МУИС-ИЙН ОЮУТНУУД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТАНИЛЦАВ - Мэдээ
Буцах

МУИС-ИЙН ОЮУТНУУД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТАНИЛЦАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/11/03 17:52


Зураг
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/, Хууль зүйн үндэсний хүрээлэн /The National Legal Institute/-тэй хамтран Үндэсний номын сангийн 308 тоот танхимд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж байгаа. Уг танхимд сонгуультай холбоотой ном товхимол, дата мэдээлэл, судалгаа шинжилгээний бүтээл цаасан болон цахим хэлбэрээр байршуулсан. Мөн санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдэлтэй танилцан, турших боломжтой.
Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилготой уг танхим судлаач, оюутан, иргэдэд нээлттэй.
“Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” нээгдсэнээс хойш их, дээд сургуулийн улс төр судлал, эрх зүйн ангийн оюутнууд дадлага хичээл хийж, сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцаж байгаа.
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Шинжлэх ухааны сургуулийн улс төр, сэтгүүл зүйн ангийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд өнөөдөр (2025.11.03) уг танхимд цуглаж Сонгуулийн ерөнхий хороо, сонгууль зохион байгуулах үйл явц, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Ц.Номин, Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтэн Э.Мөнх-Од нар оюутнуудад танилцуулга, мэдээлэл хийсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг, хууль, тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл авсны дараа оюутнууд сургалтын саналын хуудас тэмдэглэж, санал тоолох төхөөрөмжид уншуулав.
Оюутнууд санал тоолох төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонгуулийн үйл явцыг бодитоор туршин, эргэлзээтэй асуултууддаа хариулт авч чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг