МУИС-ИЙН ОЮУТНУУД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТАНИЛЦАВ - Мэдээ
Буцах

МУИС-ИЙН ОЮУТНУУД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТАНИЛЦАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/11/10 18:06


Зураг
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн зуу гаруй оюутан өнөөдөр (2025.11.10) Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг, санал тоолох төхөөрөмжтэй танилцан, туршилтын санал хураалтад оролцов.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв болон Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид оюутнуудыг Үндэсний номын сан дахь “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-д хүлээн авч мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Улс төр судлалын тэнхимийн Ерөнхий суурийн Улс төр судлалын үндэс хичээлийг судалж буй оюутнуудад сонгуулийн тогтолцоо, хууль тогтоомж болон сонгуулийн байгууллагын хөгжил, чиг үүргийн талаар танилцуулж, санал тоолох төхөөрөмжийн иж бүрдэл, үйл ажиллагааг нь тайлбарлан таниулж, сургалтын саналын хуудас бөглүүлж, туршуулсан юм.
Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний номын сан хамтран ажиллуулж байгаа “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” дахь ном товхимол, эмхэтгэл, дата мэдээллийг сонирхсон оюутнууд тус танхимд сонгуулийн эрх зүйн талаар уулзалт, хэлэлцүүлэг сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
МУИС оюутнуудаа Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцуулах, мэдээлэл авах чиглэлээр зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Зураг Зураг Зураг Зураг