Буцах
Г.Аюурзана: Үндэсний номын сангаас бидний сэтгэлгээний дээд оргил руу тэмүүлэх хүсэл эрмэлзэл сонсогддог
Ангилал: Мэдээ
Огноо: 2021/11/17 20:45
Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойг тохиолдуулан СГЗ, зохиолч Г.Аюурзанатай ярилцлаа.
-Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа учир таньтай номын сангийн талаар ярилцах гэсэн юм. Үндэсний номын сангийн 100 жилийн ой монголчуудын хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Улс үндэстнээр овоглосон номын сан гэдэг тухайн орны хамгийн том баялаг байдаг. Тухайн цагтаа Александрийн номын сан ч Македоны эзэнт гүрний бэлгэ тэмдэг болж байсан. Юань гүрний хааны номын сан ч төрөөс онцгойлон дархалсан объект байсан нь ийм учиртай. Өнөөдөр дэлхий дээр оюуны хөгжлөөр манлайлагч, соёлоороо түүчээлэгч, түүхэн эх сурвалжаар хамгийн баян улс орнууд гэдэг нь ердөө л дээд зэргийн номын сантай байсан улсууд шүү дээ. Танай сан хөмрөгт байгаа “Лу.Алтан товч” судрыг гэхэд л Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал Жамъян гүн Сэцэн ханы нэгэн тайжийн гэрээс авч залсан гэдэг байх аа. Тэгэхээр үе үеийн нүүдэлчин сэхээтнүүдийн өв дээр эх хөрөнгө нь бүрдсэн, тэндээсээ өргөжиж бүрэлдсэн номын сан гэдэг утгаараа танай номын сангийн нас 100-гаар хэмжигдэхгүй гэж бодож байна. Саяын дурдсан ганцхан судар л гэхэд, “Монголын нууц товчоон” гарцаагүй монгол хэлээр бичигдсэн, бусад нүүдэлчдийн түүхэнд төсөөлөгддөг ч үгүй тэр аугаа сэтгэлгээний гайхамшиг бидний өвөг дээдсийн язгуур ололт юм аа гэдгийг баталдаг. Зөвхөн нэг судрынх нь үнэ цэн тийм байхаар танай сан хөмрөг бол үнэлшгүй.
-Та анх хэдэн онд ямар номын санд орж байв. Анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Баянхонгор аймгийн нийтийн номын сан. Хүүхдийн тасгийн эрхлэгч нь н.Мянган гэж эгч байсан. Би 3-р ангид байхдаа хүүхдийн гэгдэх бүх л номыг нь уншиж дуусгаж билээ. Тэдгээрийн дотор “Геракл баатар”, “Нибелунгуудын дуулал”, “Робинзон Крузо”, “Гулливерын аялсан түүх”, “Эрдэнэсийн арал” гээд хүн төрөлхтний үгийн урлагийн амин сүнсийг тээсэн зохиолууд байсан нь миний аз гэж бодож явдаг. Тэр үеэс л номын сангийн уншлагын танхимын нам гүм агаарын үнэрт их дуртай болсон доо.
-Номын сантай холбоотой хамгийн тод, гэгээн дурсамж юу вэ?
-8-р ангид байхдаа яруу найргийн амтанд орж, монгол яруу найрагчдын бүх түүврийг аймгийн номын сангийнхаа нийтийн уншлагын танхимд уншсан. Б.Явуухулангийн “Намрын мөнгөн өглөө” хэмээх шилмэл эмхэтгэлийг тэнд л хэдэн орой шимтэн уншиж билээ. Зарим нэг онцгой гоё шад таарахад номоо бариад ухасхийн босмоор, өөр хүмүүст үзүүлж, хэнтэй ч хамаагүй цугтаа ахин уншмаар санагддагсан. Бас анхны шүлгүүдээ би тэр л нийтийн уншлагын танхимд тэрлэж байсан.
-Таныхаар номын сан гэж юу вэ. Өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Эрдэнэсийн уурхай. Яагаад сан биш, уурхай гэж хэлмээр санагдав аа гэвэл, номоос авах эрдэнэсээ хүн эрж хайж олж түүж авдаг. Тиймээс тодорхой хөдөлмөр, эрэл хайгуул л номын үнэ цэнийг жинхэнээс нь тодруулдаг.
–Номын сан хэмээх байгууллагын талаарх таны хэлж буй энэ тодорхойлолт хэдий үед таны ой тойнд буусан бэ?
-Уншиж сурах гэж, голтой уншдаг болох гэж би бараг 40 жил мэрийж явна. Ер нь уншигч байхыг мэргэшил гэвэл насан туршаа суралцаад ч мэргэших чинээнд хүрдэг эсэх нь эргэлзээтэй ажил бололтой. Юутай ч нэг сайн тал өөрт суусан минь номыг, номын санг чин сэтгэлээсээ эрхэмлэн хүндэтгэх үзэл юм даа.
-Өнөө жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний номын санд хэдэн онд орж ирж сууж байв?
-Хамгийн анх 1994 онд орж байсан. Миний бага нас хөдөө өнгөрсөн, нутгаасаа шууд Орос руу сургуульд явсан. Зуны амралтаар нутаг руугаа л явчихдаг байсан болохоор 24 хүрч байж л улсынхаа Төв номын сангийн босгоор алхаж үзсэн хэрэг шүү дээ.
-Үндэсний номын сангийн ирээдүйг та ямраар төсөөлж байна. Техник технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед Монголын Үндэсний номын сан ямар байгаасай гэж бодож явдаг вэ?
-Технологийн хөгжил орчин цагийн номын санд тусгалаа олоод л явчих байлгүй. Гэхдээ цэмцийсэн хоосон дэлгэцүүдээр ч юм уу, үзүүлэн шиг өрсөн, хүрэх хориотой мэт үзмэрүүдээр битгий дүүрчихээсэй гэж бодож байна. Ном өөрөө сэтгэлгээний хязгааргүй уудам цар хүрээг илэрхийлэгч учраас номын сангийн маань орчин сэтгэлгээний дээд түвшний урлагаас бүрдсэн байгаасай гэж хүсч байна. Хүүхэд залуус гаднаас нь хараад л “Энэ тэс ондоо ертөнц юм байна” гэсэн төсөөллийг авч, тэр төсөөлөлдөө хөтлөгдөж ормогцоо “Оюун санааны диваажинд хөл тавьчихлаа” гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхүйц тийм л засал шийдэлтэй, уур амьсгалтай ордон байгаасай гэж хэлмээр байна. Бага насны жаалууд ороод үлгэрийн баатруудтай тоглож, дуртай хүүхэлдэйн киногоо ч үзэж болдог, аз жаргалын өргөөг бий болгоосой гэж сануулмаар байна.
-Та Үндэсний номын сан төдийгүй 21 аймгийн номын сангийн сан хөмрөгт өөрийнхөө бүтээлийн дээжээс хандивладаг сэхээтэн, энэ үйлсэд оройлж оролцдог, өөрийн биеэр үлгэрлэдэг цөөн хүний нэг. Номын санд ном хандивлахын ач тус нь юу юм бэ?
-Номын сан гэдэг өөрөө үндэстний ой санамж юм. Бас олон хүний гайхал бахдал шингэсэн хуудас гэдэг өөрөө амь ороход бэлэн болсон эрчим хүчний эх ундарга юм. Эд зүйлс ч бас оюун сүнстэй гэж би боддог. Өвгөчүүл сөхөж хараа ч үгүй судартаа мөргөж адис хүртдэгийн нэг учир нь оюуны бүтээлд өөрийн сүнс бий гэдэгт итгэснийх юм. Тэр утгаараа номын сан бол ариун сүнсний орон, номын хандив бол оюуны өргөл гэж ойлгодог.
-Үндэсний номын сангийн энэ цаг үеийн уншигч, ирээдүйд энэ өргөөнд ирэх залуус дүү нартаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бидний багад “Сур, сур, бас дахин сур” гэдэг сургаал хаа сайгүй хадаатай байдаг байж билээ. Үүнийг бид “Унш, унш, бас дахин унш” гэсэн үг гэж ойлгож өссөн. Тэр нь ч бидэнд хэрэг болсон. Ном уншихын ашгийг ном уншдаг хүн өөрөө л мэднэ. Ном уншдаг хүүхэд ядаж л наанатай цаанатай, хүнд ч, амьтанд ч энэрэнгүй ханддаг, бусдад мууг хийдэггүй голтой хүн болж өсдөг гэдэгт би эргэлздэггүй. Хамгийн муу номоос ч хамгийн сайхан бодол төрж болно. Мэдээж, муу номонд цагаа гарздахгүй бол сайн. Гэхдээ ямар ч ном сөхөж харахгүй явахаас хол дээр шүү дээ.
-Үндэсний номын сангийн 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж юу хэлэхсэн бол?
-Үндэсний номын сан гэж үнэхээр сайхан үг шүү. Цаанаас нь бахархал, бидний түүх соёл, сэтгэлгээний дээд оргил руу тэмүүлэх хүсэл эрмэлзэл сонсогддог. Өөр ямар ч байгууллагын нэр ийм сайхан бахархлыг гүндээ агуулдаггүй. Ийм гайхамшигт уурхай маань орчин цагийн жишгээр ажиллаад 100 жил болжээ. Өнгөрсөн 100 жилд монгол үндэстэн оюун санааны хувьд өсч торнисоны нэг том, магадгүй хамгийн чухал бэлгэдэл нь болсон гэдэг утгаараа энэ 100 жилийн үнэ цэн 1000 жилтэй ч дүйж мэднэ. Номт монгол түмэн минь өнө мөнх наслах болтугай!
Ярилцсан Ц.БАЯНМӨНХ