Монгол номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг.

Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд овогт Сангижавын Жамьянгийн зохиосон судалгаа шинжилгээний ном бүтээлүүд МУҮНС-ийн сан хөмрөгт хадгалагддаг. Бид энэ удаа С.Жамъяан гүний зохиосон “Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг” хэмээх номыг танилцуулж байна.

Уг номд монгол хэлний цагаан толгой үсгүүдийг таниулан бичсэнээс гадна үсгүүдийг чанга, хөндий, саармагаар ялгаж, А-ийн эгшиг бүхий үсгийн амьтай үсэг, А-ийн эгшиг хассаныг нь амьгүй үсэг гэх мэтээр ялган бичжээ. Номын ард “Монгол улсын арван долоодугаар он бөгөөд (1927) Европын нэгэн мянга есөн зуун хорин долоодугаар он арван зургаадугаар машид гарсан хэмээх гал туулай жилд Монгол Ард Улсын Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамьян хэмээх нэгэн өвгөн зохион бичсэнийг “Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг” хэмээн нэрийдээд хэвд сийлүүлж Судар бичгийн хүрээлэнд тавивай” хэмээжээ.

С.Жамьян 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдон ажилласан бөгөөд 1924 оны 2 дугаар сард Судар бичгийн хүрээлэнг Дотоод явдлын яамны Сургуулийн хэлтэстэй нэгтгэн Ардыг гэгээрүүлэх хэргэм зэргээрээ олон түмний дунд ихэд алдаршиж, Жамьян гүн, Жамьян сайд хэмээн хүндлэгдэж байжээ.

С.Жамьян гүнтний бичиж зохиосон “Монгол үсгийн аймаг. Анхан сурах хөвгүүдийн оюуны амыг нээх Тодорхой толь хэмээгдэх оршвой”, “Монгол үсгийн ёсныг өчүүхэн төдий товчлон гаргасан байдал”, “Монгол үсгийн цагаан толгой оршвой”, “Урт өдрийн улиг үгний бичиг” зэрэг бүтээлүүд нь ардын сургуулийн анхны сурах бичиг, хэл бичгийн хичээлийн сургалтын хөтөлбөр болж байжээ. Мөн эдгээр бүтээлийн нэр адил төстэй боловч агуулгын хувьд өөр хоорондоо адилгүй, анхлан суралцагчдад сурахад илүү дөхөм болгон, тасралтгүй сайжруулан хэвлүүлж, сургалтад ашиглаж байсан байна.

МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөг.

Номын санч-мэдээллийн ажилтан Д.Нарантуяа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d