Буцах
Их үйлсийн эзэд
Ангилал: Мэдээ
Огноо: 2021/11/17 20:53
Монголчууд нэн эртнээс эхлэн бичиг үсгийг эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн. Нэгэн цагт дэлхийн хөгжлийг тодорхойлж, эрх тэгш зарчмыг тунхаглан явсан үе буй хэдий ч дотоодын үймээн самуун туйлдаа хүрч, эв эеэ алдсанаар бууран доройтож, харь Дайчин улсын захиргаанд автагдаж байсан ч бичиг соёлын хувьд тусгаар байв. Улмаар ХХ зууны эхэн үеийн дэлхийн улс орнуудын улс төрийн байдлын нөлөөгөөр бүх монголчууд нэгдэн нийлж, тусгаар улсаа сэргээн мандуулж, өөрсдийн хаан Богд гэгээн, Эх дагинаа төрийн арслан суудалд залж, он цагаа Олноо өргөгдсөн хэмээн тоолох болж, Монголын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэдийг урин авчирснаар шинэ Монгол улс дахин дэлхийн тавцанд өөрийн байр сууриа эзэлсэн түүхтэй билээ.
Энэ цаг үеэс бүх монголчуудын дотор дэлхийн бусад улстай эн тэнцүү харилцаж, орчин цагийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад нэн тэргүүнд ард олноо боловсролтой улс болгоход гол анхаарлаа хандуулжээ. Тухайн үед буриадаас Жамсраны хөвгүүн Цэвээн, Өвөр Монголоос Дэмчигдоржийн Дандаа чинсан зэрэг олон эрдэм чадалтай хүмүүсийг цуглуулсан нь хойчийн номын хүрээлэн байгуулагдах үндэс суурь болсон юм. Ж.Цэвээн тэргүүтэй мэргэд хойчийн Монгол Улс хэрхэн хөгжих гол тулгуурыг боловсролтой монгол хүн хэмээн онцгойлон анхаарч байв. Хэсэг хугацаанд улс төрийн байдал тогтворгүй болсноор ном судар орчуулах, хэвлэх, олж эрэх зэрэг ажил тасалдсан юм.
Улмаар Ардын засаг тогтнохтой зэрэгцэн улс түмнээ соёлжуулах их үүрэгт буриад Шарайд овгийн Жамсрангийн Цэвээн тэргүүтэй бичгийн мэргэд дахин идэвхтэй ажилласны үр дүнд, Олноо өргөгдсөний арваннэгдүгээр он арван сарын шинийн 9 бөгөөд европын арваннэгдүгээр сарын 9-ний (1921.11.09) өдөр хуралдсан Засгийн газрын 22 дугаар хуралд нэгэн чухал үйл явдал болсон нь “Номын хүрээлэн” байгуулах төслийг өргөн барьж шийдүүлсэн байна.
Тус хурлын тогтоолд заахдаа: “…Аравдугаар зүйл. Нийслэл хүрээнээ номын хүрээлэн байгуулахыг хэлэлцээд бидний Монгол Улс, ном бичигт нэвтэрч оюун судалгаагүй зэрлэг харанхуйгаар явах нь гагцхүү монгол бичиг хэлний ном судар сургууль судлалын зүйл цөөний харгаа буй. Иймийн тул нийслэл хүрээний газар номын хүрээлэн байгуулж, олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэгдэхийг нь өөрийнхөө хэл бичигт түүвэрлэн орчуулж, олон ардыг сурган боловсруулж, оюуныг судлуулан нэвтрүүлэхээр тогтож, энэ тухай эрхлэх хэргийг эрдэмт түшмэл Жамсрановоос бодолхийлэн зааварлаж, тусгай түшмэлийг томилон авч энэ арван сарын арванаас үүсгэн шийтгэхээр тогтов” хэмээн анхны шинжлэх ухааны байгууллагын шан татсан байна. Энэхүү хамгийн чухал шийдвэр гарснаас 10 хоногийн дараа төслөө дахин сайн хянан боловсруулаад “Номын Хүрээлэн” гэдгээ “Судар бичгийн Хүрээлэн” хэмээн өөрчлөөд, Засгийн газрын 24-р хуралд оруулан батлуулжээ. Тухайн хуралд оруулсан зүйлийг сийрүүлбэл:
“…Гуравдугаар зүйл. Манай Засгийн газраас томилон гаргасан эрдэмт түшмэл Жамсранов, сайд гүн Жамьян, гүн Дашням, түшмэл Бат-Очир нараас Монголын Нийслэл хүрээнд Судар бичгийн хүрээлэн байгуулж, гадаад олон улсын зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгээс чухал хэрэгтэйг нь Монголын үсгээр орчуулж авах. Уул Монголын үсгээр хялбар зохиож дэлгэрүүлэн монголын эрдэм боловсролд тустай болгож, 15 зүйлийн дүрэм хэмжээ жагсаан бичиж, тогтоолгохуйг эрж өргөснийг хэлэлцээд энэ зүйлийн номын хүрээлэнг нээн байгуулахаар төлөвлөсөн дүрэм хэмжээ маш зүйтэй болсон тул ёсоор болгон баталснаас гадна эрхлэх сайдыг Засгийн газраас сонгон томилж, айлтган тогтоолгох ба басхүү Судар бичгийн хүрээлэнгийн захиралд энэ удаа хэрэглэх гурван мянган ланг Засгийн газраас Сангийн яамнаа хуудас явуулж талбин олгуулахаар тогтов” хэмээн баталжээ.
Улмаар тухайн цагийн ёсоор наран гэрэлт түмэн наст Богд хаанд “Судар бичгийн хүрээлэн” байгуулах тухай төслөө өргөн барьж, мутрын тэмдэг даруулснаар орчин цагийн шинжлэх ухаан үүсэх нөхцөл бүрдсэн байна.
Тухайн төсөлд дурдахдаа “Шавь сайд Бодоо, Пунцагдорж, Чойбалсан, Жамьян, Магсаржав нар сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь. Нийслэл хүрээний газар Судар бичгийн хүрээлэн байгуулж, эрхлэн шийтгүүлэх сайд түшмэлийг сонгон тогтоохоор төлөвлөн тогтсон явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад,
Богд хаантан гэгээнээр толилохыг гуйх учир шавь сайдуудын мэхийж хянаваас бидний Монгол Улс, боловсорсон олон гадаад улсын адил элдэв сургуулийн тэнхим нээж зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгийг өөрийнхөө хэл бичигт орчуулгаж сурч судлан …” хэмээн эхлээд “…иймийн тул манай Засгийн газраас Сангийн яамны тэргүүн сайд хамаарсан дэд сайд гүн Жамьяныг эрхэлсэн сайдад, эрдэмт түшмэл Жамсраног нарийн бичгийн даргад тус тус тохоож, тамга олгуулах ба гишүүн түшмэлийг дараа дараагаар сонгон авахаар төлөвлөн тогтсон ба шавь сайд Жамьяныг мөнхүү хүрээлэнгийн эрхэлсэн сайдад тохоосон тул нэрийг эс жагсаасан явдлыг хамтад гаргаж зүй нь сонсгон айлтгаж, батлуулан нийтээр зарлан тушааж дагаж явуулбаас зохихын тул хичээнгүйлэн нугалбар бичиж, хүрээлэнгийн дүрэм хэмжээ нэгэн хувийг хамтаар давшуулан айлтгаад гуйх нь
Богд хаантан гэгээнээр толилох ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Мэдэв.
Олноо өргөгдсөний арваннэгдүгээр он арван сарын 22, европын арваннэгдүгээр сарын 22” хэмээн мутрын тэмдэгээ даран баталгаажууснаар буриад, халх, өвөрлөгч эрдэмтэн мэргэдийн чуулган болсон “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсан түүхтэй билээ.
1927 оны байдлаар номын сан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байна. Үүнд:
Жамьян. 62 настай. Намын гишүүн. Хан хэнтий уулын аймаг, Баянтүмэн хан уулын хошуу, Баянбулган уулын сум, хоёрдугаар баг, хоёрдугаар арван. Ардын засаг мандснаас хойш Сангийн яамны дэд сайд, Ардыг гэгээрүүлэх яамны сайд, Судар бичгийн хүрээлэнгийн дарга.
Цэвээн. 47 настай. Буриад, Хүрээлэнгийн гишүүн, намын гишүүн. Мөн оюутны сургуулийн багш, эдийн засгийн зөвлөлийн боловсронгуй гишүүн, төв хянан байцаах комиссын орлох гишүүн.
Бат-Очир. 53 настай Ардын засаг мандсанаас хойш Гадаад яамны туслах түшмэл, бага сургуулийн багш, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн.
Шагж. 40 настай. Ард лам. Судар бичгийн хүрээлэнд төвд үсгийн орчуулагч. Монгол, төвд, манж хэл бичиг мэднэ.
Дандаа. 63 настай. Судар бичгийн хүрээлэнд хятад бичгийн орчуулагч. Манж, хятад сургуульд явсан. Монгол, хятад, манж, төвд хэл бичиг мэднэ. Юан улсын хятад түүхийг орчуулсан.
Эрдэмбаяр. 20 настай. 1925 оны 7 сараас эхлэн хүрээлэнгийн номын сан хадгалагчаар эхлэн орж ажилласан. Одоо хүрээлэнд дагалдан сурагч.
Мөрбаяр. 19 настай. Ард лам. 1926 оноос хүрээлэнд алба хааж эхэлсэн хэмээн бичжээ.
1928 онд хуралдсан улсын тавдугаар их хурлаар тухайн үед ажиллаж байсан гишүүдийн тухай төлөөлөгчдийн асуултад хариулахдаа тухайн хүний чадварын талаар товч бөгөөд тодорхой хариулсан байна. Тухайн хэсгээс сийрүүлбэл:
“Төлөөлөгч Намхайжанцан: Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн гишүүд нь хэн хэн болох ба тэд нарын үнэхээрийн эрдэмтэй бөгөөд элдэвт боловсронгуй чадамгай хийхийг юунаас мэдсэн, ямар ямар зүйлийн эрдэмтэй болох.
Жамьян хариулахдаа: Харьяат хүрээлэнгийн дарга Жамьян болбоос монгол бичиг ба үсгийн дүрэм, Монголын түүх, тоо бодлогын ухаан, төвд үсэг зэргийг оролдмой.
Боловсон гишүүн Цэвээн болбоос Оросын Ленинградад бүхий дээд сургуульд суралцсан. Академи наукийн удирдлагаар олон удаа шинжилгээнд явсан. Монгол, орос, төвд хэл бичиг, үсгийн дүрмийн хамт ба Монголын түүх, харь хэл зэргээс гадна европ зүгийн олон эрдмүүдээс оролдмой.
Гишүүн Бат-Очир болбоос монгол, манж, төвдийн хэл, үсгийн дүрэм, түүх, хичээнгүй үсэг зэргийг оролдмой.
Гишүүн Гэлэгжамц болбоос төвд, монгол хэл бичиг, нэр орчуулга, Төвд ба Европ зүгийн зурхай, Төвд, Монголын түүх, эмийн зэргийн олон эрдэмт оролдмой.
Гишүүн Лувсан болбоос монгол, төвд хэл бичгээс гадна эмхлэх, цэгцлэх, хянах, бүртгэх зэргийг оролдмой.
Сул гишүүн Амар, Батхаан нар болмой.
Гадаадын эрдэмтнээс Холбоот улсын Академи наукийн гишүүд Ольденбург, Владимирцов, Ширбатски, Буриадын эрдмийн хүрээлэнгийн сайд Базар, хүндэт гишүүн Холбоот улсын Козлов, Франц улсын их эрдэмтэн Пеллио нар болмой.
Хүрээлэнг анх байгуулахад Жамьян, Цэвээн нарыг тоосон ба дараа гишүүд авах явдлыг өөрөө мэдэх эрх буй хэмээсэн дүрмийн ёсоор тэнцэж болохоор болов уу хэмээн бодсон хүнийг сонгон авсаар иржээ. Бас Европ ёсны зурхайч Кондратьев гишүүн бус боловч байгаль бодис ба газар орон, тоон ухааны зэрэг ангийг судлах боловсруулах явдлыг оролдох бөгөөд түүний биеийг Холбоот улсын Академи наукийн газраас ирүүлсэн. Бас газар орны зураг байдлын хүн Симоков болбоос музейг хавсран эрхлэлцмүй. Түүний биеийг эрдэмтэн орос Козлов хэрэглэж явсан билээ” хэмээн хариулснаас үзэхэд маш чадварлаг олон зүйлийн ухааныг мэддэг боловсон хүчнийг бүрдүүлэн ажиллаж байжээ.
Эдгээр боловсон хүчнүүдийг монгол орны өнцөг булан бүрд явуулж, ном судар эрэн хайхаас гадна олон зүйлийн судалгаа шинжилгээ хийлгэж байж. Мөн дэлхийн олон оронд явуулж, эрдэм ном сурган ирүүлж ажиллуулах зорилго тавьж, тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд биеийн алжаалыг үл хайхран зүтгэж явсан юм. Мөн тухайн үеийн дэлхийд нэр хүндтэй томоохон эрдэмтэдтэй нягт харилцаа холбоотой ажиллаж байв.
1929 оны Судар бичгийн хүрээлэнгийн тайланд дурдахдаа “…Бидний Монгол Улс боловсорсон олон гадаад улсын адил элдэв сургуулийн танхим нээж, зүйл бүрийн ухаан ба улс төрд хэрэглэгдэх судар бичгийг өөрийнхөө хэл бичигт орчуулж, сурч судлан оюун нээгдээгүй зэрлэг харанхуйгаар өчнөөн зуун он хоосноор болгон өнгөрүүлсэн. Цаг ямагт хүчирхэг этгээдэд боолчлогдон дарлагдаж, гашуун бэрхийг хүлээсээр бүхий нь гагцхүү шарын шашныг Төвд улсаас үндэслэж, мөнхүү хэл бичгээр дэлгэрүүлэн шүтэж бүхийгээс өөр аль ч ёсны судар бичгийг монгол хэлэнд зохиолгож дэлгэрүүлэн нийтээр сурч судлах хэргийг огт явуулсангүй назгайдан сууснаас үүдэж өөрийнхөө суртал үндсээ мэдэхгүй аль нэгэн үл нийлэлцэх ёсыг журамлаж, харгис этгээдэд хөтлөгдөн төөрөгдөж, гадаад улсад элэглэгдэн шүүмжлэгдэж явах нь энэ нэгэн зүйлийг эрхэмлэсэнгүйн харгаа буюу” хэмээн бичсэн байна.
Мөн тухайн илтгэлд “…Одоо энэхүү цугларуулан бүхий дотоод гадаадын хэлэн дээрх элдэв зүйл бүрийн ном дэвтэрүүдийн зарим нь одоо гаргаж аваад хэрэглэмүй хэмээхгүй боловч, манай Монголын эрдэм соёлын явдал хөгжин дэлгэрсээр эрдэмтэн гарахын цагт бэлэн байхул харин ашиг тус үлэмжхэн болохын дээр дэлхий дээрх эрт ба эдүгээ хийгээд ирээдүй цагийн элдэв шинжлэх ухаанд холбогдон хэрэглэгдэхгүй ном судар байхгүй бөгөөд нэгэн цагт бүртгэн гүйцэхүйеэ бэрхтэй тул эрхгүй одооноос хураахгүй болбоос ирээдүй цагт монгол эрдэмтний хэрэглэх олон ухааны бичиг шастир дутагдаж саатахын их гарз ирэх болзошгүйг урьдаас төсөөлөн мэдэх хэрэгтэй үүрэг Судар бичгийн хүрээлэнд ёстой” хэмээн бичжээ.
Ийнхүү урьдны мэргэдийн хүчин чармайлтаар одоо бидний үед бичиг соёлын хосгүй үнэт өвүүд өвлөгдөн ирснийг бахархаад баршгүй юм.
Энэ их өвийг цааш нь хадгалан хамгаалж, дараа дараагийн эрдэмтэн мэргэдэд хүлээлгэн өгөх ариун үүргийг бидний үе үүрч байна. Олон арван судлагдаагүй өвүүдийг цаашдаа олж илрүүлэн судалгаа шинжилгээнд оруулахад орчин үеийн мэдлэгээс гадна хуучны сурвалжийн хэл маш чухал болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй хэмээн санана.
Ном зүй:
Эх сурвалж
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр онд хуралдсан Засгийн газрын нэгдүгээрээс гучин Долдугаар хүртэлхи хуралдсан хурлын тогтоолууд. 3445/96
Судар бичгийн хүрээлэнгийн арван таван зүйлийн дүрэм ба албан газрын салбар ялгалыг тус бүр илтгэн жагсаав. 1921 он. 2587/96
Улсын дөрөвдүгээр их хуралд Судар бичгийн хүрээлэнгээс өргөх илтгэл. 1927 он. 2713/96
Арваннаймдугаар онд хуралдсан улсын тавдугаар их хурлын асуулт хариулт хамт
Монгол улсын арванесдүгээр онд. Намын төв хорооноо явуулсан Судар бичгийн хүрээлэнгийн үндсэн бодлого ба жич хөдөлгөөн бүхий хэргийн илтгэл хавсралт 10 зүйл. 1929 он. 2711/96
Ном хэвлэл
Монгол улсын Үндэсний номын сангийн баримтын эмхэтгэл: 1921-1971 /Эмхэт. Х.Түмэнбаяр, Ц.Мөнх ба бус; Зөвл. Ч.Батдорж, Э.Пүрэвжав ба бус;.- УБ.: Никель Декель хэвл., 2020.- 616x.: Зур .-(МУҮНС). .- ISBN 978-9919-9567-1-4