Мэдээ, мэдээлэл

УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталог хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Парламентын номын сангийн талаар танилцуулж, “мэргэжлийн болон олон улсын стандарт, жишгийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран ажиллахаар болж буй”-д баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болж буй 33 дахь Номын баярын өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа бэлгэшээж буйгаа илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилж, зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн туурвисан “Үндсэн үлгэр” номыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулав.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 100 жилийн түүхтэй номын сангийнхаа талаар товч танилцуулж, “Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнд ном соёлын үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно” гэдэгт илгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: