Номын танилцуулгаСан хөмрөгийн номТөвөд номын сан хөмрөг

Зэс барын Жадамба судар.

Монголын сүүлчийн эзэн хаан буюу 8-р богд Жавзандамба хутагт Монгол дархны хосгүй авьяас, ур чадвар шингэсэн зэс барын Жадамба судрыг бүтээлгэж хойч үедээ өвлүүлж үлдээсэн нь өдгөө МУҮНС-ийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Бүтэн гарчиг нь “Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат оршвой

Монголчууд Жадамба судраа үүрч сүм дуган гэр орноо гороолж, бурхан шүтээнийхээ дээр залж, Жадамба судрынхаа дээр ном залдаггүй байсан нь нарын учир билэгдлийг агуулж байжээ.

Энэхүү ном нь бурхан багш 45 жилийн турш номлосон олон сургаал номлолуудын оройн чимэг юм.Учир нь билгийн чанад хязгаарт хүрэх,  хоосон чанарыг онох, төгс гэгээрлийг олох замын талаар бурхан багшийн айлдсан сургаалаас ямар нэг нь нэмэлт хачиргүйгээр үг нэг бүрчлэн тэмдэглэн үлдээсэн болохоор үнэлж баршгүй нандин эрхэм ном юм. Учир иймээс  бидний өвөг дээдэс энэхүү номыг алт мөнгө 9-н эрдэнэ зэрэг хамгийн үнэ цэнтэй бүхнээрээ бүтээлгэж хувилан олшруулж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьдог байж.

1906 онд Вангийн хүрээ буюу одоогийн Булган аймгийн төвд нэгэн Жадамба судрын бар гарчээ. Урьд нь сийлэгдэж байсан барнуудаас онцгой жижигхэн үсэг нь тод байв. Энэхүү Жадамбын бар гарсан даруйдаа Халх даяар ”Эвсээрхэн Жадамба” гэж алдаршжээ. Төд удалгүй бурхны ном хүний өвөрт багтах цөвүүн цаг ирж хэмээх яриа ихэд түгэх болж. Дээрх цаг үетэй зэрэгцэн Туулын гүн “Одоогийн Төв аймгийн Өндөр ширээт сум”-ийн Мижиддорж ловон том хэмжээтэй Жадамба судрын эхийг бүтээснийг богдын дэргэдэх лам Чойндон цорж  богд хаанд үзүүлэхэд богд хаан ихэд таалж тухайн үед Богд хаант Монгол Улсын дотоод яамны сайд Цэдэнсодном болоод Хамба номун хаан Жамбалдорж, Ялгасан хутагт нарт энэхүү Жадамба судрын зэс барыг хийх ажлыг даалгажээ.

Модон барыг бодвол илүү их ур чадвар авьяас билиг шаардагдах Жадамба судрын зэс барыг төмрийн дарханаараа алдартай Далай Чойнхор вангийн хошууны 53 сүм хийдийн Бор хэмээх Чүлтим, Тунгийн Шар зэрэг урчууд цутгах, гагнах, шарах зэрэг монгол дарханы гайхамшигт авьяас билгийг шингээж 3 жилийн дотор бүтээжээ. Богд хаанаас шагнал хүртэж буй хүмүүст зэс барын Жадамба судрыг дагалдуулж өргөж байсан нь хамгийн дээд өргөлд тооцогдож байв. Энэхүү зэс барын зэсийг Орос, Хятад, Төвд зэрэг олон газраас авчирсан гэдэг.

1915 онд Богд хаанд өргөсөн зэс барын Жадамба 1925 онд Ихийн зуугийн сүмбүмийн хэвлэлийн газраас Богд хааны ордон музейд хадгалагдаж, улмаар 1953 онд МУҮНС-нд шилжиж иржээ

Жадамба судрын зэс барын 3 ширхэг нь их үймээний хөлд үрэгдсэнийг Зава Дамдин гавжийн шавь Монголын Үндэсний номын сангийн Төвд номын фондод эрхлэгчээр ажиллаж байсан Гончигдорж нэрт эрхэм хүмүүн тэрхүү дутуу хуудаснуудыг Дэлгэрийн Чойрын Уран хэмээх Гэмпилээр нөхүүлж шинээр хийлгэсэн байдаг.

Зэс барын Жадамба судар нь 32 бүлэгтэй ГА /KA/, ХА /KHA/ гэсэн 2 ботид хуваагдах бөгөөд ГА ботийн эхний хуудасны бярга тэмдгийн ар дахь 2 урт шадын дунд соёмбо тэмдэг, 2-р ботийн эхний хуудасны 2 шадын завсар Эбам гачил тэмдгэлгээ байдаг. Энэ нь Монгол Улс, Монголын бурхны шашин үүрд оршихын бэлгэ тэмдэг хэмээдэг. Зэс барын Жадамба сударт 300 гаруй зураг байдаг бөгөөд тэдгээр нь тухайн хуудсанд гарч буй голлох үйл явдлын дүрслэн үзүүлсэн байдаг.

“ГА” -боть хуудасны дугаар 408-р дуусдаг боловч 360 дугаартай хуудас 2ш, нүүр хуудасны зураг нийлээд нийт 410 хуудастай.

ХА“- боть хуудасны дугаар 340-р дуусдаг боловч 276, 277 дугаар хамт нэг хуудсан дээр тэмдэглэгдсэн мөн ерөөлийн үг, зурагт нүүртэй 2ш хуудас нэмэгдээд нийт 341 хуудас болдог.

Энэхүү нэн ховор Жадамба судрын зэс бар нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгджээ.

Судрын хэмжээ:61×20 см

Барын хэмжээ:52×14 см

Хуудасны тоо:751

Б.Хүрэлцоож /МУҮНС-ийн Номын санч мэдээллийн ажилтан/

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Үүнийг сонирхоорой
Close
Back to top button
%d bloggers like this: