
Сайн үгт эрдэнийн сан “Субашид”
Ухаантан мэргэд эрдмийн сан эзэгнэвч
Увидас билгийн ном хаа холоос зөөнө
Усан далайн сан хэмжээлшгүй их боловч
Урсгал мөрөн бүгдийг хурааж авах мэт.
/Эрдэнийн сан Субашидаас/
Сажа Бандид, XIII зууны эхний үед Субашид гэдэг шүлэглэлийг төвд хэлээр зохиожээ.
Сажа Бандид Гунгаажалцан нь (1182 – 1251) Төвөдийн Зан мужийн хүн, Сажа (Цайвар шороот) нь түүний уг нутгийн нэр, Бандид гэдэг нь Энэтхэг оронд очиж хүртсэн эрдмийн цол юм. Энэтхэгт бүх эрдэм ухааныг таван зүйлд хуваадаг байсан ба таван ухаанд мэргэжсэн хүнд Бандид цолыг олгодог байжээ. Гунгаажалцан (Дарма дуваза буюу Баясгалант ялгуусан тэмдэг) нь түүний жинхэнэ нэр боловч Сажа Бандид гэж ихэд алдаршсан. Сажа Бандидыг XIII зууны дундуур үед Өгөөдэйн хүү Годан Хөх нуурт нутаглаж байхдаа анх залж авчирсан байна. Тэгэхдээ Сажа Бандид ач хүүгээ дагуулж ирсэн, тэр нь алдарт Пагба лам юм. Сажа Бандид, монгол үсгийг зохиосон домог байдаг.

Энэ номын бүрэн нэр нь санскритаар Субашид радна ниди, төвөдөөр ༅༅༎ལེགས་བཤད་རིན་པོ་ཆེའི་གཏེར་ཞེས་བྱ་བ་བཞུགས་སོ༎ /Лэгшад ринбочей дэр/ монголоор Сайн үгт эрдэнийн сан, Монголд Субашид гэж товчилсон нэрээр алдаршсан ба Төвөдөд Сажа лэгшад гэж алдаршсан байна. Сажа Бандид, Монголд XIII зууны дундуур үед уригдан залагдаж байсан тул түүний зохиолыг Сажа Бандидыг амьд байхад монгол хэлэнд орчуулсан байх магадлалтай хэмээн зорим судлаачид үздэг. Гэвч энэ тухай тодорхой баримтгүй байна. Харин XIII зууны эцсийн үед Субашидыг орчуулаад хэвлэж байсан юм.

“Эрдэнийн сан Субашид” бол сургаалийн шүлгээр үл барам нийт Монголын хуучин уран зохиолд чухал нөлөө үзүүлсэн зохиол болно. Тийм ч учраас ард түмний дунд “Уйлъяа гэвэл Ушаандрыг, Суръяа гэвэл Субашидийг” гэсэн зүйр үг гарсан байна. Ц. Дамдинсүрэн : “Эрдэнийн сан Субашид” номоос
Субашид 9 бүлэгтэй бөгөөд бүлгийн гарчиг нь:
- Мэргэн цэцнийг танихын аймаг
- Дээд ихсийг танихын аймаг
- Муу тэнэгүүдийг танихын аймаг
- Сайн муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг
- Сайн муу явдлыг тахихын аймаг
- Ер юмны чухам голыг тахихын аймаг
- Ер зохисгүй юмыг танихын аймаг
- Ер явах явдал үйлийг танихын аймаг
- Номоор явахын ёсыг танихын аймаг .
хэмээн ангилсан байдаг.

Субашидыг XIV зуунд тарнич тойн Сономгара, XVIII зуунд Урад хошууны мэргэн гэгээн Дамбажалсан, 1778 онд Цахар гэвш Лувсанчүлтэм, XIX зууны сүүл үед Буриадын Агын дацангийн ширээт лам Лувсанринчен буюу Сумади Радна гээд үе үеийн бичгийн мэргэд төвд хэлнээс орчуулсаар иржээ. Мөн нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Субашидыг Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулга тайлбарын хамт эмхэтгэн хэвлүүлж байсан бөгөөд тус номондоо 1206 оноос урьд дөрвөлжин үсгийг өргөн хэрэглэж байх үед дөрвөлжин үсгээр Субашидыг хэвлүүлж байсан талаарх баримтыг дурдсан байдаг.
Дансны дугаар:М0056751-001
Барын төрөл: Хятад модон бар
Хуудас: 1Б-38А
Хэмжээ:37.0×8.0 см /цаасны/
32.0×6.0 см /бичвэрийн/