Номын танилцуулгаСан хөмрөгийн номТөвөд номын сан хөмрөг

Замбуутивийн умар зүгийн Их Монгол орны домгийн их шастир ухаантныг баясгагч гайхамшигт алтан дэвтэр оршвой.

XX зууны эхэн үед Их хүрээний Зава Дамдин гавж хэмээн алдаршсан Лувсандаян буюу Лувсандамдин нь (1867-1937) Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу одоогийн дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 1867 онд мэндэлжээ. Бага насандаа нутгийнхаа Цахиуртын жасад сууж лам болсон ба 17 насандаа Их хүрээний Гунгаачойлин дацанд  олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулжээ. 1921 онд үндэс суурь нь тавигдсан Судар бичгийн хүрээлэнд Зава Дамдин гавжийг урьж 1924 онд Судар бичгийн хүрээлэнд сул гишүүнээр сонгож байсан байна.

Зава Дамдин гавж төвд хэлээр 17 боть ном туурвисан бөгөөд түүний зохиолуудаас Хор Чойнжүн буюу Монголын  дэлгэрэнгүй түүх “Алтан дэвтэр” хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ.

1931 онд Чоён-Одсаллин хийдийнхээ ард байрлах Шар хад хэмээх Гадан чойдинд  Алтан дэвтэр бүтээлээ  бичиж дүүрэгсэн байдаг.

Энэхүү ном  төвөд үсгийн дарааллаар KA-CHA хүртэл 6 аймгаас бүрддэг бөгөөд эш шүн татсан номын нэр, онцгой үйл явдал, газар ус, хүний нэр зэргийг тодотгон улаан шунхаар бичсэн байна.

Га /KA/-н аймагт Монгол угсаатны талаар судар шастирт хэрхэн номлосон талаар эш шүн татан өгүүлсэн байдаг. Нийт 28 хуудастай.

Ха-/KHA/ -н аймагт Хутагтын орноос (Энэтхэг) Бурханы шашин анх дэлгэрсэн ёс  /Монголд бурхны шашин дэлгэрсэн түрүү үе/ Нийт 20 хуудастай.

ГА –/GA/-н аймагт  Чингис хаан тэргүүтэй их 15 хаадын үед Цаст Төвөдийн орноос Улаан Малгайтны шашин дэлгэрсэн ёс. / Монголд бурхны шашин дэлгэрсэн  дунд үе/ Нийт 40 хуудастай.

На /NGA/-н аймагт Номын хаан Алтан хаан арван буяны бат хууль цаазыг нээж, Шар малгайт Бурханы шашныг дэлгэрүүлсэн ёс /Монголд бурхны шашин дэлгэрсэн хожуу үе/ Нийт 49 хуудастай.

Жа /JA/-н аймагт Монгол орны төв хязгаарын байдлыг Халх дөрвөн аймгийн ноёдын удам дамжлагын хамт номлосон.  Нийт 57 хуудастай.

Ча-/CHA/-н аймагт Монгол орны төв хэсэгт шашин хийгээд шашныг баригчид хэрхэн гарсан ёсыг төв хязгаарын хуврагуудын аймгийн хамт номлох, өөр өөрийн хувьд таарсан дээдийн номыг судлах арвидуулах хэрэгтэй талаар өгүүлсэн байна. Нийт 27 хуудастай.

Зава Дамдин гавж энэхүү  номынхоо эхний 2 бүлгийг 1919 онд бичсэн бөгөөд дундаа 10 гаруй жил завсарлаж 1931 онд бичиж дууссан хэмээн үзсэн байдаг.

 XX-р зууны хориод онд гарсан “Алтан дэвтэр”-ээр Монгол чойнжингүүдийн алтан үе төгсвөр болсон юм хэмээн Энэтхэгийн монголч эрдэмтэн Локеш Чандра нэгэнтэй өгүүлж байжээ.

Хар бэх улаан шунхаар 7 мөрөөр бичсэн.

Судрын хэмжээ:53.0×8.3 см

Бичвэрийн хэмжээ:46.5×6.0 см

Дансны дугаар:10783

МУҮНС-ийн Төвөд номын сан хөмрөг.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: