
Тэнгэрээс заяатай богд Чингис хааны домог оршив.
Уг зохиол нь Гонлүн хийдийн ширээт лам Цахар гэвш Лувсанчүлтэмийн “Сайн найлзуур огоот гарахуй хэмээгдэх” зохиолоос Буриадын Онон цүүгэл дацан буюу Төгс буянт өлзий хутгийн ном арвитгагч хийдийн шавь хэмээх Вагиндара сумади галва бадра дана буюу Агваанлувсангалсанжамба “Богд Чингис хааны домог” хэсгийг товчлон авч модон бараар арван тавдугаар равжунгийн гутгаар могой жил буюу 1869 онд хэвлэн гаргасан байна.

Эл зохиолд Чингис хааны дээд язгуурыг Энэтхэгийн Олноо өргөгдсөн хаанаас эхлэн Хүзүүн сандалт хаан. Хүзүүн сандалт хаан хэрхэн төвдөд ирсэн ба Төвдийн анхны хаан болон суусан. Түүнээс эхлэн огторгуйн долоон ширээт хааны отгон Срив ти занбо хааны хөвгүүн Тигүм занбо хааныг Ло ам нэрт түшмэл хороосонд гурван хөвгүүд нь газар бүр дутааснаас хойш их хөвгүүн нь Бүдэ гүнжал хэмээх төвдийн хаан болжээ. Отгон хөвгүүн нь Гонбогийн орноос Гоо марал хэмээх охиныг хатан болгон аваад Монголын газраа ирж Баянгол хэмээх усны захын ууланд суухын цагт өөрийн овог язгуур хийгээд хаанаас ирсэн орон нутаг ба ирсэн шалтгаан нөхцөл тэргүүтнийг тодорхойяа өгүүлсэнд Пида хэмээх улс аймгийн ноён болгон хүндэлснээр тэнгэрийн хөвгүүн дурдаж хэмээн алдаршжээ. Түүний хөвгүүн Батцагаанаас Бодончар хүрээд Бодончар нь өсөөд баатар хүч нь тэнсэлгүй бөгөөд Боржигон хэмээгч их монгол улсын аймгийн ноён болон хүндлэгдсэнээр овог язгуур нь Боржигон хэмээн алдаршжээ.
Есүхэй баатарт зургаан хөвгүүн төрснөөс их хөвүүн нь бурхан багшийн мэндэлсний төмөр бичин жилээс хоёр мянга нэгэн зуун хорин гуравдугаар бөгөөд гутгаар равжингийн арван зургаадугаар усан морин жилд хувилсны нэрийг Тэмүжин хэмээн нэрийдвэй. Энэ бээр цогт очирваанийн хувилгаан тэнгэрээс заяатай газрын эсрэн хүчний хүрд орчуулагч хэмээн алдаршжээ. Тэмүжин өөрийн хорин найман насны шороо тахиа жилд Хэрлэн мөрний хөвөөнд сууж Монгол улсын хаан болон эрх орчуулсан. тэр өдрөөс эхлэн гурван өдөр дараалан дөрвөлжин үхэр чулуун дээр нэгэн шувуу Чингис чингис хэмээн дуурснаар түүгээр билэг зохиож оны цолыг Чингис хэмээн алдаршуулбай.

Эл зохиолд ийнхүү Чингис хааны домгийг товчхон бичсэн бөгөөд Жавзандамбын долоодугаар дүр хүртэл монголд шашин хэрхэн дэлгэрснийг түүхчлэн бичжээ.
3742/96 дансны дугаартай.
45х9см хэмжээтэй.
Буриад барын судар болно. Орос цаасан дээр хэвлэсэн. 20 хуудастай сударчилсан хэлбэртэй. Шунх ба хар бэхээр хэвлэсэн.