Буцах
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ОРЧУУЛСАН МАРКО ПОЛОГИЙН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/10 11:19
-Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд-
Их зохиолч Д.Нацагдоржийн орчуулсан, Марко Пологийн аяллын тэмдэглэлтэй холбоотой ховор гар бичмэл Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна. Энэхүү орчуулгыг 1902 онд Германд хэвлэгдсэн, Марко Пологийн аяллын тэмдэглэлийн герман хэлээрх хувилбарыг эх болгон 1930 онд орчуулжээ.
Марко Пологийн аяллын тэмдэглэл нь Европ, Америк, Англи болон Азийн олон оронд хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр орчуулагдан тархсан, түүхийн чухал эх сурвалж юм. Харин Д.Нацагдоржийн орчуулга нь уг эх бүтээлийн хураангуй хэлбэрт тулгуурласан, аяллын тэмдэглэлийн шинжтэй бүтээлд тооцогдох юм. Мөн олон төрлийн судалгааны материал, эртний ном судраас эшлэл авсан бөгөөд ашигласан эх сурвалжуудаа бүтээлийн төгсгөл хэсэгт жагсаасан байдаг. Энэ нь уг бүтээлийг судалгааны ач холбогдлыг ихэсгэдэг хэмээн Үндэсний номын сангийн Гар бичмэл, монгол судлалын сан хөмрөгийн номын санч Ч.Гансүх тодотгож байна.
“Их хааны ордонд” хэмээх 273 нүүр бүхий энэ бүтээлийг Д.Нацагдорж бийрээр хичээнгүй бичсэнээрээ гайхамшигтай юм.
Номын нүүрэнд “Их хааны ордонд” хэмээх Итали Улсын Марко Пологийн Төв Ази ба Дундад улсаар аялан явсан өгүүлэл гэсэн нэрийг гараар бичжээ. Улаан даавуун хавтастай, хэмжээний хувьд ойролцоогоор нэг талдаа 20 гаруй, нөгөө талдаа 30 гаруй сантиметр, үсэн бийрээр бичжээ.
Уг ном 20 гаруй хуудас бүхий орчуулагчийн өмнөх үгтэй бөгөөд түүнд Марко Поло гэж хэн болох, зохиолын агуулга, ач холбогдлыг тайлбарласан байна. Мөн төгсгөл хэсэгт тусгай тодорхойлолт хавсаргаж, бүтээлд гардаг 20 гаруй хот суурин болон нэр томьёог тайлбарлажээ. Гэхдээ уг бүтээл нь зөвхөн Хубилай хааны ордноор хязгаарлагдахгүй, XIII-XIV зууны үеийн монголчуудын ёс заншил, аж ахуй, онцлог байдал, эрхэмлэдэг үнэт зүйлс, идээ ундаа зэрэг маш өргөн агуулгыг хамардаг.
Д.Нацагдорж уг бүтээлийг орчуулахдаа тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал, ард түмний ёс заншил, хэл яриа, нэр томьёог тухайн цаг үеийнх нь утга агуулгаар нарийвчлан буулгаснаараа онцлог юм.
Уг номыг орчуулж дууссан 1930 он гэдэг бол Д.Нацагдорж 1929 оны хавар Германаас эх орондоо ирсний дараах үе бөгөөд жил гаруйн хугацаанд “Их хааны ордонд” бүтээлийг орчуулж дуусгажээ.