Монгол номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

Монгол хэлний яруу найруулга

МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөгт дунд сургуулийн сурагчдад зориулсан “Монгол хэлний яруу найруулга” хэмээх нэгэн ховор ном хадгалагдаж байна.

Уг номд хуучин үг, оньсого, сургаал, ерөөл зэрэг Ардын амны өгүүлэл үгийн зохиол, Оюун түлхүүр, Чингис Богдын есөн өрлөгүүдтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир, Гүнгийн зуугийн гэгээний сургаалаас анх бүлгийн нэгэн хэсэг, Шидэт хүүрийн үлгэр, Гучин хоёр модон хүний үлгэр, Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан ачит богд Гэсэр мэргэн хааны тууж зэрэг Хуучин цагийн зохиол, Үхэрч хөвгүүний байдал, Соёлыг гайхав, Мэгдсэн хүний байдал, Пионерын лагерь дээр, Хуучин хүү, Цагаан сар ба хар нулимс гэх мэт Шинэ үеийн зохиолуудаас хэсэгчлэн түүвэрлэн оруулж монгол бичгээр дармалласнаас гадна мөн зарим зохиолыг латин үсгээр бичжээ.  

Номын нүүр хэсэгт Ардыг гэгээрүүлэх яамны зөвлөлөөс хорин дөрөвдүгээр онд /1934/ Улаанбаатар хотод хэвлэв хэмээн бичжээ.

Номын төгсгөлд “Дундад сургуулийн багш нарт сануулах нь” хэмээх жижиг бичвэр бичсэн бөгөөд түүнийг сийрүүлбээс:

Тус улсын дундад сургуулиудад үзэх хэл бичгийн ном дэвтэр маш ховрын дотор ялангуяа үндэсний хэл бичгийн уран найруулга лугаа танилцуулах дэвтэр огт үгүйн улмаас олон сурагчдын сурлага хүмүүжилд үнэхээрийн их дутагдал гарч байх нь хэн бүхний өмнө илэрхий хэрэг бөлгөө. Учир иймийн тул энэхүү “Монгол хэлний яруу найруулга” хэмээх дэвтрийг загварчлан бэлтгэж хэвлүүлэн нийтэлбэй. Үүнд хурааж нийлүүлэн эвлүүлсэн зүйлүүдийг зүй нь нэгд нэгнээр хянан үзэж эмхлэн, туйлын дэс дараатайгаар гүйцэтгэх төдийгүй, монгол ардын хуучин шинэ аман зохиол хийгээд бичгийн уран сайхны зохиолуудыг шинжлэн судалж, аль өвтэгш шилдгийг шалгаруулан авч хураангуйлбаас зохих агсан боловч энэ хэр нарийн бүрнээр хураан шинжилж чадсангүй бөгөөд арга буюу энэ нэгэн удаа аль санаанд орсон хийгээд гарт дав дув тохиолдсон бага сага зүйлийг авч хэвлүүлсэн нь болмуй. Үүний нөгөө талаар эл дэвтэр хэдий дутагдалтай боловч заах багш нар ба унших сурагч нарт эрхбиш тус болмуй хэмээн итгэмүй. Бас эдгээр хураасан үлгэр өгүүлэл тус бүрийн доор учир утгыг ялган гаргасан тайлбар бичвээс зохих боловч хараахан завдсангүй тул харин заах багш нараас тухай бүр гүйцэтгэх буй за хэмээн сануулсугай.

Энэхүү унших дэвтэр болбоос дундад сургуулийн сурагчдыг үндэсний уран зохиолууд лугаа зөвхөн танилцуулах төдий оршил болох учраа зүйл бүрийн зохиолуудаас нэг нэгэн хэсгийг авч хэвлэсэн тул хэрвээ нөхдөөс сонирхвоос уул бүрэн зохиолыг нь авч өөрсдөө цааш гүнээ судлан уншихуйд бэлтгэл болгосон зорилготой болой.

Энэ дэвтрийг эвлүүлэн бичихүйд Улаанбаатар хотын дундад сургуулийн багш Жүрмэд, Авирмэд, Намсрай нараас туслалцсан бөгөөд ерөнхийлөн хянаж эвлүүлсэн нь Ишдорж болмуй” хэмээжээ.

МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөг

Ангилал 49 Мон М692

Данс 08002881

Мэдээлэл бэлтгэсэн: МУҮНС-ийн номын санч мэдээллийн ажилтан С.Гэрэлтуяа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d