Мэдээ, мэдээлэл

“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Номын сангийн холбоо хамтран 2022-2023 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлсэн нийтийн номын сангийн хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийн хаалтын үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо.
“Хил хязгааргүй номын сан” төслийн хаалтын үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэйти Смит, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Төрийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн, МУҮНС-ийн 2011-2014 оны захирал Х.Чилаажав, Соёлын гавьяат зүтгэлтэн, номын санч Д.Бямбасүрэн, төсөлд хамрагдсан, нийслэл ба орон нутгийн номын санчид зэрэг зочид оролцов.
Хаалтын үйл ажиллагаанд Элчин сайд, хатагтай Кэйти Смит, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар төслийн талаар үг хэлж, Олон улсын номын сангийн холбооны нарийн бичгийн дарга цахим мэндчилгээ дэвшүүлсний дараа Монголын Номын сангийн холбооноос төлийн үр дүнгийн талаар танилцуулга хийж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байв. Мөн Дундговь аймгийн номын санчийн зүгээс төслийн сургалтад хамрагдсан үр дүн, сэтгэгдлээ илэрхийлэхийн сацуу хөдөөгийн номын санд тулгамдаж буй асуудал шийдлийн танилаар танилцууллаа. Төгсгөлд нь Австралийн ЭСЯ-ны зүгээс Дорнод, Дундговь аймгийн нийтийн номын сангуудад шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн юм.
Энэхүү төслийг Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд 2022 оны 9 дүгээр сард эхлүүлж, 1 жил 3 сарын хугацаанд орон даяар хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд Австралийн Элчин сайдын яам, номын сангийн мэргэжлийн хамтарсан баг 20 мянга гаруй км зам туулж, 21 аймагт хүрч ажиллан 800 гаруй номын санчид чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулж, нийтийн номын сангийн хүүхдийн номын сан хөмрөгийг шилдэг бүтээлээр баяжуулж, нөхцөл байдлын суурь судалгаа хийлээ.
Сургалтаар Австралийн нийтийн номын сангийн шилдэг туршлага, иргэний номын сан, хэрэглэгч төвтэй үйлчилгээний загварыг номын санчидтай хуваалцаж, орон нутгийн номын санд тулгамдаж буй асуудал, гарц шийдлүүдийг оролцоонд тулгуурлан гаргаж, харилцан туршлага солилцсон юм.
Мөн аймгийн нийтийн төв номын сан, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн номын сангийн хүүхдийн номын сан хөмрөгийг шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүх, утга зохиол, хүний хөгжлийн шилдэг бүтээлүүдээр баяжуулж, хүүхэд багачуудад үлгэрийн цаг хөтөлбөрийг зохион байгуулав.
Төслийн хүрээнд олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэл рүү хөрвүүлж, технологийн дэвшлийг ашиглан мэдээлэл, туршлага солилцох, нийтийн номын сангийн нэгдсэн платформыг хөгжүүлж байна.
Төслийн танилцуулга видеотой танилцана уу:    https://youtu.be/FwG3olOZ5_w

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Үүнийг сонирхоорой
Close
Back to top button
%d