
МОНГОЛ ГАНЖУУРЫГ ДАХИН ХЭВЛЭЖ, ТҮГЭЭХ ЁСЛОЛ БОЛОВ.
Монгол Ганжуурыг дахин хэвлэж, түгээх ёслол өнөөдөр буюу XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх хар барс жилийн намрын дунд сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр Гандантэгчилэн хийдийн Батцагаан дуганд боллоо.
Ганжуур нь Бурхан багшийн сургаал айлдварын эмхэтгэл “Зарлигийн хураангуй” гэсэн утгатай 108 ботиос бүрдэх Буддын шашны ариун судрын цоморлог бөгөөд XVI зуунд Алтан хааны зарлигаар ихэнх судар нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн Лигдэн Хутагт хаан 1628-1629 онд Ганжуурыг алт мөнгөөр бүтээлгэж байжээ.
Лигдэн Хутагт хааны бүтээлгэсэн монгол шунхан барын Ганжуур Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй бөгөөд 1956-1958 оны үед Энэтхэгийн эрдэмтэн Ачаръяа Рагу Вира уг Ганжуурын эх судрыг гэрэл зурагт буулгасныг түүний хүү профессор Локеш Чандра 1979 онд анх удаа бүрэн цогцоор нь Энэтхэгт хэвлүүлсэн юм.
Уг Ганжуурын 108 ботийг дахин хэвлэж, Монгол Улсын их дээд сургууль, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагууд, Бурхны шашны сүм хийдүүдэд хүлээлгэн өгөх ёслол болов.
Ёслолын дараа уг номыг дахин хэвлэсэн Индира Гандийн нэрэмжит Урлагийн үндэсний төвийн төлөөлөл Монгол Улсын Үндэсний номын сангаар зочилж, Ганжуурын уг эхтэй танилцан уулзалт яриа өрнүүллээ.
Энэ үеэр Монгол-Брахми бичгийн олон улсын нийгэмлэгийн тэргүүн, эрдэмтэн, доктор Солонгод Л.Хурцбаатар Энэтхэгээс гаралтай брахми бичгийн тархалт хийгээд монголчууд өөрийн хэлнээ тохируулан авч хэрэглэж байсан баримт нотолгоо болох Хүйс толгойн бичээсийн талаар зочдод танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.