Буцах
“Монголын номын сан – 100жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Ангилал: Мэдээ
Огноо: 2021/11/17 21:23
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100-н жилийн ойд
зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11 дүгээр сарын 15-нд
боллоо.
1921 онд Монгол Улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сангийн үүд
хаалга нээгдэж, 100-н жилийн түүхэн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын
сангууд олноор байгуулагдан соёлын үйлчилгээний хүрээ хүртээмжийг
нэмэгдүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ
оруулсаар иржээ.Энэхүү хурлыг нээн Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг
хэлсэн үгэндээ, “Ардын хувьсгалтай энэ чацуу орчин цагийн номын сан үүсэж
хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Монгол Улсын Засгийн газар энэхүү түүхэн ойд ач холбогдол өгч 2020 оны 250
дугаар тогтоолоор “Орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой”-г
тэмдэглэх түүхэн шийдвэр гаргасан юм.Тэртээ 100 жилийн өмнө ардын хувьсгал ялж, монголчуудын өмнө хүн төрөлхтний
соёл иргэншилтэй танилцах үүд хаалгыг нээсэн орчин цагийн номын сангийн суурь
тавигдаж байсан бол өдгөө өнөр олуулаа болж 1500 гаруй номын сан улс орон
даяар хүн ардад ном, мэдээллээр үйлчлэх, соён гэгээрүүлэх үйлсийг дэлгэрүүлэх
үүргийг нэр төртэй биелүүлж байна.
Соёлын сайд төв, орон нутаг, бүх шатны боловсролын байгууллагын болон бусад
номын сан, нийт уншигчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг
баталсны нэг ажил болох “Монголын номын сан-100 жилд” олон улсын эрдэм
шинжилгээний хурлаар орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн
баярын арга хэмжээ эхэлж байгаад баяртай байна.Түүхэн тэгш ой тохиож буй энэ долоо хоногт монголын номын санчдын улсын 8
дугаар зөвлөгөөн, баярын хүндэтгэлийн хурал, “Хүртээмжтэй номын сан” өдөрлөг,
“Хүүхэд-ном” экспо, номын сангийн гурван үеийн уулзалт зэрэг олон арга хэмжээг цахим болон танхимаар орон даяар зохион байгуулагдаж, номын сангийн салбарынхан маань ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэнэ” гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлаар монголын болон ОХУ, Унгар, БНХАУ-ын эрдэмтэд оролцож,
“Монгол Улсын Үндэсний номын сан бол монгол үндэстний бичгийн өв соёлыг хадгалагч,
түгээн дэлгэрүүлэгч болох нь”, “Монголын номын сан-100 жилд” гэсэн 2 сэдвийн хүрээнд
номын сангийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөвийг судалгааны үндсэн дээр хэлэлцэж
байгаагаараа онцлог юм.