
Гэтэлгэгч дарь эх оршвой

Намрын тэргэл саран мандлыг
Мянга давхарласан шиг царайлаг,
Наргил оддын түмэн чуулганыг
Нэгэнд цогцлоосон шиг жавхаалаг
Эх дор мөргөмүй.
/Дарь эхийн магтаалаас/
Гэтэлгэгч дарь эх оршвой.
Гар бичмэл /болгомол хар цаасан дээр алтаар 4 мөрөөр бичсэн/
Хуудасны тоо:5
Хэмжээ: 22.0×07.5 cm
Намбар нанзад бурхан Дарь эхэд зориулж айлдсан магтаал.

Ногоон дарь эхийн туужаас
хутагт Аръяабал бээр Аминдэва голлосон арван зүгийн хамаг бурхдын мэлмийн өмнө “Би хамаг амьтныг бурхны оронд хоцроолгүй төрүүлэх хүртлээ нирваан үл болъюу. Хэрэв би бээр тангаргаасаа буцвал толгой минь 1000 хэсэг болон хуваагдах болтугай” хэмээн андгайлаад, бодь сэтгэл үүсгэжээ.

Аръяабал урьдахаас ч улам хичээн цаглашгүй галавт амьтны тусыг үйлдэж, цаглашгүй амьтныг гэтэлгэснийхээ дараа амьтан хэр цөөрснийг үзвээс, дундрах хийгээд дүүрэхийн аль нь ч болоогүй байсанд цөхөрч хайлсанд мэлмийгээс нь гарсан нулимснаас нэгэн лянхуа мэндлээд, дэлбээ нь нээгдсэний дотроос Гэтэлгэгч Дарь бурхан гарч, тэр бээр:

-Та бүү цөхрөгтүн. Би амьтны тусыг үйлдэх нөхрийг зохиож, цаглашгүй амьтныг гэтэлгэсүгэй хэмээн зарлигласан болой. Тэр цагт хамаг Түүнчлэн Ажирсны Мөн чанарт Цогт Вирузана / Намбар нанзад / бурхан бээр Гэтэлгэгч Дарь-Эхийг энэхүү хорин нэгэн мөргөлт магтаалаар магтсан бөлгөө.