Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/10/06 · Мэдээ

МОДОН БАРЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

"Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр-Салбар номын санд болж байна.
Хурлыг нээн Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо үг хэлж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын Ахлах зөвлөх С.Сайнбаяр сайдын мэндчилгээг хуралд оролцогчдод уншиж сонордуулав. Мөн хурлын хамтран зохион байгуулагч Солонгос Судлалын Хүрээлэн (KSI)-ийн дэд ерөнхийлөгч Хунг Согпюу (Hong Seogpyo) үг хэлж, БНХАУ-ын Янжоу хотын Янжоу музейн захирал Шу Жиамин цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сан, БНСУ-ын Солонгос Судлалын Хүрээлэн, Модон барын хэвлэлийн олон улсын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Дэлхий дээр модон барын соёл уламжлалтай долоон улс бийгээс "Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнам гэсэн таван орны төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.
Хурлын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин бар хэвүүдийн дээжээс сонин содон үзэсгэлэн дэглэн хурлын төлөөлөгчид болон олон нийтэд толилуулж байна.
Эрдэмтэн судлаач, эрхэм уншигч Та бүхнийг "Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд морилон саатахыг урья