“ХУТАГТ, ЛАТТИМОР ХОЁР: ТИВ ДАМНАСАН ӨВ” ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА - Мэдээ
Буцах

“ХУТАГТ, ЛАТТИМОР ХОЁР: ТИВ ДАМНАСАН ӨВ” ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/05/14 13:38


Зураг
Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд олон нийтэд дэлгэн толилуулах “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний Номын Сан хамтран зохион байгуулж байна.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төсөл нь Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, төрийн сайд Дилав хутагт Жамсранжав хийгээд түүний итгэлт нөхөр, Америкт монгол судлалыг үндэслэсэн нэрт эрдэмтэн Оуэн Латтимор нарын насан туршийн нөхөрлөл хийгээд тэдний амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, тив дамнан үлдээсэн өвийг дэлгэрүүлэх, таниулан сурталчлахад чиглэж буй юм.

Төслийг Америкийн Монгол Судлалын Төв, “Дилав хутагт” сангаас санаачлан Монголын Үндэсний Музей, Үндэсний Номын Сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музейтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн дэглэгч (куратороор) Монгол Улсын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн ажилласан юм.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв”олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөгөөс Дилав хутагтын уг язгуурыг тодруулсан Энэтхэгийн 84 шидтэний намтар, Дилав хутагтын цадиг дуулал, Монгол Улсын Шастир (1918) дахь Дилав хутагтын намтар, хутагтын төрж мэндэлсэн Засагт хан аймгийн Цогтой вангийн хошууны нутгийн зураг (1921) зэрэг барын болон гар бичмэл судар ном, данс хараа, газрын зураг зэрэг ховор үзмэрүүдээс гадна Монгол судлалын сан хөмрөгт буй Оуэн Латтиморын бичиж туурвисан монгол судлалын ном бүтээл, орчин цагийн хэвлэмэл номуудаас Дилав хутагт ба Оуэн Латтиморт холбогдох эрдэм шинжилгээ, судалгаа, намтар судлал, утга зохиолын бүтээл туурвилуудыг дэлгэн оролцууллаа.

Тус үзэсгэлэнд гадаадаас АНУ-ын Харвардын их сургуулийн Пийбоди археологи, угсаатны зүйн музей, Жонс Хопкинсын их сургуулийн архив, Йэлийн их сургуулийн Цахим архив, Пенсильванийн их сургуулийн музейн Загадинов архив, Конгрессийн номын сангийн гар бичмэлийн тасаг, Шведийн Уппсала их сургуулийн номын сан, М.Саруул-Эрдэнэ (АНУ), Төвчүүд Байгал (Япон)-ын хувийн цуглуулга, дотоодоос Завхан аймгийн музей, Үндэсний Төв Архив, Үндэсний Номын Сан, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архив зэрэг их сургууль, номын сан, музейн сан хөмрөг болон Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагуудын баримт материалуудаас дэлгэн толилуулж байгаа билээ.

Түүнчлэн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол Судлалын Төвд 2024, 2026 онд хандивласан зургийн цомгууд онцгой байр суурийг эзэлж буй. Төслийн хүрээнд олон улсын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсны дотор онцгой хүндэт зочноор Оуэн Латтиморын хүү буюу Дилав хутагтын Батбилиг нэрийг хайрлаж адислан загалмайлсан эцэг хүү бололцсон Дэвид Латтиморын охин Энн Латтимор Прайс хүрэлцэн ирж, Дилав хутагтын ховор нандин гэрэл зургууд, өв дурсгалуудыг өөрийн гэр бүлд үе дамжуулан хадгалж ирснийгээ үзэсгэлэнд зориулан авчирсны дотор Дилав хутагтаас Оуэн Латтиморын гэр бүлд үе дамжин өвлөгдөж ирсэн эрхэм нандин өв болох хөөргийг Монголын ард түмэнд хүлээлгэн өгч, Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжүүлсэн юм.

Дилав хутагт Жамсранжав, Оуэн Латтимор нарын амьдрал, үйл хэрэг, XX зууны Монголын аж амьдралыг харуулсан түүхэн гэрэл зургууд, холбогдох эд өлгийн зүйлс, АНУ, Монгол Улсын тэргүүлэгч их сургууль, музей, номын сан, судалгааны байгууллагад буй архивын баримт, захидал, эх үзмэрүүдийн дээжээс олон нийтэд толилуулах “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 12-ныг дуустал Монголын Үндэсний Музейд гарах бол олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 5 дугаар сарын 12, 13-ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд хоёр өдрийн турш олон нийтэд нээлттэй зохион байгуулагдлаа.

Төслийн хүрээнд хуралд оролцогч олон улсын эрдэмтэн судлаачид, төслийн оролцогч талуудын төлөөлөл Завхан аймагт ажиллаж, олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн бичил хувилбарыг аймгийн музейд гаргах, боловсрол, соёл, танин мэдэхүйн цогц үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг