Буцах
Мөнгөн хуудастай сандуйн жүд судар.
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/11/07 18:01
Мөнгөн хуудастай сандуйн жүд судар нь Монголчууд ном эрдмийг хэрхэн дээдэлж байсны нэгэн том жишээ юм.
XIX зууны сүүлээр Богд хан уулын өвөрт байрлах Манзушир хийдэд Дагва тэргүүтэй уран дархнууд, сүсэгтэн олны хандиваар бүтээжээ. Хожим уг судрыг Манзушир хутагт Цэрэндорж эзэмшиж байсныг Богд хааны номын санд залж, 1924 онд Үндэсний номын санд шилжүүлснээр өдгөө Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд залагдаж олон нийт үзэх боломжтой болсон юм.
Мөнгөн хуудсыг хөөмөлдөж бичвэрийг алтадсан бөгөөд нийт 1460 лан буюу 52 кг 560 гр алт, мөнгө орсон хэмээдэг. Хуудас бүрийг суман модон хавтсанд суулгаж, 50 орчим хуудсанд бурхны дүрийг товойлгон урлажээ. Ханд дагинасын дүрийг торгон утсаар хатгаж оёсон нь судрыг хамгаалах, гоёж чимэглэх зориулалттай.
1995 онд Монгол Улсын Засгийн газрын 241-р тогтоолоор Мөнгөн хуудастай сандуйн жүд судрыг түүх, соёлын "Хосгүй үнэт өвд" бүртгэсэн.
Сандуйн жүд судартай учирвал өөрийгөө Оройн дээд Очирдарь бурхантай нүүр тулсан мэт мэдэрч, үйлсээ даатган ихэд сүсэглэн биширдэг байжээ.