Буцах
"ОЙГ ТАНИН МЭДЭХҮЙ" СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/22 19:07
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 онд 3 сарын 21-ний өдрийг Олон Улсын Ойн өдөр хэмээн тунхаглан зарласан. Тэмдэглэлт өдрийн уриа жил бүр өөр байдаг онцлогтой. 2026 онд “Ой ба эдийн засаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өсвөр үеийнхэнд ой модны байгаль дахь ач холбогдол, эко систем дэх онцлог, монгол орны ойн нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, ойн чиглэлээр аж ахуй эрхлэгч байгууллагуудын инновацын бүтээгдэхүүний танилцуулга хийх, мэргэжил сурталчлах, байгаль орчны чиглэлийн дэлхийн болон олон улсын тэмдэглэлт өдрийн ач холбогдол, эко клубын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын талаар таниулах зорилгоор Үндэсний номын сан, Оюуны хөгжлийн институт ТББ, GIZ Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Хүлэмжийн шийдэл ТББ, Бадамлянхуа хүүхдийн төв хамтран ОЙГ ТАНИН МЭДЭХҮЙ сургалт, өдөрлөг зохион байгууллаа.
“Ой ба түүний үнэ цэнэ” сэдвээр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын дарга, доктор (Ph.D) Ц.Ганчөдөр,
“Ойн цэвэрлэгч" сэдвээр ШУ-магистр "О.Дуламсүрэн
“Био туршилт ба бичил биетний орлуулагч” сэдвээр Микро Ворлд ХХК-ийн Судалгаа шинжилгээний төвийн эрхлэгч, АУ-магистр О.Бүдханд
“Дэлхийг аврах миний мэргэжил” сэдвээр Ой зүйч С.Баярбаатар
“Ойгоор аялцгаая” сэдвээр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Сийлэгмаа
“Эко клубийн үйл ажиллагаа, сайн туршлага” сэдвээр Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн эко клубийн багш Б.Эрдэнэбямба илтгэл тавьж, Ой зүйч С.Баярбаатар Мод арчлах арга зүйн зөвлөмж өглөө.
Өдөрлөгт оролцсон сурагчид Германы байгалийн кино найруулагч Яан Хаафтын “Ногоон гайхамшиг – Бидний ой” танин мэдэхүйн баримтат кино үзэв.