Skip to content Skip to sidebar Skip to footer

“Тайвань дахь Эрдэнэс” үзэсгэлэнгийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ

“Тайвань дахь Эрдэнэс” үзэсгэлэнгийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ. Үндэсний номын сан Тайванийн Хааны ордон музей, Синика хүрээлэн, Үндэсний төв номын санд эх хувиараа хадгалагдан буй хаад, хатдын хөрөг, уран зураг болон эртний нанхиад хэлээр бичсэн сурвалжуудын хуулбаруудыг дэлгэн “Тайвань дахь Эрдэнэс” үзэсгэлэнг үзэгч түмэндээ барьж байгаа билээ. Энэхүү “Тайвань дахь Эрдэнэс” үзэсгэлэнгийн үзмэрүүдээс дээжлэн хүргэж байна.

Тайвань дахь эрдэнэс үзэсгэлэн - 2

Сэцэн хаан шувуулж яваа нь.

Тус бүтээлийг ордны хятад зураач Лю Гуань Дао 1280 онд зурсан байна. Лю Гуань Дао бол Хэбэй мужийн уугуул бөгөөд Юань улсын үеийн ордны алдартай зураач байжээ.
Юань гүрний хаад жил бүр том хэмжээний ан ав хийдэг байсан бөгөөд уг үйл явдлыг дүрсэлсэн энэхүү зурагт Хубилай сэцэн хаан болон түүний хатан Чаби хоёроос гадна тэднийг дагалдаж яваа найман хүн болон тайга нохой, үчимбэр, шонхор шувуу, алсад уулын цаагуур явж буй тэмээн жингийн цуваа зэргийг гайхалтай урнаар дүрсэлсэн байна.
Хубилай хаан луун хээтэй улаан дээлэн дээр хар чимэглэл бүхий цагаан үслэг хэвнэг давхарлан өмсөж, баруун зүсмийн морин дээр сууж буйгаар дүрслэгдсэн бөгөөд түүний хажууд буй хүнийг түүний хатан Чаби хэмээн судлаачид үздэг.
Энэхүү бүтээлээс тухайн үеийн хүмүүсийн үс засалт, хувцас, эд хэрэглэл зэргийг мэдэх боломжтой юм.
“Хубилай хаан ан гөрөө хийж буй нь” хэмээх бүтээл эдүгээ Тайванийн Тайпей хотын Хааны ордон музейд эх хувиараа хадгалагдаж буй.

Тайвань дахь эрдэнэс үзэсгэлэн - 3

Бууз жигнэж буй хүүхдүүд.

XV зууны үед зурсан хэмээдэг энэхүү бүтээлд хааны ордны хашаа, хас хээ бүхий хөшиг болон бууз жигнэн идэх гэж буй 3 хүүхдийг дүрсэлсэн байх бөгөөд тэдний өмссөн малгай болон хувцас зэрэг нь сэрүүний улиралд болж буй үйл явдал болохыг илтгэдэг. Мөн тус зургаас буузны амыг чимхэлгүйгээр утсаар боосон болохыг төвөггүй харж болно.

Тайвань дахь эрдэнэс үзэсгэлэн - 4

Бурханы ном номлосон нь.

Хятад газар Буддын шашин дэлгэрсэн нэгэн их идэвхжлийн үе бол XIII зууны үед монголчуудын байгуулсан Юань гүрний үе яахын аргагүй мөн юм. Юань гүрнийг байгуулсан Хубилай сэцэн хаан Буддын шашныг төрийн шашин болгон өргөмжилж ихэд хөхиүлэн хөгжүүлсэн нь түүний өвөг эцэг Чингис хаантай холбогдоно. Бөөгийн шүтлэгийн зан үйлтэй байсан Чингис хаан хожмоо дэлхий дахиныг нэгтгэсэн их гүрнийг байгуулахдаа Христос, Ислам, Будда болон Хятадын Бомбын шашин зэргийг анхааран танилцаж бүгдэд нь хүндэтгэлтэй хандаж байсны дотор хожмоо Буддын шашинд илүү тал өгч ивээн тэтгэх болсон байна. Буддын шашинд хүндэтгэлтэй хандаж түгээн дэлгэрүүлсэн дараачийн хүн бол Хубилай хаан байлаа. Тэрбээр Сажа бандида Гунгаажалцанг түүний хүү хожмын их багш Пагва лам Лодойжалцангийн хамт урин залж, Бээжин буюу Хаан балгаст ирүүлж дэргэдээ суулгаад улмаар Бурхны шашныг төрийн шашнаар өргөмжлөн төр шашин хоёрыг тэнцүүхэн тэтгэн хөгжүүлсэн гэдэг.
“Бурханы ном номлосон нь” хэмээх зурагт бурхан багш болон түүний 2 шавь болох рид хувилгаанаар тэргүүн Монголжийбуу болон билиг оюунаар тэргүүн Шаарийбуу нарыг үүлэн дунд буйгаар дүрсэлсэн байна.

Тайвань дахь эрдэнэс үзэсгэлэн - 5

Уран зургийн эрдэнийн хүрэл толь.

“Тухуй баужиаян” буюу монголоор “Уран зургийн эрдэнийн толь” хэмээх энэ судар нь 2 хэсэгтэй. Дээд хэсэг буюу 1-р бүлэгт мөн үеийн хүмүүсийн зургийн урлагийн талаар бичсэн онолын өгүүллүүд ба үнэлэлт дүгнэлтүүд, доод хэсэг буюу 2-5-р бүлэгт эрт үеэс Дай Үн хэмээх Их Монгол улсын үе хүртэлх зураачдын намтар цадигийг өгүүлсэн байна. энэ номд өргөн их, гүн гүнзгий утга агуулгыг хамарсан, мөн өмнөх олон үеийн алдартай зураачдын бүтээл туурвилууд орсон байдаг байна. Энэ нь уран зургийн тухай, уран зургийн түүхийг өгүүлсэн Хятадын хамгийн эртний бүтээл хэмээн тооцогддог байна.

Leave a Reply

Виртуал лавлагааны алба
close slider