Буцах
"СУДАР БИЧГИЙН МЭРГЭД" ҮЗЭСГЭЛЭН ГАРНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/05/02 19:31
Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнг нээнэ. Тодруулбал, 2026.05.03-ны ням гаргийн 11:40 морин цагт Төв номын сангийн Үнэт ховор номын музейд болох Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр эл үзэсгэлэнг нээж, олон нийтийн хүртээл болгоно.
Өнөө жил Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи ба Үндэсний Номын Сангийн эх үүсгэл болсон Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой тохиож буй бөгөөд эл ойн жилд зориулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас номын сангийн түүхэнд холбогдох цуврал үзэсгэлэнг гаргахаар төлөвлөсний эхнийх нь Судар бичгийн хүрээлэнгийн дэргэдэх номын санд холбогдох "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэн болж буй юм.
"Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнд хувийн номын сангаасаа 2000 номоор номын сан байгуулж, орчин цагийн номын сан, Үндэсний Номын Сангийн үүсгэлийг тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд болох дарга Онход Жамьян гүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулж байна.
Эрхэм уншигч, бичиг соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн Та бүхнийг хүрэлцэн ирж, үзэсгэлэнд саатан морилохыг урьж байна.
Үндэсний бичиг үсгийн баярын мэнд дэвшүүлье!