
ЖАЛЗЭ ТЭМБАН ГАНЖУУР.
МУҮНС-ийн Төвөд номын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ганжуур судруудын дотор Жалзэ Тэмбан хэмээх ховор бөгөөд чухал түүхэн хэрэг явдалд холбогдох 111 боть, маш сайхан хичээнгүй нарийн үсэгтэй, бичмэл Ганжуур байдаг.

Жалзэ-тэмбам хэмээх нэрийг зарим судлаач нар Төвөдийн Жалзэ хааны зарлигаар босго давуулж, гадагш гаргахыг хорьсон, хатуу цаазтай нандин эрхмийн ном болохыг заасан үг хэмээн хэлдэг ч зарим судлаач нар урьд гарсан Ганжууруудын алдаа мадгийг нарийвчлан тунгаан засаж хамгийн мадаггүй, дээд зэргээр шалган шүүж байцааж зөв эхийн гэрч тэмдэг болгосон буюу “байцаан шалгасан гэрч тэмдэг” гэсэн үг гэж нэрлэдэг.

Уг Ганжуурыг тавдугаар Далай лам Лувсанжамц Төвөдийн газраас Өндөр гэгээн Занабазарт 1671 онд бэлэг болгон өргөж байжээ. Тухайн цаг үед Төвөдийн зарим ихэс дээдсүүд эртний түүхэн цаг үед хамрагдах ховор нандин ‘ЖАЛЗЭ ТЭМБАН ГАНЖУУР’ -г өргөсөнд дургүйцэж ЖАЛЗЭ ТЭМБАН Ганжуураа буцаан авахаар араас нь цэрэг илгээсэн гэдэг.
Энэ талаар урьдчилан мэдсэн Өндөр гэгээн Занабазар ЖАЛЗЭ ТЭМБАН ГАНЖУУРАА хавцалд нуугаад ганцаараа хүлээж байж. Төвөдүүдийг ирэхэд “Жалзэ Тэмбан” түргэн өртөөгөөр явсан, одоо Монголын хилийг давсан гэж хэлээд буцааж байжээ.

Энэхүү Ганжуур нь хүнд, шаравтар, гөлгөр төвөд цаасан дээр хятад хар бэхээр маш цэвэр гоёмсгоор бичсэн Ганжуур юм.
цаасны хэмжээ нь 70.5х25.2 см,
бичвэрийн хэмжээ нь 59.0х14.5 см,
нэг хуудсанд байх мөрийн тоо 8.
Мөн хуудас бүрийн 4 дэх мөрөнд буюу голын мөрөнд улаан бэхээр хоёр дугуй тэмдэглэгээ тавьсан байдаг.
1925 онд Богдын цагаан ордноос хураагдаж, Судар бичгийн хүрээлэнгээр дамжигдан МУҮНС-д ирсэн. Нийт 111 боть байхаас 110 нь Төвөд номын сан хөмрөгт, 1 боть нь Үнэт ховор номын музейд хадгалагдаж байна.