Буцах
"ИРВЭСИЙН НАЙЗУУД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/22 11:28
Цоохор ирвэс нутагладаг дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг 2013 оны 10 дугаар сард баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Залуучууд” цэнгээнт нэвтрүүлгийн алба, Монгол Улсын Үндэсний номын сан, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Улаанбаатар хотод амьдардаг хүүхэд багачуудад ирвэсийн экологийн ач холбогдол, зан төлөв, амьдралын онцлог, бүс нутаг, идэш тэжээл, аюул заналын талаар мэдлэг ойлголт олгож, хамгаалах арга зүйг таниулан сурталчлах зорилгоор “Ирвэсийн найзууд” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Нийслэлийн Ерөнхий боловсролын 5, 84, 116, 29, "Уудам Монгол" сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож, танин мэдэхүйн АХА тэмцээнээр ирвэсийн талаарх мэдлэгээ сорин “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж, цоохор ирвэсийн талаарх мэдлэгээ сургуулийнхаа эко клубын сурагчидтай хуваалцаж “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-өөр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргалаа.
Сурагчдад “Цоохор найз” номын зохиолч Ю.Санжаагончиг номоо танилцуулан ирвэсийн талаарх мэдлэгээ хуваалцаж, Биологич, залуу судлаач н.Тэмүүлэн “Цоохор ирвэсийн амьдралын онцлог, идэш тэжээл, аюул занал, хамгаалах арга зүй” сэдэвт сургалт орж, “Уудам Монгол” сургуулийн багш Г.Оюун-Эрдэнэ сургуулийнхаа эко клубийн үйл ажиллагааг танилцууллаа.