Цаасан баримтат өвийн сэргээн засварлалт

Цаасан баримтат өвийн сэргээн засварлалт

Цаасан дээр бичиж, сийлж, зурж тэмдэглэж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгалыг цаасан баримтат өвд хамруулан авч үздэг. Сэргээн засварлалт гэдэг нь баримтат өвд гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлж, нэгэнт үүсэн бий болсон гэмтлийг саармагжуулах, гэмтэж муудаж буй шалтгааныг тогтоон илрүүлж, цаашид нэмэлт гэмтэл үүсэх явцыг зогсоох зорилгоор хийгддэг ажил юм. Өөрөөр хэлбэл баримтат өвийн анхны хэлбэрийг алдагдуулахгүйгээр хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор сэргээн засварлалтыг хийдэг. Ингээд сэргээн засварлалтын эхний 2 үндсэн ажиллагаа болох баримтын гэмтлийн төрөл, тэдгээрийг тодорхойлох болон баримтанд цэвэрлэгээг хэрхэн хийх талаар нарийвчлан дурдъя.

Цаасан баримтын гэмтлийн төрлүүд

Цаасан баримтууд хадгалалтын бус орчин нөхцөл болон хүмүүсийн буруу үйл ажиллагаа зэргээс болж гэмтэж муудаж байгаагаас үүдэн тэдгээрийг сэргээн засварлах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Цаасан баримт нь дараах 3 гол хүчин зүйлээс болж гэмдэг. Үүнд :

1. Механик гэмтэл

Цаасыг зориулалтын бус орчин нөхцөлд хадгалах болон цаасан баримттай буруу харьцсанаас болж механик гэмтэл үүсдэг. Энэ төрлийн гэмтэлд урагдах, үрчийж атирах, зүсэгдэх, хурууны хээ, скоч болон цавууны үлдэгдэл зэрэг гэмтлүүд багтана.

2. Хими болон физикийн гэмтэл

Ус, нарны гэрэл, гал, агаарын бохирдол, орчны бохирдол гэх мэт нь энэ төрлийн гэмтэл үүсэх шалтгаан болдог. Төрөл бүрийн толбо /ус, тос, бэх/ болон түлэгдсэнээс үүдсэн цоорхой зэрэг гэмтлийг энэ төрөлд хамруулдаг.

3. Микробиологийн гэмтэл

Чийгшил ихтэй, агаарын солилцол багатай нөхцөлд цаасан баримтыг хадгалснаас тэдгээрт хөгц мөөгөнцөр зэрэг микробиологийн гэмтэл үүсдэг. Мөөгөнцөр нь цаасан баримт дахь хамгийн түгээмэл тохиолддог гэмтлүүдийн нэг учраас энэ талаар товч дурдъя.

Мөөгөнцөр

Мөөгөнцөр нь гаднах хэлбэрээрээ утас, од шиг хэлбэртэй бөгөөд энэ нь

-идэвхитэй мөөгөнцөр /нойтон, чийгтэй, юман дээр наалдамхай шинж чанартай байна./

-идэвхигүй мөөгөнцөр гэсэн 2 янз байна. /хатуу, хатсан, нунтаг байдаг учраас сойзоор сойздоход амархан арилдаг./

Мөөгөнцөр нь хэзээ ч үхдэггүй бөгөөд ургах таатай орчинд шилжихэд дахин идэвхижин сэргэдэг учраас мөөгөнцөрийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхгүй байх нь хамгийн чухал юм.

Мөөгөнцөрийн амьдрах таатай нөхцлүүдийг дурдвал :

- Чийгшил 60%-иас илүү гарахад ихэнх мөөгөнцөрийн амьдрах таатай орчныг үүсгэдэг.

- Дулаан 20-25оС хүрэхэд /Гэвч хасах градуст ч мөөгөнцөр байж л байдаг/

- Хүчиллэгийн хэмжээ буюу Ph хэмжээ 4.5-6.5 хэмжээтэй байвал мөөгөнцөр үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг байна.

Мөөгөнцөртсөн ном бодисын солилцоонд орсоноор тэр нь агаарт тарж хүчил үүсгэдэг ба ингэснээр баримтыг хугарамтгай бутрамтгай болгох гэх зэргээр асар их хэмжээний гэмтлийг дагуулдаг. Ном судрын цаасанд мөөгөнцөр үүссэнээр цаасны өнгийг улаан, шар, хөх, ногоон, ягаан, хар гэх мэтээр өөрчилдөг бөгөөд тэр өнгийг арилгахад хүндрэлтэй байдаг.

Дашрамд сонирхуулахад 1 ширхэг зүүний толгойн дээр л гэхэд 250 мянган төрлийн мөөгөнцөр байдаг бөгөөд харин бидний гар утсан дээр 00-ын өрөөний суултуураас 18 дахин их төрлийн бактери байдаг байна.

Тэр ч байтугай мөөгөнцөр нь хүний биед хохирол учруулж, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж илэрдэг учраас мөөгөнцөртэй орчинд ажиллахдаа маск, бээлий гэх мэт зориулалтын хувцас өмсөх шаардлагатай.

Мөөгөнцөрийг устгахдаа хамгийн түрүүнд ургах таатай бус орчныг бүрдүүлэхээс гадна мөн 50оС-ийн дулаанд 8 цаг байлгах, эсвэл 380 нанометрийн хэт ягаан туяагаар шарж устгах, 70-75%-ийн этилийн спиртээр арчих зэрэг аргуудыг хэрэглэдэг.

Цаасан баримтанд цэвэрлэгээ хийх

Тухайн баримтын гэмтлийг тодорхойлсны дараа цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Баримтын тоосыг цэвэрлэх нь тухайн өвийг хамгаалах хамгийн энгийн арга гэж хэлж болох юм. Тоос шороо, төрөл бүрийн бичил тоосонцор цонхны завсар зайгаар орж баримтын цаасыг гэмтээдэг. Тэрхүү тоосыг арчиж арилгасанаар номын чанарыг муутгаж байдаг бичил тоосонцоруудыг устгаж, баримтыг хамгаалж чадах юм. Тиймээс сэргээн засварлахын өмнө цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай. Цаасан баримтыг цэвэрлэх хуурай цэвэрлэгээ болон усан цэвэрлэгээ гэх 2 арга байдаг. Энэхүү хоёр аргыг материалын шинж чанар, бичвэрийн онцлогоос хамаарч зарим тохиолдолд хавсарч хийдэг. Сэргээн засварлах бүх цаасан баримтанд хуурай цэвэрлэгээг зайлшгүй хийх шаардлагатай юм.

Үүнд :

1. Хуурай цэвэрлэгээ

·Бүх төрлийн зөөлөн багс, бийр ашиглан хуурай цэвэрлэгээ хийж болно.

·Хуурай алчуураар зөөлөн үрж, тоосыг цэвэрлэх

·Тоос сорогчоор соруулах

Эмзэг, хугарамтгай материалтай баримтын тухайд эсгийн дээр тавиад, модон хүрээ бүхий тор дээрээс нь тавьж тоос сорогчоор соруулах замаар тоосыг нь авч болно.

·Нунтаг баллуур ашиглан цэвэрлэх

Баримтын цэвэрлэх хэсэгт бага зэрэг нунтаг баллуур асган дээр нь хуруугаараа дарж, нарны тойргийн дагуу зөөлөн эргүүлэн үрнэ. Ингэхэд баллуур нь хир болж, баримтын бохирдол багасдаг. Хэрэв зориулалтын нунтаг баллуур байхгүй бол энгийн баллуурыг зүсч нунтаг болгон ашиглаж боломжтой.

2. Усан цэвэрлэгээ

Дээр дурдсанчлан материалын шинж чанар, бичвэрийн онцлогийг харгалзан үзэж усан цэвэрлэгээг хийдэг. Сэргээн засварлагчид цаасан баримтыг химийн бодис ашиглан цэвэрлэхээс зайлсхийж, зөвхөн усаар цэвэрлэхийг чухалчилдаг бөгөөд энэ нь тухайн баримтын үнэ цэнийг алдуулахгүй, хэвээр нь үлдээх гэсэн зарчимтай холбоотой. Баримтанд усан цэвэрлэгээ хийх нь цааснаас төрөл бүрийн бохирдлыг арилгах, цаасны механик шинж чанарыг сайжруулж, элэгдэлтийг удаашруулж өгдөг. Баримтыг усаар цэвэрлэхийн өмнө тамга болон бичвэр усанд тэсвэртэй эсэхийг шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд нарийн модыг бага зэрэг хөвөнгөөр ороогоод чийглэн бичвэрийн аль болох анзаарагдахааргүй хэсэгт сорилыг хийдэг. Нэлээд бохирдолтой номын тухайд усан цэвэрлэгээг хийхдээ бүлээн ус хэрэглэвэл илүү зохимжтой юм. Цаасан баримтанд усан цэвэрлэгээг хийснээр баримтын гадаргуу дээр тогтсон хир, бохирдол төдийгүй усанд норж шарласнаас үүдсэн шар толбыг бүдэгрүүлж, арилгах сайн талтай. Усан цэвэрлэгээ хийхдээ нэрмэл усыг хэрэглэнэ.

 

Сэргээн засварлагч Б.Отгонтуяа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    7-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2021 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola