Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/10/08 · Мэдээ

МОДОН БАРЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр-Салбар номын санд болж өндөрлөлөө.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сан, БНСУ-ын Солонгос Судлалын Хүрээлэн, Модон барын хэвлэлийн олон улсын холбоо хамтран зохион байгуулсан юм.
"Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнам гэсэн таван орны төлөөлөл болсон 24 эрдэмтэн судлаач 21 илтгэл хэлэлцүүлэв.
Хурлын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин бар хэвүүдийн дээжээс үзэсгэлэн дэглэн хурлын төлөөлөгчид болон олон нийтэд толилуулахын зэрэгцээ монголчуудын бар хэвлэлийн өв, түүний төрөл зүйлүүдийг таниулан сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахын үүднээс “Монгол Улсын Үндэсний Номын сан дахь модон бар” каталог номыг эрхлэн хэвлүүлсэн билээ.
Тус эрдэм шинжилгээний хурал нь олон улсаас эрдэмтэн судлаачид, куратор, номын сан болон соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, модон бар хэвийн баримтат өвийг хадгалж хамгаалах шилдэг сайн туршлага, шинэ тутам гарч ирж буй орчин үеийн технологи, арга зүй болон хамтын ажиллагааны нэгдсэн стратегийн талаарх салбар хоорондын хэлэлцүүлэг хийх боломжийг олгож байна. Түүнчлэн гар бичмэл болон модон барын хэвлэмэл ном судрын өвийн судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.
Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Ерөнхий номын санч Т.Баярлах дүгнэлтийг уншиж сонордуулан илтгэгч, оролцогчдод гарын бэлэг гардуулснаар ОУЭШХ өндөрлөж, амжилттай зохион байгуулагдлаа.