“АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ - Мэдээ
Буцах

“АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/04/15 15:20


No Image
Монголын анхны сурагч, оюутнууд өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан "Алсан газар сурахаар одогсод: 100" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар, Гадаад харилцааны төв архив зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

"Алсан газар сурахаар одогсод: 100" үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгөөс архивын баримтууд, захидал цахилгаан, “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-ны үйл ажиллагаанд холбогдох албан бичгүүд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс газрын зураг, бичгийн машин, зурагт хуудас зэрэг үзмэрийн зүйлс, Гадаад харилцааны төв архиваас сурагчдын гадаад паспорт, Герман, Франц улсын зохих байгууллагуудтай харилцсан албан бичгүүд, ТЕГ-ын Тусгай архиваас хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд, МУҮНС-аас багш Б.Ишдорж, Д.Буддарь нарын бичиж хэвлүүлсэн ном зохиол, аян замын тэмдэглэл, түүнчлэн 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл, үр хүүхдүүдийн гар дээр хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд тавьсан гэрэл зургуудыг судлаач, сэтгүүлч Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас үзмэр дэглэн толилуулжээ.

Үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.