ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО - Мэдээ
Буцах

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/04 13:22


Зураг Зураг Зураг Зураг Зураг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гарагт улс орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлт 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11:40 морин цагт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн төв байрны гадна талбайд ёслол төгөлдөр болж, МҮОНТ-ээр шууд дамжууллаа.
Өнөө жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар Монголын эх хэл, бичиг, соёлын сод зүтгэлтэн, үндэсний үзэл, сэтгэлгээний тод төлөөлөл, Монголын ард түмний суут хүмүүн, аугаа их эрдэмтэн, академич Еншөөбү Бямбын Ринчен абугайн мэндэлсний 120 жилийн түүхэн тэмдэглэлт тэгш ой тохиож байгаагаараа онцлог юм.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтэд Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, МУСГЗ Баярхүүгийн Ичинхорлоо, ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Их эрдэмтэн Бямбын Ринчений хүү, нэрт эрдэмтэн, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич Барсболд, Их эрдэмтэн Бямбын Ринчений ач хөвүүд болох хөшөөний эх зургийг гаргасан уран барималч Барсболдын Дэнзэн, Барсболдын Лигдэн, Академич Б.Ринчений шавь нарын нэг Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн, Академич Ринчений шавь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Балдандоржийн Сумъяабаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, их гүүш Готовын Аким, Академич Ринчений шавийн шавь нарын төлөөлөл, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам, Монголын Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Домийн Төмөртогоо нарын эрхэм хүндтэй зочид, оюутан залуус, сурагч багачууд, үндэсний бичиг соёлдоо элэгтэй уншигч олны төлөөлөл оролцов.
Хүндэт зочдын төлөөлөл их эрдэмтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний хүрэл хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш, оюутнууд “Монгол хэл” шүлгийг уншиж сонордуулснаар Үндэсний бичиг үсгийн баяр эхлэв. Их эрдэмтэн Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ой, Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас өчигдөр 5 дугаар сарын 03-ний өдөр хөшөөний өнгийг сэргээн засварласан юм.
Баярын ёслолын нээлтэд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал, МУСГЗ Б.Ичинхорлоо үг хэлж, цахим хэл шинжлэл, монгол бичгийн цахим бичвэрийн чиглэлээр ажилладаг “Болорсофт” ХХК-ийн захирал С.Бадрал "Хиймэл оюун ухаан ба монгол хэл бичгийн ирээдүй" сэдвээр товч илтгэл тавив. Мөн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр мэдээлэл хүртэх эх сурвалжийг өргөжүүлэх үүднээс Үндэсний Номын Сан өөрийн веб сайтын монгол бичгийн хувилбарыг олон нийтэд албан ёсоор нээлттэй болгов.
Үндэсний номын сангийн нэрэмжит Хүндэт тэмдгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, орчуулагч Готовын Аким, “Ном цом” шагналыг Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Сэндэнжавын Дуламын “Монгол соёлын тайлбар толь бичиг” номд, Монголын Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Домийн Төмөртогоогийн “Олон Улсын Монгол Судлал” 2 боть номд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Балдандоржийн Сумъяабаатар “Монголын нууц товчоон иж судалгаа” номд, Дархан-Уул аймгийн Төв номын санд тус тус олголоо.
Мөн Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулсан "Монгол бичгийн цахим бичвэр” улсын уралдаан, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит 23 дахь удаагийн “Монгол бичгийн улсын уралдаан”-д шалгарсан шилдэг оролцогчдын шагналыг энэ үеэр гардуулав.
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас “Монгол бичгийн өв” судар ном, сурвалж бичгийн үзэсгэлэнг нээж, энэ сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд толилуулж байна.
Хүрэлцэн ирсэн зочид Их эрдэмтэн Б.Ринчений хөшөөнд нийтээр цэцэг өргөснөөр нээлтийн ёслол өндөрлөж, номын сангийн Их уншлагын танхимд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар “Японд олдсон угийн бичгийг Монголынхтой зэрэгцүүлэн судалсан нь” илтгэл тавьж, таван ханатай гэрийн буурины чинээ хэмжээтэй “Сэцэн хан Шолойн угийн бичиг” хэмээх хамгийн том гэрийн үеийн бичмэлийг дэлгэн танилцууллаа.