НОМЫН ТАНИЛЦУУЛГА: Sur la pierre blanche | Цагаан чулуун дээр - Мэдээ
Буцах

НОМЫН ТАНИЛЦУУЛГА: Sur la pierre blanche | Цагаан чулуун дээр

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/04/16 10:49


Зураг
Номын нэр: Sur la pierre blanche
Зохиолч: Anatole France Thibault
Хэвлэгдсэн он: 1918
Төрөл: Философийн роман
Хэл: Франц
Ангилал: 84/F 85
Данс: 005000016618
Хуудасны тоо: 320

Зохиолчийн талаар:
Өнөөдрөөс яг 182 жилийн өмнө 1844 оны 4-р сарын 16-ны энэ өдөр Францын Нобелийн шагналт зохиолч Анатоль Франс Тибо Парис хотноо мэндэлжээ. Тэрээр сатира, философийн өнгө аяс бүхий бүтээлүүдээрээ алдартай.

Түүний эцэг Францын хувьсгалтай холбоотой ном, сонин, шог зураг, гарын үсэг зэрэг материал худалдаалдаг номын дэлгүүр ажиллуулдаг байсан нь Анатольд ном зохиол, эрдэм мэдлэгт шунан дурлах сэтгэлийг төрүүлсэн төдийгүй эцгийн номын сангаас хувьсгалын тухай олж авсан мэдлэг нь түүний хэд хэдэн роман, богино өгүүллэг, тухайлбал түүний оргил бүтээл гэж тооцогддог “Les dieux ont soif” буюу "Бурхад цангаж байна" өгүүллэгийн суурь болсон юм.

Жүжигчин Элиз Девуоёдод дурлаж, түүнд зориулан хэд хэдэн шүлэг бичсэн ч татгалзсан хариу авч, түүний уран зохиолын карьер яруу найргаас эхэлжээ. Тэрээр 1876 оноос 1890 он хүртэл Сенатын номын санд хяналтын номын санч, 1887 оноос “Le Temps” сонинд утга зохиолын шүүмжлэгч зэрэг ажлуудыг хийж байгаад 1896 онд Францын хамгийн шилдэг зохиолч, сэхээтнүүдийг гишүүнээр авдаг “Académie française”-ын гишүүнээр сонгогдож. 37 наснаасаа эхлэн роман бичиж эхэлсэн бөгөөд анхны роман "Сильвестр Боннарын гэмт хэрэг" бүтээл түүнд Францын Академийн “Монтион” шагналыг авчирсан.

Колоничлолыг хүчтэй эсэргүүцдэг байсан Анатоль Франс 1904 онд Жан Жорес хэмээх сонины эрхлэгчтэй хамтран “L'Humanité” сониныг үүсгэн байгуулж, тэр сониндоо хувьсгалч үзэл баримтлалтай нийтлэлүүдээ хэвлүүлдэг байсны дээр “Sur la pierre blanche” буюу “Цагаан чулуун дээр” бүтээлээ сониныхоо анхны дугааруудад нийтэлсэн байдаг.

Анатоль Франсын бүх уран бүтээлийг дүгнэж, 1921 онд Утга зохиолын Нобелийн шагнал олгосон байна. 1924 оны 10-р сарын 12-нд La Béchellerie хэмээх газарт нас барсан. Анатоль Франсыг нас барсныг сонсоод Парламентын танхимын дарга Поль Пенлеве: “Хүний оюун ухааны түвшин тэр шөнө буурсан” гэжээ.

“Sur la pierre blanche” бүтээлийн тухай:
“Sur la pierre blanche” нь хүний хувьсал, арьс өнгөөр ялгаварлах үзэл, колоничлол, мөн ирээдүйг урьдчилан таамаглах хязгаар зэрэг сэдвүүдийг судалсан философийн бүтээл юм.

Үйл явдал эртний Ром хотод өрнөх бөгөөд таван франц найзын яриа, хэлэлцүүлгээр өрнөнө. Тэд Ром хотод цуглаж, хүн төрөлхтний ирээдүй ямар байх, шинжлэх ухаан хөгжих тусам нийгэм сайжрах уу, эсвэл муудах уу, шударга нийгэм байгуулах боломж бий юу гэх зэргээр яриа өрнүүлнэ. Уг зохиолд үйл явдал бага ч гүн ухааны яриа, үзэл их тусгасан. Эцэст нь зохиолыг уншсанаар хүний дотор оршин байдаг, хариулт нь бүрэн олддоггүй асуултуудыг дахин сөхөж, тэдгээрийн утгыг зүрх сэтгэлээрээ эргэцүүлэн бодох боломжийг олгодог юм.
Зураг Зураг Зураг Зураг