Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/10/07 · Мэдээ

"МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН ДАХЬ МОДОН БАР" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

"Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан бүтээсэн "Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь модон бар" номын нээлт өнөөдрийн хурлын үеэр боллоо.
МУҮНС-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй модон хэвүүдийг бүрэн бүртгэх явцдаа монголчуудын бар хэвлэлийн өв, түүний төрөл зүйлүүдийг таниулан сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахын үүднээс тус номын сангийн эрдэмтэн судлаач-номын санчид 108 ширхэг хэвийг дээжлэн авсныгаа тайлбар сэлт үйлдээд, Номын бар, Тарнийн бар, Зурагт бар, Зан үйлийн бараар нь төрөлжүүлэн бүлэглэж, зурагт цомог болгон бүтээжээ.
Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь модон барын өвүүдийг анх удаа дээжлэн толилуулж буй энэхүү ном түүх, соёл, урлахуй ухааны эдгээр үнэт өвүүдийг олон нийтэд танин мэдүүлэх, цаашид судалгаа шинжилгээний эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр болно гэж номын сангийн захирал Б.Ичинхорлоо тодотгосон юм.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо шинэ бүтээлийн дээжээс ном бүтээхэд оролцсон багийн гишүүд болон ОУЭШХ-ыг хамтран зохион байгуулагч, оролцогч гадаадын байгууллагууд болох Солонгос судлалын хүрээлэн, Вьетнамын Үндэсний их сургууль, Германы Рурын их сургууль, Японы Киотогийн их сургууль, хуралд хүрэлцэн ирсэн дотоодын зочин байгууллага ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, ЮНЕСКО-ын Монголын Үндэсний комисс, Соёлын өвийн Үндэсний төв, Хүүхдийн төв номын сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Америкийн Монгол судлалын төв, Монголын Номын Сангуудын Консерциум, Зүүнхүрээ Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Жүд дацан, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн төлөөлөлд гардуулан өглөө.