэрэг хоёроос зургаан хэлний арваад толь бичиг уламжлан үлдсэн нь эртний болон дундад үеийн монгол хэл, түүх, соёлын үнэт дурсгал болон судлагдсаар иржээ. Их Монгол улс, Юань гүрэн, Мин гүрний эхэн үед дээр дурдсан үсэг бичгүүдээр тэмдэглэсэн хэдэн зуугаар тоологдох хөшөө дурсгал, ном судар, зарлиг тунхаг, бичиг захидал, пайз тамгын бичиг бүтээгдсэн боловч олон зуун жилийн нүүдэл суудал, дайн байлдаан, нийгэм соёлын өөрчлөлтүүдийн улмаас усдаж үрэгдсэн нь нэн олон. Хэдий тийм боловч эдүгээ бидний үед ХIII-XV зууны үед уйгуржин монгол, дөрвөлжин, хятад, араб үсгээр бичигдсэн 300 гаруй дурсгал уламжлан үлдсэн нь эртний болон дундад үеийн монгол хэл, түүх, соёлын үнэт дурсгал болон судлагдсаар байгаа билээ. Тэдгээрийн дотроос уйгуржин монгол бичгээр бичсэн хөшөө чулууны бичээс (Inscription), барын ном (Xylograph), гар бичмэл бичиг захидал (Manuscript), пайз тамганы бичиг зэрэг 200 шахам дурсгал үлдсэн бөгөөд энд бид зөвхөн ном бичгийн дурсгалуудын талаар товч төдий тоймлон дурдая. 

Уйгуржин бичгээр бичсэн эртний ном судар, бичиг захидлуудын нэг нь ч Монгол улсад үлдсэнгүй, харин Бээжин, Токио, Стамбүл, Техеран, Москва, Петербург, Берлин, Марбүрг, Будапешт, Парис, Ватикан зэрэг газрын номын сан, архивуудад хадгалагдаж байна. Эртний монгол ном бичгийн олонхыг нь өрнө дахины аянчин жуулчин, эрдэмтэн судлаачид, соёлын өв цуглуулагчид монгол орноор аялан явахдаа олж аваачсан учир тийнхүү олон газар тархсан ажээ. Нөгөө талаар, Их Монгол улсын үед монголчуудын эрхшээж байсан Ил-хаант улс, Алтан ордны улс, Юань гүрний өргөн уудам нутаг дээр үйлдэгдэж үлдсэн бичгийн дурсгалууд ч бас цөөнгүй бий.  Өнгөрсөн зууны тэргүүн хагасаас эхлэн тэдгээр дурсгалуудын талаар Орос, Финланд, Франц, Бельги, Америк, Англи, Герман, Польш, Унгар, Япон, Хитад, Австрали болон Монголын эрдэмтэд тасралтгүй судалсаар иржээ. Бид энд уйгуржин монгол бичигийн олон арван дурсгалуудын төлөөлөл болгож, харьцангуй томоохонд тооцогдох цөөн хэдэн дурсгалуудын товч танилцуулая. 

  1. Барын ном судрын дурсгалууд. Эдүгээ бидний үед XIII-XIV зууны үед холбогдох барын номын гуч гаруй дурсгал уламжлан үлдсэн боловч тэдгээрийн дотроос зөвхөн Бурхан багшийн арван хоёр зохионгуйТахимдуу ном хоёр л бүрэн бүтнээрээ үлдсэн бөгөөд бусад нь тухайн дурсгалын зарим хэсгийг багтаасан тасархай хэсгүүд байгаа төдийгүй, ихэнхи нь чухам ямар ном зохиолын хэсэг болох нь ч тодорхой мэдэгдэхгүй байгаа билээ. 
  1. ‘Бодичарияаватарагийн тайлбар’ – Эртний энэдхэгийн гүн ухаантан Шантидева манай эриний VII зууны үед зохиосон ‘Bodhicaryavatara’ (Бодьсад нарын явдалд орохуй) хэмээх зохиолыг XIV зууны нэрт орчуулагч Чойжи-Одсэр монгол хэлнээ орчуулж, улмаар түүнд зориулсан тусхай тайлбар зохиосон нь 1312 онд Бээжин хотын Цагаан суварга хэмээх сүмд мянган хувь барлагджээ. Бүгд 167 хуудас бүхий уул тайлбарын сүүлчийн 12 хуудас ХХ зууны эхээр Турфанаас олдсон бөгөөд түүний төгсгөлд XIV зууны их эрдэмтэн, нэрт яруу найрагч Чойжи-Одсэрийн зохиосон гуч гаруй мөр шүлэг байгаа нь эртний монгол яруу найргийн ховор нандин жишээ болж байна. Эдүгээ Берлиний номын санд хадгалагдаж байгаа энэхүү дурсгалын талаар германы эрдэмтэн E. Haenish,  F. W. Cleaves, Д. Цэрэнсодном, M. Тaube нарын судалгааны бүтээлүүд гарсан бий. 
  • Бурхан багшийн арван хоёр зохионгуй. Шигэмүни Бурхан тэнгэрийн орноос замбутивд хувилгаан дүрээр бууж, эхийн хэвлийд орсноос аваад нирваан дүр үзүүлэх хүртэлхи нэгэн насны үйл явдалыг 12 хэсэг болгон хураангуйлсан энэхүү зохиолыг нэрт монголч А. М. Позднеев монгол газраас олж аваачсан нь эдүгээ Санкт Петербургийн их сургуулийн номын санд хадгалагдаж байна.  Энэхүү зохиолыг нэрт орчуулагч Чойжи-Одсэр ‘Агуу ихэд цэнгэсэн нэрт судар’ хэмээх бурхан багшийн намтар цадиг дээр  тулгуурлан түвэд хэлээр уран сайхан найруулан зохиосныг хожим сажийн лам Шаравсэнгэ орчуулсан нь эдүгээ уламжилан үлджээ. Бүгд 65 тал, 1100 гаруй мөр шүлэг бүхий энэхүү дурсгал нь XIV зууны монгол шүлгийн хэв шинжийг тусгаснаас гадна хуудас бүрийн дээд хэсэгт уг зохиолын үйл явдлыг тусгасан гар зургаар чимэглэсэн нь XIV-XV зууны монгол зураг болон ном хэвлэлийн үнэтэй дурсгал болж байна. Энэхүү зохиолын талаар билээ. N. Poppe, L. Ligeti, Д. Цэрэнсодном нарын судалгааны бүтээлүүд нийтлэгджээ.
  • Тахимдуу бичиг. Харц ардаас аваад хаан эзэн хүртэл эцэг эхийн ач тус, ихэс дээдсийн алдар хүндийг ачлан дээдэлж, хувь биеэсээ аваад улс гэрээ засах ёс зүйг номлосон Конфузийн тахимдуу ёсны сургаалын хятад, монгол хадмал номыг Юань улсын үед барласан гаргасан нь эдүгээ Бээжин хотын хааны ордны номын санд хадгалагдаж байна. Бүгд 38 хуудас, 75 нүүр, 2000 гаруй үг бүхий энэхүү номыг Юань улсын Дотоод бичээчийн яамны баруун гарын түшмэл Бултөмөр 1307 онд орчуулсан тухай тодорхой мэдээ Юань улсын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү номын талаар Х. Лувсанбалдан, I. de Rachewiltz, F. W. Cleaves нарын ном үгүүллүүд гарсан бий.

Дээр дурдснаас гадна Берлин хотын Турфаны хөмрөг дэх монгол дурсгалуудын дотор “Махагалын магтаал”, “Хутагт Манзушрийн их нэр үнэхээр үгүүлэхүй”, “Билгийн зүрхэн”, “Хутагт сайн явдлын ерөөлийн хан”, “Зуун үйлт”зэрэг томоохон бүтээлүүдийн хэсэг болон цаг тооны бичиг, мэргэ төлгийн ном, бурхны шашны магтаал сургаал зэрэг барын номын гучаад дурсгал бий. Түүнчлэн Хархот, Олон сүмийн туйрнаас олдсон монгол бичгийн дурсгалуудын дотор барын номын тасархай хэсгүүд олдсон нь эдүгээ Санкт Петербүрг, Токио хотын номын сангуудад хадгалагдаж буй. 

  1. Гар бичмэл ном бичгийн дурсгалууд. XIII-XV зууны үед холбогдох гар бичмэл ном судар, бичиг захидлын 80 гаруй дурсгал Берлиний номын сан, Парис хот дахь Францын үндэсний архив, Ватиканы нууц архив, Будапештийн ШУА-ын гар бичмэл номын хөмрөг, Санкт Петербүргийн Эрмитаж мүзей болон Дорно дахин судлалын Хүрээлэнгийн номын сан, Техеран хотын Үндэсний мүзей, Истамбүл хотын Топкапи сарай мүзей, Токио их сургуулийн номын  сан зэрэг газар хадгалагдаж байна

Бид энд эртний монгол гар бичмэл дурсгалуудын төлөөлөл болгож гол томоохон дурсгалуудын талаар товч дурдая. 

  1. ‘Сайн үгт эрдэнийн сан нэрт шастир’  Эдүгээ бидний үед уламжлан үлдсэн монгол гар бичмэл дурсгалуудын дотроос хамгийн томоохон нь ‘Subhāsitaratnanidhi’ буюу ‘Сайн үгт эрдэнийн сан нэрт шастир’ юм. Энэхүү зохиолыг эртний энэтхэгийн Төрийн найман шастир хэмээх иргэний сургаалын зохиолын уламжлалын дагуу Сажа бандида Гүнгаажалцан түвэд хэлээр зохиосныг XIII зууны үед Сономгара гэдэг хүн монголоор орчуулсан тус зохиолын хамгийн анхны орчуулга юм. Түүнээс хойш ойрд Зая бандида Намхайжамц, Урадын мэргэн гэгээн Дамбажалцан, Цахар гэвш Лувсанчүлтэм, буриад эрдэмтэн Лувсанринчен нарын орчуулгууд гарсан бөгөөдуг зохиол нь Субашид гэсэн санскрит хураангуй нэрээр Монгол даяар ихэд алдаршжээ. 

Субашидын манхны монгол орчуулга түвэд-монгол хадмал гар бичмэл эхийг монголч эрдэмтэн L. Ligeti өнгөрсөн зууны хориод оны сүүлчээр Өвөр Монголын Харчин хошууны Эши-Дамчан хувилгаанаас олж авсан нь эдүгээ Будапештийн ШУА-ын гар бичмэл номын хөмрөгт хадгалагдаж байна.  Энэхүү зохиолд бурхны шашны сургаал номлолыг уран санаа, яруу дүрслэл бүхий үлгэрийн үгүүлэмжээр илэрхийлсэн бөгөөд уг зохиолыг орчуулснаар монгол хэлний үгсийн сан баяжсан төдийгүй яруу үгүүлэх, төлөөлөн дүрслэх арга ухаан ч ихээхэн дэлгэрсэн гэж үзэж болно. Субашидын монгол орчуулгын талаар J. E. Bosson, N. Poppe, F. W. Cleaves, Ц. Дамдинсүрэн нарын судалгаа бий.

  • Сулхарнайн тууж. Нийтийн тооллын өмнөх IV зууны үед байсан эртний Грекийн алдарт жанжин, төрийн зүтгэлтэн Македоны Александрын тухай эртний домог дээр тулгуурласан монгол хувилбарын нэгэн хэсэг Турфанаас олдсон монгол дурсгалуудын дотор байгаа билээ. Энэхүү зохиолд Мисирийн орны Сулхарнай гэгч хаан харьяат албат, найз нөхөд, эрдэмтэн мэргэдээ дагуулан Сүмбэр уулын оргилд гарч, гүн далайн ёроолд бууж, улмаар харанхуйн ертөнцөд хүрч үхэлгүй мөнхийн усыг олж авсан боловч мөнх бус газар дэлхий сөнөсний хойно ганцаархнаа мөнхрөн үлдэж, ганцаардахын зовлон эдлэхгүйн тул тэнгэрээс хайрласан 3000 насыг наслаад, таалал төгсч байгаа тухай үгүүлдэг бөгөөд тус зохиолын талаар N. Poppe, F. W. Cleaves, A. Boyle, Ц. Дамдинсүрэн нарын судалгааны бүтээл нийтлэгджээ. 
KONICA MINOLTA DIGITAL CAMERA
  • Алтан ордны үйсэн дээрх бичиг. Энэхүү үйсний бичиг нь 1930-аад оны үед Ижил мөрний хөвөөн дэх нэгэн булшнаас олдсон бөгөөд эдүгээ Санкт Петербүрг хот дахь Эрмитаж мүзейд хадгалагдаж байна. Бүгд 25 хэсэг бүхий уг дурсгалын 7 хэсэг, 13 нүүр нь монгол хэлээр, бусад нь уйгур бичгээр бичигдсэн ажээ. Тус дурсгалын анх олдсон газар урьд Алтан ордны улсын нутаг дэвсгэр байсан учраас түүнийг ‘Алтан ордны’ хэмээх тодотгон нэрлэх болжээ. Энэхүү үйсний бичээс нь аян дайнд мордсон хүү нь ээж аав, эх нутгаа санагалзан, буцаж харихыг хүсэн мөрөөдөж, дайнд хүүгээ мордуулсан эх нь, хүүгээ амар мэнд албаа хаагаад эсэн мэнд эргэж ирэхийг ерөөсөн утгатай яруу сайхан хэллэг бүхий иргэний уянгын зохиол юм. Тус дурсгалыг N. Poppe анх уншиж судлаад тусгай үгүүлэл нийтлүүлсэн нь эдүгээ хүтэл гол судалгаа болсоор байна. 

Ил-хаадын захидлууд. XIII зууны дундуур одоогийн Иран, Ирак, Түрк, Афганистан, Азербайжан зэрэг хэд хэдэн улсын нутаг дэвсгэрийг эрхшээсэн Ил-хаант улс байгуулагдаж 80 шахам жил оршин тогтнохдоо 10 хаан удам дамжин сууж, Ойр Дорнод дахь эрх ашгаа бататгаж, улмаар исламын шашинтан болон загалмайн шашинтнуудын найрсаг бус харилцааг зохицуулахын төлөө ихээхэн чармайлт гаргаж байжээ. Ил-хаан Хүлэгү, Абага, Аргун, Хасан, Өлзийт, Абу сайд нараас Ромын католик шашины тэргүүн хамба болон Франц, Англи улсын хаадтай улс төрийн харилцаа тогтоож, загалмайн шашинтны эрх ашгийг хамгаалан, мамлюкуудын эсрэг хамтран тэмцэхийн тул Ром, Парис, Лондон, Йерусалимд удаа дараа элч илгээж Ромын пап IV Урбан (Urbanus 1261-1264), IX Грегори (Gregorius 1227-1241), IV Николас (Nicolaus 1288-1292), VIII Бонифас (Bonifatius 1294-1303), IV Клемент (Clemens 1265- 1268), XXI Жон (Ioannes 1276-1277), Францын хаан IX Луй (Saint Louis 1226- 1270), Гоо Филипп (Philippe le Bel 1285-1314), Английн хаан I Эдуард (Edward I 1239-1307), II Эдуард (Edward II 1284-1327), Мамлюкийн султан нарт удаа дараа захидал илгээжээ. Эдүгээ тэдгээр захидлуудын дотроос зөвхөн 10 захидал уламжлан үлдсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь Парис дахь Францын үндэсний архивт, гурав нь Ватиканы нууц архивт, бусад нь Иран улсын нийслэл Техераны үндэсний мүзейд  хадгалагдаж байна. Монгол хэлээр бичигдсэн тэдгээр захидал нь нэг талаар, монгол бичгийн хэлний эртний дурсхал, нөгөө талаар, XIII-XIV зууны үеийн гадаад харилцаа, дипломат бодлогын үнэтэй чухал хэрэглэгдэхүүн болдог билээ. Тийм учраас тэдгээр дурсгалуудыг XIХ зууны тэргүүн хагасаас эхлэн E. Tisserant, А. И. Клюкин, P. Pelliot, E. Haenisch, W. Kotwicz, L. Ligeti, A. Mostaert, F. W. Cleaves, G. Dörfer, G. Hermann нарын зэрэг олон эрдэмтэд судалсаар иржээ.  Ил-хаадын захидлуудын гол агуулга нь загалмайн шашинтнуудын эрх ашигт заналхийлж буй Мисир (Египет) дэх мамлюкуудын эсрэг загалмайтны шашинтантай хүч хавсаран тэмцэж, Сирийг чөлөөлж, Иерусалим дахь загалмайн шашинтны ариун газрыг буцаан өгөх, улмаар, элч төлөөлөгчөө харилцан илгээж, санал бодолоо солилцох замаар Ромын пап лам болон Франц, Английн хаадтай тогтоосон улс төрийн харилцаагаа хадгалан улам илүү ойртон найрамдаж, энх амгалан амьдрахыг уриалсан утгатай байна. Тийм ч учраас ил-хаадын зарим захидалд илэрхийлсэн үзэл санааг ‘монголчуудын амар амгалангийн уриа’ (Pax Mongolica) хэмээн нэрлэх болсон билээ.

Leave a Reply

Виртуал лавлагааны алба
close slider