Skip to content Skip to sidebar Skip to footer

Монгол Буриад үгсийн цэцэглэг хэмээх дэвтэр оршвой

Сборникъ Монголо-Бурятской Народной Поэзiи.

Монгол Буриад үгсийн цэцэглэг хэмээх дэвтэр оршвой.

МУҮНС-н Монгол номын сан хөмрөгт оросоор “Сборникъ Монголо-Бурятской Народной Поэзiи” (ангилал нь 894.23/М-692), монгол болон вагиндра үсгээр “Монгол Буриад үгсийн цэцэглэг хэмээх дэвтэр оршвой” гарчигтай 1911 онд Петербүрг дэх Цагаан хааны Шинжлэх ухааны хүрээлэнгийн барханд хэвлэсэн 65 хуудас бүхий товхимол ном байна.

Энэхүү товхимлыг Алмас Нарнай гэдэг зохиомол нэрээр буриад монголын сэхээтэн Николай Амгаев эрхлэн хэвлүүлэхдээ өмнөх үгийг нь оросоор өөрөө бичжээ. Тус товхимолд буриад эрдэмтдийн тэмдэглэсэн буриад зон ардын аман зохиолын олон зүйл төрлийг түүвэрлэжээ.

Үүнд:

Буриад Монголын улс төрийн зүтгэлтэн Р.Элбэгдоржийн тэмдэглэсэн “Шара далайн захада”, “Нөхөрөй домог”, “Барбагайн шинээн”, “Дуун-сургаал”, “Сэлэнгэ мөрөнөй эрги”, “Зарайн дуун”, “Бислэги дуун “, ёохор бүжгийн “Наадани дуун”, “Ялатан олдобо үгэй “,”Жороо үгэ” зэрэг Баргужин нутгийн дуу,  түргэн хэллэг.

Соён гэгээрүүлэгч  Жамсрангийн Цэвээний тэмдэглэсэн алар булагадын “Найгуур” бөөгийн дуудлага, “Мэндэшилгэ”, “Хорийн заяан”,” Тарцайн заяан”, хорь буриадын “Зэ найдуузай!”, мөн зүлх буриад нутгийн “Хоёр цэцэн”, “Хуучин зугаа”, “ Төрөйн буудал”, “Зарайн дуун”, “Зээгэтэ абайн дуун”, “Төрөйн дуун” зэрэг 12 зүйлийн аман зохиолын үгс, мөн Хангалын тэмдэглэсэн алар-булагадын дуу “Хуури-дуун”, бөөгийн дуудлага “Босон ганзуу”, Амагаев-н тэмдэглэсэн “Хайнаг өбөгөн” зэрэг  аман зохиолууд орсон байна.

Агваандорж хамба ламтан 2 дугаар Николай хааны ордноор орж гардаг, нийслэл Петербүргт нэр нөлөөтэй хүн байсан бөгөөд тэрээр “Наран” нэртэй хэвлэлийн хороо байгуулаад Вагиндра үсгийн ном хэвлэлийг ивээн тэтгэдэг байж. Энэхүү товхимол  Петежбүргт вагиндра үсгээр хэвлэсэн арав хүрэхгүй цөөн тооны номын нэг төдийгүй тус үсгээр хэвлэж гаргасан сүүлчийнх нь гэдгээрээ үнэ цэнтэй.  Үүнийг 1911 онд Вагиндра үсгийн зохиогч,  түгээн дэлгэрүүлэгчдийн нэг Жамсраны Цэвээн нь хувьсгалын хэрэгт оролцсон гэж Петербүргээс хөөгдөж  Ар Монголд,  Нийслэл Хүрээнд ирсэнтэй холбож тайлбарладаг.

Вагиндра үсэг нь буриад хэл аялгууг нарийн тэмдэглэсэн 1905 онд зохиогдсон шинэ буриад- монгол үсэг бөгөөд яваандаа бүх буриад  зоны үсэг болгохоор зорьж байсан боловч Эрхүүгийн буриад сэхээтнүүдээс өөр олны дэмжлэг аваагүй юм.    

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: