Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/09/24 · Мэдээ

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2026

намрын номын баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас эрхлэн гаргасан “MARC21 форматад суурилсан каталогжуулалтын гарын авлага” номын нээлт 2026 оны 9-р сарын 18-ны өдөр Салбар номын санд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, Монголын номын сангуудын консорциум, Парламентын номын сан, АШУҮИС, ШУТИС, МУИС, СУИС, МУБИС, ХААИС, Шинэ Анагаах ухааны ИС, ДХИС, БХИС, Этүгэн Их сургуулиудын Номын сангууд, Монгол Ардын намын номын сангийн төлөөллүүд болон Соёлын дээд сургуулийн багш нарын нийт 40 гаруй хүн оролцлоо.
Үйл ажиллагааг МУҮНС-ийн Ерөнхий номын санч Т.Баярлах нээж, үг хэлсэн бол Номын зөвлөхөөр ажилласан Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга үг хэлж, номын ерөнхий редактор АНУ-ын Өмнөд Дакота Мужийн Их сургуулийн Техникийн үйлчилгээний албаны дарга дэд профессор Д.Энэрэлийн видео мэндчилгээг дамжууллаа.
Тус гарын авлагыг Олон улсын MARC21 форматын талаар мэдлэг, практик туршлагатай нийтийн болон их, дээд сургуулийн номын сангийн мэргэшсэн каталогчдоос санал, зөвлөгөө авч, энгийн, ойлгомжтой, хялбар байхаар хэрхэн зорьж боловсруулсан тухай МУҮНС-ийн арга зүйч Г.Баяртуяа танилцууллаа.
Энэхүү гарын авлагын давуу тал нь:
• Цогц мэдээлэл: MARC21 форматын үндсэн ойлголтоос гадна ном зүйн болон баталгаажсан бүртгэлийг багтаасан.
• Олон улсын стандарт: Гол талбар, илтгүүрүүдийг англи нэршлээр нь харьцуулан, орчуулж тайлбарласан.
• Практик заавар: Каталогжуулалт хийх алхмуудыг Коха систем дээр жишээгээр харуулсан.
• Санамж, зөвлөмж: Алдаа гаргахаас сэргийлж зайлшгүй анхаарах хэсгүүдийг тусгайлан тэмдэглэсэн.